Гаалийн байцаагчдын биед халджээ

Хуучирсан мэдээ: 2013.12.24-нд нийтлэгдсэн

Гаалийн байцаагчдын биед халджээ

Гаалийн ерөнхий газраас албан үүргээ гүйцэтгэж буй албан хаагчтай зүй бус харьцсан,  аливаа зөрчилтэй хатуу тэмцэх болсоноо өнөөдөр мэдэгдлээ. Учир нь ГЕГ-ын харьяа Буянт-Ухаа дахь гаалийн газрын улсын байцаагчдын биед халдсан үйл явдал болсон талаар албаныхан мэдээллээ.

Тодруулбал, өчигдөр тус газрын улсын байцаагчид хуулиар хүлээлгэсэн албан үүргээ гүйцэтгэж байхад нь Улаанбаатар төмөр замын Москва хотод суух суурин төлөөлөгч н.Пүрэвбаатар гэгч гаалийн хяналтын бүсэд зөвшөөрөлгүй дайран орж ирсэн байна. Тухайн үед ажлаа хийж байсан гаалийн улсын байцаагчид Гаалийн хяналтын бүснь тусгай дэглэм бүхий зайлшгүй зөвшөөрөл авч байж нэвтрэх бүс гэдгийг хэлж, шаардлага тавихад “Муусайн гаалийн ажилтнууд та нар хэн юм бэ? Та нар намайг яах юм бэ? Бүгдийг чинь гаалийн албанаас халуулна, ажилтай чинь ярина” гэх зэргээр зохисгүй авирлан, хэл амаар доромжилж, албан ёсны шаардлага тавьсан гаалийн улсын байцаагчийн эрх чөлөөнд  халдан, зодож танхайран гэмтэл учруулсан байна. Одоогоор энэ хэргийг цагдаагийн байгууллагад шилжүүлэн шалгуулж байгаа ажээ.

Мөн энэ сарын 11-ний өдөр Гаалийн ерөнхий газрын харьяа Улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газрын Буянт-Ухаа дахь салбарт Монгол-Солонгосын хамтарсан Төрийн өмчит “Мон-Сам” компаний захирал гэгчнь АНУ-аас  оруулж ирсэн зургаан ширхэг иж бүрэн компьютерийг гаалийн татварыг төлөлгүй улсын хилээр оруулахыг завдсан байна. Тэрбээр албан үүргээ гүйцэтгэж, эл үйлдлийг илрүүлэн таслан зогсоосон гаалийн ажилтнуудыг элдвээр заналхийлж доромжлон,  дайрч давшилсан ёс бус үйлдэл гаргасан байна. Төрийн хуулийн дагуу үүрэг хүлээсэн гаалийн ажилтан албан үүргээ гүйцэтгэж, бусдад хууль ёсны шаардлага тавьсаны төлөө зохисгүй авир гарган, хэл амаар доромжилж тэр ч бүү хэл бие эрхтэнд нь халдан гэмтэл учруулсан дээрх үйлдлүүдийг албаныхан дүрс бичлэгээр баталгаажуулжээ. Ийм байдал удаа дараа давтагдаж байгааг харгалзан Гаалийн байгууллагаас энэ мэт хууль бус үйлдэлтэй хатуу тэмцэх болсоноо мэдэгдлээ.

Б.МИШЭЭЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж