
Гэр бүлийн хүчирхийллийн асуудлаар Ерөнхийлөгч болон Иргэний нийгмийн байгууллагын санал, санаачлагыг ХЭҮК дэмжиж, УИХ, Засгийн газрын гишүүд, төр, төрийн бус байгууллага, ард түмэнд хандан уриалга гаргажээ. Гэр бүлийн хүчирхийллийг илрүүлэх, таслан зогсоох, гэр бүлийн хүчирхийллийн хохирогчийн аюулгүй байдлыг хангах эрх зүйн оновчтой зохицуулалтыг яаралтай бий болгох, гэр бүлийн хүчирхийлэл нь хувь хүний асуудал биш, нийгмийн асуудал болохын хувьд иргэн, байгууллага, хамт олон нэг бүрийн оролцоо чухал учраас гэр бүлийн хүчирхийллийг үл тэвчдэг нийгмийн уур амьсгал, амьдралын хэвшил бий болгохын төлөө хамтран ажиллахыг уриалжээ.
ХЭҮК гэр бүлийн хүчирхийллээс улбаатай хүн амины гэмт хэрэгт ял шийтгүүлж буй эмэгтэйчүүдийн асуудлыг судалгаагаар тогтоож хууль тогтоомжинд өөрчлөлт оруулах, гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуулийн хэрэгжилтийг хангуулах чиглэлээр холбогдох байгууллагуудад сургалт, сурталчилгаа явуулах, гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хохирогчдыг хамгаалах байрны үйлчилгээний зардлыг төрөөс санхүүжүүлэх асуудлыг УИХ-ын эмэгтэй гишүүдийн сонорт хүргэж, шийдвэрлүүлэх чиглэлд хүчин чармайлт гарган ажиллахаа илэрхийллээ.
С.ОТГОН