
-Шинэ жилийн баярын арга хэмжээ эхэлсэнтэй холбоотойгоор салют, тэсэлгээний хэрэгслийг иргэд дур мэдэн хэрэглэснээр гэмтэх тохиолдол өмнөх жилүүдэд гарч байсан. Энэ талаар цагдаагийн байгууллага ямар арга хэмжээ авч ажиллаж байна вэ?
-Шинэ жилийн баяр болж байгаатай холбогдуулаад шинэ жилийн арга хэмжээг зөв зохистой тэмдэглэн өнгөрүүлэх, иргэдийг болзошгүй аюулаас сэргийлэх, пиротехникийн хэрэгслийг хууль бусаар хадгалах, ашиглах, худалдан борлуулахыг таслан зогсоохыг эрчимжүүлэх зорилгоор “Пиротехникийн хэрэгсэл” арга хэмжээг зохион байгуулж байна. Энэ арга хэмжээний хүрээнд Нийслэлийн цагдаагийн газар, Онцгой байдлын газар, Мэргэжлийн хяналтын газар хамтран зөвлөлгөөн зохион байгуулж, салютийн хэрэглээтэй холбоотой чиглэл өгсөн. Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2011 оны 27 дугаар тогтоолоор “Төрийн захиргааны байгууллагуудын байр, соёл, боловсрол, эрүүл мэндийн байгууллага, гэр хороолол, нийтийн эзэмшлийн орон сууц, түүний ойр орчинд, барилгын зоорийн давхар, задгай талбай, худалдааны төв, хүнс, барааны зах, болон гар дээрээс пиротехникийн хэрэгслийг худалдахгүй, ашиглахгүй байх” асуудалыг тус тус зохицуулж өгсөн. Энэ журам мөрдөгдөж эхэлснээс хойш тодорхой үр дүн гарсан. Өмнө нь салют буудуулснаас болж хөлөө тайруулах, гараа гэмтээх, бүр амиа алдах тохиолдол гарч байсан. Харин өнгөрсөн хоёр жил энэ журам мөрдөгдөж эхэлснээр бэртэж гэмтсэн хүн гараагүй. Олон нийтийн аюулгүй байдлыг хангах, иргэдийг болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх, баярын арга хэмжээг зөв зохистой тэмдэглэн өнгөрүүлэх зорилгоор нийслэлийн нутаг дэвсгэрт соёл урлаг, худалдаа, үзвэр үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн барилга, байгууламж дотор пиротехникийн хэрэгслийг ашиглан салют, гэрэлт үзүүлбэр зохион байгуулахыг хориглож байгаа. Зөвхөн тусгай зөвшөөрөлтэй хоёр компани салют борлуулах эрхтэй.
-Зах болон худалдааны төвүүдээр борлуулагдахгүй гэсэн үг үү?
-Тийм. Зөвшөөрөлтэй хоёр компаниас бусад аж ахуй нэгж, иргэд пиротехникийн хэрэгсэл, салютийг худалдан борлуулах, хэрэглэхийг хориглосон. Зах, худалдааны төвүүдээр мөн зарагдахгүй.
-Баярын арга хэмжээний үеэр салют буудуулах болвол яах вэ?
-Байгууллага, аж ахуй нэгж шинэ жилийн арга хэмжээ зохион байгуулахдаа салют буудуулах болбол зөвшөөрөл бүхий хоёр компанид хандана. Энэ компаниудын төлөөлөгчид тухайн шинэ жил зохион байгуулж байгаа газарт очиж сервес үйлчилгээ үзүүлэх юм. Салют худалдаж авах мөнгөө тушааснаар мэргэжлийн операторчноор буудлага хийлгүүлнэ. Гэхдээ иргэн бүрийн гэрт очиж буудуулах боломжгүй.
Эх сурвалж: "УЛС ТӨРИЙН ТОЙМ" сонин
