Миний үүрэг бол улс төрийн хоригдлуудад туслах явдал

Хуучирсан мэдээ: 2013.12.24-нд нийтлэгдсэн

Миний үүрэг бол улс төрийн хоригдлуудад туслах явдал

Ходорковский: Миний үүрэг бол улс төрийн хоригдлуудад туслах явдал

ЮКОС компанийн тэргүүн асан Михаил Ходорковский өнгөрсөн баасан гарагт суллагдсанаасаа хойш анхны хэвлэлийн бага хурлаа хийлээ. Тэрбээр цаашид чухам ямар үйл ажиллагаа явуулахаа хараахан шийдээгүй байгаа ч ОХУ болон дэлхий даяар хоригдож буй улс төрийн хоригдлуудад тусална гэж амалжээ.  “Иргэний хөдөлгөөний хүчин чармайлт, чөлөөлөгдөх боломжгүй гэж үзэж байсан хүмүүсийг ч чөлөөлж болдгийн билгэ тэмдэг гэдэг утгаар намайг хүлээж авахыг би та бүхнээс хүсч байна. Бид Орост төдийгүй дэлхий дахинд улс төрийн нэг ч хоригдол үлдэхгүйн төлөө ажлаа үргэлжлүү­лэх хэрэгтэй. Ямар ч байсан би энэ чиглэлд өөрөөс хамаарах бүхнийг хийх болно” гэж Германы нийслэл дэх Берлиний ханын музейд болсон хэвлэлийн бага хурлын үеэр Михаил Ходорковский мэдэгдлээ.

Мөн тэрбээр өнгөрсөн арван жилийн хугацаанд түүнийг дэмжиж, тусалж байсан бүх хүнд талархал илэрхийлсэн байна. Түүнчлэн шоронд үлдсэн өөрийн анд нөхөд, ЮКОС-ын хамтран зүтгэгч Платон Лебедев, Алексей Пичугин нарыг эргэн дурсчээ.

ЦААШДЫН ТӨЛӨВЛӨГӨӨ

Берлиний ханын тийм ч том биш зааланд нэлээд хэдэн зуун сэтгүүлч цугласнаас болж багахан хэмжээний шахцалдаан үүсчээ. Ходорковскийд ширээ болон микрофонд хүрэх боломж олгохын тулд зохион байгуулагчид хэдэн минутын турш тэднийг журамлахыг оролдсон байна. ЮКОС-ын экс тэргүүнд өршөөл үзүүлэх зарлигт ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин өнгөрсөн баасан гаригт гарын үсэг зурж, Ходорковский тэр өдрөө суллагдсан билээ. Уг нь түүний хоригдох хугацаа ирэх оны наймдугаар сард дуусах ёстой байсан аж. Тэрбээр суллагдсан даруйдаа хувийн онгоцоор Берлинд нисч ирсэн бөгөөд бямба гарагт эцэг, эх болон том хүүтэйгээ уулзсан аж.

Түүнийг эх орондоо эргэн ирэхэд хэн ч саад хийхгүй гэж Путины хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков мэдэгдсэн ч одоохондоо Орост очих бодолгүй байгаагаа Ходорковский хэвлэлийн хурал дээр хэлсэн байна. Михаил Ходорковский “Орост эргэн очсоны дараа ямар нэг хэргээр дахин гадагшаа гарах боломж олдоно гэсэн баталгаа надад байхгүй байна. Би ийм боломжтой болохын тулд надад болон миний найз Платон Лебедевт тулгасан 500 сая долларын хэргийг цуцалсан Европын хүний эрхийн шүүхийн шийдвэрийг Оросын Дээд шүүх баталгаажуулах ёстой. Ийм явдал болоогүй тохиолдолд Орост очсоны дараа надад дахин гадагшаа гарах зөвшөөрөл өгөхгүй байх магадлалтай” гэлээ. Ходорковский одоохондоо бизнес, улс төрийн алинаар ч оролдохгүй, мөн ЮКОС-ын хувьцааны төлөө тэмцэх бодолгүй байгаагаа мөн мэдэгджээ.  Түүнээс гадна шоронд хоригдсон, эрх чөлөөтэй болсон  нь бүгд нэг л хүнээс хамаарч байсныг мэдэж байгаа ч Путинд ямар нэг хувийн өс хонзон санаагүй, өшөө авах бодолгүй гэдгээ онцоллоо.

Түүнийг чухам яагаад шоронд суулгасан юм бэ гэсэн асуултад Ходорковский “Би бүх баримтыг сайн мэдэхгүй. Олонд ил болсон баримт нь 2013 оны хоёрдугаар сарын 19-нд В.Путинтай хамт хуралдсан, энэ үеэр ширүүхэн яриа өрнөсөн явдал. Одоо ч энэ хуралдааныг интернэтээс харж болно. Хоёр хоногийн дараа ЮКОС-ын ажилтнуудын эсрэг эхний эрүүгийн хэрэг үүсгэсэн. Бусдыг нь би таамаглах төдий л байна” гэж хариулжээ.

Б.МИШЭЭЛ
Эх сурвалж: "УЛС ТӨРИЙН ТОЙМ" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж