Архидан согтуурахын тухайд улаан хоолойтой бүхэн хэрэглэдэг хэмээн хаацайлан өнгөрүүлж болох боловч ажлын цагаар уусан гэдгээрээ халагдах хүртэл арга хэмжээгээр шийтгэж байгаа аж. Энэ талаар эдүгээ тус байгууллагын ажилтнууд “Уудаггүй хүн гэж байдаггүй. Тэгвэл робот ажиллуулах хэрэгтэй болох биз” гэж ярьсан сурагтай. Мөн албан тушаалаа урвуулан ашиглахын тухайд ч гэсэн тэд буруугаа эс хүлээн “Баригдсан нь л тэд болохоос гааль бол гааль шүү дээ” хэмээн ярьсанаас үзэхэд тус байгууллагад хүн ажиллаж байгаа цагт алдаа дутагдал арилахгүй гэдэгтэй ажилтнууд нь хүртэл санал нийлдэг бололтой юм. Хамгийн сүүлд л гэхэд “Гаалийн” хэмээх Х.Баатарын хэргийн дараа хэчнээн том албан тушаалтан нөхөд нь цагаа тулахаар зүсээ буруулдгийг нүдээр харснаас хойш тус байгууллага нэлээд эмх цэгцтэй болоод байсан.
Энэ удаад “жижиг” гэж өөрсдөө нэрлэж буй дутагдлаа ийнхүү өмгөөлж буй нь үнэн бол тус байгууллагад мартсаныг нь сануулах, хатуу гараар үзэлцэх цаг ирсэн бололтой. Түүнчлэн саяхан хэвлэлээр Гаалийн ерөнхий газрын Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга О.Даваасүрэнгийн талаарх шүүмжлэлтэй мэдээлэл нийтлэгдсэн. Тухайлбал Сангийн сайдын хадам дүү болох тэрбээр “Гаалийн ахлах байцаагч болъё гэвэл…” гээд сая саяар яригдах тодорхой ханш ярьж явсан тухай уг мэдээлэлд дурьджээ. Ямартай ч Гаалийн ерөнхий газар ойрд барцад ихтэй, бас сонин сайхан мэдээлэл ихтэй байгаа ажээ.
"УЛС ТӨРИЙН ТОЙМ" сонин