&#34ШӨХТГ-ынхан сурталчилгааны агуулгыг шалгадаггүй&#34

Хуучирсан мэдээ: 2013.12.24-нд нийтлэгдсэн

&#34ШӨХТГ-ынхан сурталчилгааны агуулгыг шалгадаггүй&#34

Манай улсад зах зээл дэх нийт зар сурталчилгаанд хяналт тавих систем болон хууль эрх зүйн орчин бүрдээгүй байдаг. Тиймээс энэхүү асуудалтай холбоотой зөрчлүүд ихээхэн гардаг байна. Харин Санхүү, эдийн засгийн дээд сургуулийн Бизнесийн удирдлагын тэнхимийн маркетингийн гурван багш энэ талын судалгааг хийжээ. Тэдний нэг болох С.Мөнхбаяртай “Хууль бус зар сурталчилгааны түгээлтийг хэмжих нь”  судалгааных нь талаар ярилцсанаа хүргэж байна.


С.Мөнхбаяр: ШӨХТГ-ЫНХАН сурталчилгааны агуулгыг огт шалгадаггүй юм билээ

-Та өөрсдийн хийсэн су­далгааны ач холбогдлыг ун­шигчдад танилцуулаач?

-Манай улсад зар сур­талчилгааны тухай хууль байдаг. Энэхүү хуульд  дөрвөн төрлийн сурталчилгааг хууль бус гэж үзсэн байгаа. Хууль бус сурталчил­гаа нь нийгэмд ихээхэн сөрөг нөлөөг үзүүлж байна. Ялангуяа эмэгтэйчүүд, телевиз үзэж буй хүүхдүүдэд илүү нөлөөлдөг. Гадаадын орнуудын жишгээс харахад хууль бус сурталчилгааг бий болгохгүйн тулд хяналт тавьдаг. Энэхүү хяналтыг хийснээр хууль бус сурталчилгаа газар авах байдлыг зогсоож, нийгэм дэх зар сурталчилгааны талаарх сөрөг байдлыг жаахан ч гэсэн багасгахад нөлөөлдөг. Манай улсын хувьд зар сурталчилгааны хуульд хууль бус зар сурталчилгааны эсрэг хэд, хэдэн зүйл, заалт байдаг. Хэдий ийм боловч энэхүү хуулийн заалт бүр дээр хяналт тавих боломж хараахан бүрдээгүй байгаа гэж дүгнэсэн юм. Бид энэ судалгааны түүврийг сонгохдоо телевиз, сонин, радио, интернэт, сэтгүүл, гадаах самбар гэсэн зургаан хэсэгт авч үзсэн. Энэхүү зургаан мэдээллийн хэрэгслийн хувьд нийт 30 орчим хувь нь хууль бус сурталчилгаа явуулсан гэдгийг гаргаж ирсэн. Нийт судалгааны 30 орчим хувь нь хууль бус байна гэдэг нь дээрх хууль өндөр төвшинд хэрэгжихгүй байна гэдгийг жишээ болж байна.

-Судалгааг нийт зургаан төрөлд авч үзжээ. Эдгээрийн алинд нь хууль бус зар сур­талчилгаа илүү ажиглагдаж байсан юм бол?

-Хэвлэл мэдээллийн салбарын онцлогоос хамаарч өөр өөр байна л даа. Бидний үзсэнээр зах зээл дэх нийт зар сурталчилгааны 40 хувьд зөрчил ажиглагдсан. Хамгийн эхэнд  сэтгүүл, тэгээд интернэт,  радио, телевиз гэж байгаа юм. Харин сонины зар болон гадаах самбарын сурталчилгааны тухайд зөрчил харьцангуй бага гарсан. Зар сурталчилгааны төрлөөр авч үзэхэд ёс зүйн алдаатай бо­лон сурталчлахыг зөвшөөрөөгүй эмийн сурталчилгаа давамгайлж байсан. Үүнээс гадна янз бүрийн эмнэлгийн үйл ажиллагааны талаарх сурталчилгаа эзэлсэн байсан.

-Хууль бус зар сурталчил­гаа гэдгийг ямар үндэслэлээр гаргаж ирэв?

-Судалгаа хийж байхад хам­гийн гол нь тухайн сурталчил­гаа юуг илэрхийлж байна вэ гэ­дэгт гол алдаанууд ажиглагдаж бай­сан. ШӨХТГ-ын зар сурталчил­гааны зохицуулалтын газрын байцаагчид байдаг. Эдгээр хүний илрүүлж байгаа сурталчилгааны дийлэнх хувь нь  ямар нэгэн мониторингийн шинжтэй судалгаа байдаг. Жишээлбэл олон нийтийн телевизээр өдрийн цагаар этилийн спиртийн талаар зар сурталчилгааг явуулж болно. Оройн цагаар явуулж болохгүй гэдэг. Харин явуулж буй зар сурталчилгааны агуулга тал дээр анхаардаггүй. Мөн хууль бус гэж үздэггүй. Уг нь бол тухайн сурталчилгаа бүрийн зорилгыг харах ёстой. Ингэснээр насанд хүрээгүй хүүхдэд ямар нөлөө үзүүлэх вэ зэрэгт хяналт тавих хэрэгтэй байгаа юм. Үүнээс гадна тухайн сурталчилгааг үзсэн хүмүүсийн сэтгэл зүйд хэрхэн нөлөөлж болох вэ гэдэгт хяналт тавих шаардлагатай. Манай улсад зүй бус үг ашигласан зар сурталчилгаа их байдаг. Тухайлбал, хүний гадаад өнгө үзэмжийг илтгэсэн болон хүүхдийн гэнэн итгэмтгий занг ашиглан хийсэн сурталчилгаанууд их. Үүнээс гадна аливаа бүтээгдэхүүнийг сурталчлахдаа үүнийг хэрэглэснээр ийм давуу талтай гэх мэтээр хэтрүүлэн сурталчлах. Үүнээс хүн “би ингэх ёстой юм байна” гэсэн сөрөг мэдээллийг авч байгаа юм. Тэгэхээр хэдий бага мэт боловч энэ бүхэн хууль бус зар сурталчилгаанд орж байна шүү дээ.

-Барилга байгууламж, зам дагуу гэх мэтээр хаа сайгүй л замбараагүй сурталчилгаа байрлуулсан байдаг. Та гурав эдгээр сурталчилгааг аль талаас нь судалж үзсэн бэ?

-Энэ бүгдийг нэг бүрчлэн судална гэвэл худлаа. Наад зах нь эдгээрийг судлахад цаг хугацаа их орно. Бидний хувьд зөвхөн зам дагуух гадна самбаруудыг авч үзсэн. Зам дагуу байрласан самбар бол хүмүүст мэдээлэл өгөх зорилготой. Ингэхдээ ятган итгүүлэх бус бодитой мэдээллийг өгөх үүрэгтэй.  Энэ ч үүднээс зам дагуу байрласан зар сурталчилгааны самбаруудад зөрчил ажиглагдаагүй.

-Тэгэхээр манай телевиз, радиогийнхан хүмүүсийг ят­гасан сурталчилгааг ихээр гаргаж байна гэсэн үг үү?

-Тэгж хэлж болно. Учир нь телевиз, радиогийн ихэнх нь зорилтот  бүлгийн хүмүүсдээ итгэл үнэмшил төрүүлэхийн тулд тэднийг ятгадаг. Ингэснээр хүн  тухайн бараа, бүтээгдэхүүнийг авахаас өөр аргагүй болгодог.  Мөн ямар нэгэн үйлчилгээний цэг байхад түүгээр заавал үйлчлүүлэх хүслийг төрүүлж байдаг.

-Телевизүүд зар суртал­чилгаанаас гадна бизнэсийн цаг гэх мэт нэвтрүүлгээр зар сур­талчилгааны шинжтэй мэ­дээллийг өгдөг. Энэ бүгдийг судалгаагаар авч үзсэн үү?

-АНУ-ын сурталчилгааны холбооноос зар сурталчилгааг зохиомжилсон уран бүтээл гэж үздэг. Бид энэ талаас нь харж судалгаагаа хийсэн. Мөн судалгааны дүнд бага тоо гарсан нь зөвхөн зурган рекламыг авч үзсэнтэй холбоотой. Хэрвээ илүү гүнзгийрүүлж судалсан бол үүнээс хэд дахин их тоо гарч ирэх бай­сан байх.

-Яг ямар зөрчил илэрч байсан талаар та тайлбар өгөхгүй юу?

-ШӨХТГ-аас гаргасан сур­талчилгааны зөрчилд ихэвчлэн зохисгүй хэрэглээ буюу архи, тамхи гэх мэт зүйл байсан. Харин бид нийт сурталчилгааны хууль бус байдал хэр байна гэдгийг судалж байна. Агуулгын хувьд дээр хэлсэнчлэн насанд хүрээгүй хүүхдийн гэнэн байдлыг ашиглах, эмэгтэйчүүдийн сэтгэл зүйд эмзэг нөлөөлсөн зэрэг сурталчилгаанууд байсан.

-Зар сурталчилгааны тухай хуульд тухайн сурталчилгааг гаргахын өмнө нягталж, шалгах ёстой гэсэн зүйл байдаггүй байх. Энэ тал дээр та ямар бодолтой байна вэ?

-Тухайн зар сурталчилгааг гаргахын өмнө шалгах ёстой гэсэн зүйл, заалт байдаггүй. Гэхдээ аливаа реклам сурталчилгааг гаргахын тулд заавал зохиогчийн эрхийг авсан байх гэж үздэг. Гэвч бодит байдал дээр ихэнх телевизүүд зохиогчийн эрхийн зөрчилтэй нэвтрүүлэг, зар сурталчилгааг гаргадаг. Энэ бүхэнд хариуцлага тооцох гэхээр эдгээр байгууллагын орлогын эх үүсвэр нь зар сурталчилгаа байдаг. Иймээс тэр бүр хариуцлага тооцох боломжгүй байж болно. Магадгүй зөрчил илэрлээ гэхэд тухайн байгууллага нөгөө байгууллагатайгаа ямар гэрээ, хэлэлцээр хийсэн байдгийг  мэдэхгүй шүү дээ. Энэ мэт хүндрэл байна шүү дээ.

-Судалгааны түүврийг хэрхэн сонгосон бэ?

-Бид судалгааныхаа хүрээнд аль болох олон хүн хандалт хийдэг мэдээллийн хэрэгслийг сонгож авсан байгаа. Үйл ажиллагаа явуулж байгаа бүхий л мэдээллийн хэрэгслийг сонгож авна гэдэг боломжгүй.

-Та хэлэхдээ олон нийтэд өгч байгаа зар сурталчилгаанууд бодит байдалтай нийцдэггүй гэж хэлсэн. Судалгааны дүнд үүнийг бодит байдалтай нь нийцүүлэх тал дээр ямар дүгнэлт гаргав?

-Энэхүү судалгааны үр дүнд гарсан нэг үр дүн нь хуулийн цоорхой байдал. Энэ нь зар сурталчилгааны тухай хуулийн хэд, хэдэн заалтад ажиглагдсан. Тухайлбал, зөрчил гаргасан тохиолдолд торгууль ногдуулна гэсэн заалт байлаа гэж үзье. Би долоо хоног зөрчил гаргалаа гэхэд эхний өдрийн зөрчлийн торгуулийг бичиж байх хойгуур ахиад л нэг зөрчлийг гаргадаг гэх мэт сул тал байсан. Мөн дотоод мэдээний дундуур зар сурталчилгаа явуулахгүй гэсэн байхад үүн дээр тоглох маягаар гадаад болон дотоод мэдээний дундуур сурталчилгаа явуулах жишээтэй байна. Ингэсэн тохиолдолд үүнийг зөрчил гэж үзэж болдоггүй. Бид 11 телевизийг сонгон авсан байгаа. Энэ телевизүүдийн хувьд бүгд эхлээд дотоод мэдээ тэгээд сурталчилгаа, дараа нь гадаад мэдээ гэсэн дарааллаар мэдээллээ явуулж байна.

-Хууль бус зар сурталчилгаа түгээж буй нь холбогдох хууль сул байгаатай холбоотой байх?

-Мэдээж. Бид судалгааны зөвлөмжөө үндсэн хоёр чиглэлээр гаргасан байгаа. Хяналт болон агуулгыг нь сайжруулах. Ингэснээр дээр гараад байгаа зөрчлүүдэд хариуцлага тооцох болон хяналт тавих боломжтой болох юм.

Т.БОЛОРЦЭЦЭГ

"УЛС ТӨРИЙН ТОЙМ" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж