&#34Ирэх хавраас газар өмчлөх өргөдлийг хүлээж авна&#34

Хуучирсан мэдээ: 2013.12.24-нд нийтлэгдсэн

&#34Ирэх хавраас газар өмчлөх өргөдлийг хүлээж авна&#34

ИРЭХ ХАВРААС ГАЗАР ӨМЧЛӨХ ӨРГӨДЛИЙГ ХҮЛЭЭЖ АВНА

Нийслэлийн иргэдэд ши­нээр 52 байршилд газар өмч­лүүлэхээр НИТХ-аас шийд­вэрлэсэн. Энэ хүрээнд га­даа­дад амьдарч буй Монгол Ул­сын иргэн ч газар өмчлөх нөхцөл нь бүрдсэн байна. Одоогоор иргэдэд өмчлүүлэх боломжтой 52 байршлын байр зүйн зургийг боловсруулж буй бөгөөд ирэх оны газар зохион байгуулалтын төлөв­лөгөөнд тусгахаар саналаа өгчээ. Байр зүйн зураг бэлэн болсны дараа тухайн байршлуудад хэсэгчилсэн болон ерөнхий төлөвлөгөөг хийх юм байна. Харин үүний дараа иргэдээс онлайнаар өргөдлийг нь хүлээн авч шийдвэрлэнэ гэж Нийслэлийн өмчийн харилцааны газраас мэдээллээ. Түүнчлэн тус газрын Газар өмчлөл, өмчийн менежментийн хэлтсийн дар­га Б.Загдсамбараас газар өмч­лөлийн талаарх зарим зүйлийг тодруулсан юм.

-Нийслэлийн иргэдэд шинээр 52 байршилд газар өмчлүүлэх ажил хэр явагдаж байгаа вэ?

-Нийслэлийн иргэдэд ши­нээр 52 байршилд газар өмчлүүлэх тогтоол НИТХ-аас батлагдсан. Энэхүү ажлын явц одоогоор бэлтгэл ажлын хүрээнд явагдаж байна. Тодруулбал бид өнгөрсөн арваннэгдүгээр сард байр зүйн болон газрын төлөв байдал, чанарын хяналт баталгааг захиалан хийлгэсэн байгаа. Одоо хүлээж авсан зургууддаа хяналт тавих, дүгнэлт гаргах ажил хийгдэж байна.

-Иргэдэд газар өмчлүүлэх ажил одоогоор зогссон байгаа гэж байсан. Хэзээнээс эхэлж дахин газар өмчлүүлэх вэ?

-Иргэдийн дунд бага зэрэг төөрөгдөл яваад байна. Уг нь газар эзэмших эрх шилжүүлэх, хугацаа сунгах зэрэг ажил хэвийн явагдаж байгаа. Зөвхөн шинээр газар олголтын ажил түр зогссон байгаа. Бидний энэхүү шинээр өмчлүүлэх 52 байршлын ажил 2014 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд бүтэн жилийн турш хийгдэхээр тусгагдсан байгаа. Яг одоогоор хэзээнээс эхэлж олгох нь тодорхойгүй байгаа бөгөөд ирэх онд багтах болно.

-Одоогоор нийслэлийн аль дүүрэгт шинээр газар олгохоор төлөвлөж байгаа вэ?

-Эхний ээлжинд Баянзүрх, Сонгинохайрхан, Хан-Уул, Налайх, Багахангай зэрэг дүүрэгт иргэдэд газар өмчлүүлэхээр болсон. Гэхдээ дүүргийн аль хэсгээр газар өмчлүүлэх талаар нарийвчилсан судалгаа хийж байна. Энэхүү судалгааны ажил дууссаны дараа тодорхой болно. Тодорхой болсон цагт нь иргэдэд хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан мэдээлэл хүргэх болно.

-Тэгэхээр иргэд газар өмчлөх өргөдлөө хэзээнээс өгч болох вэ?

-Төлөвлөж байгаагаар ирэх хавраас уг асуудал ажил хэрэг болно. Иргэдэд өмчлүүлэх боломжтой болсон 52 байршлын байр зүйн зураг бэлэн болсны дараа тухайн байршлууд дээр хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө хийнэ. Ингэснээр хэдэн иргэнд газар өмчлүүлэх тоо, хэмжээ нь тодорхой гарна. Үүний дараа иргэдээс онлайнаар өргөдлийг нь хүлээн авч шийдвэрлэх болно.

-Газар олгохдоо хэсэгчилж олгох уу, эсвэл судалгаа хийсний үндсэн дээр нэгэн зэрэг олгож эхлэх юм болов уу?

-Газар өмчлүүлэх журмыг НИТХ-д оруулсан байгаа. Журам батлагдсаны дараа хэсэгчлэн олгох уу, эсвэл дүүрэг бүрт нэгдсэн журмаар олгох уу гэдэг нь тодорхой болно.

-Гадаадад байгаа Монгол Улсын иргэн газар өмчлөх боломжтой болж байгаа гэсэн. Энэ талаар тодруулна уу?

-Гадаадад амьдарч байгаа иргэн газар өмчлөх хуулиар нээлттэй байдаг. Гэвч өмнө нь гадаадад амьдарч байгаа Монгол Улсын иргэн газар өмчилж авах нөхцөл боломжгүй байсан. Өөрөөр хэлбэл хуулиар эрх нь байвч нөхцөл нь бүрдээгүй байсан гэсэн үг. Энэ удаад нийслэлийн иргэдэд 52 байршилд газар эзэмшүүлэхээр НИТХ-аас шийдвэрлэсэн. Үүнтэй холбоотойгоор газар өмчлөх хүсэлтэй эх орондоо болон гадаадад амьдарч байгаа иргэд дээрх байршлуудад газар өмчлөх хүсэлт гаргах эрхтэй болно.

-Иргэдийн өргөдлийг онлайнаар хүлээн авдаг болно гэсэн. Тэгэхээр ямар нэгэн бичиг баримт бүрдүүлэх шаардлагагүй болж байгаа гэсэн үг үү ?

– Өмнө нь газар өмчилж аваагүй иргэн онлайнаар бүртгүүлэх юм. Түүний дараа тухайн иргэн яг аль байрлалд газар өмчлөх эрхтэй болсон талаараа мэдээлэл өгнө. Мэдээллийг авсан иргэд харьяа дүүргийнхээ газрын албанд материалаа бүрдүүлж өгөх юм. Учир нь хуулинд цаасаар бүрдүүлсэн архив байх ёстой гэж заасан байдаг юм. Тиймээс цаасан материалыг газар өмчлөх бололцоо нь бүрдсэн иргэдэд л өгдөг болж байна.

Н.БААСАНДЭМБЭРЭЛ

Эх сурвалж: "УЛС ТӨРИЙН ТОЙМ" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж