УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаан эхэлж, Сангийн сайд Ч.Улаан, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр нарыг огцруулахтай холбоотой асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэж байна. Эл асуудалтай холбогдуулж УИХ-ын гишүүд саналаа хэлж буй юм.
УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат:
-Засаг хүлээж авах үеийн нөхцөл байдал ямар байсныг тодотгоё. Өртэй, халамжийг хавтгайруулсан улс орон байсан. 2011-2012 оны хэрэглээний зардлын хоёр их наяд төгрөг, түүнийг дагасан импортын огцом өсөлт нь Монгол Улсын эдийн засгийг шоконд оруулсан байсан. Мөн Ардын нам засаг барьж байхад өнгөрсөн он жилүүдэд нэг нам, хэсэг бүлэг хүмүүсийн эрх ашгийг эрхэмлэж, төрийг үнэгүйдүүлж, завсраас нь ашиг хонжоо олж, Монгол орныг амьдрах чадваргүй болтол олон жил тонож, баяжсан үйлдэл, Улаанбаатарыг утаатай, угаартай, замгүй, газаргүй, төлөвлөлтгүй “хуаран” болгосон хариуцлага тооцогдоогүй үйлдлийг давтах боломжийг дахин олгох эрх олонхид байхгүй.
“Ухаалаг төр рүү” алхах Ерөнхийлөгчийн санаачилгыг дөнгөж саяхан хамтран дэмжчихээд, улс орны байдалд бодит дүгнэлт хийж, эрх баригч, сөрөг хүчин гэлтгүй улс орноо өөд нь татах хамтын санал санаачилга гаргахын оронд улс төр, эдийн засгийн тогтворгүй байдлыг өдөөсөн МАН-ын урагшгүй, ухаалаг бус үйлдлийг шүүмжлэхээс арга алга. Улс төрийн тогтворгүй байдлыг өдөөж, ард түмний нэрийг барьж, Монголын эдийн засгийг барьцаалсан улс төрийн ашиг хонжоо хайсан хариуцлагагүй үйлдлүүд Монгол улсын эрх ашиг биш. Ард түмний нэрийг барьж, Монголын эдийн засгийг барьцаалсан улс төрийн ашиг хонжоо хайсан хариуцлагагүй үйлдлийг МАН хийж байна.
УИХ-ын гишүүн Н.Батцэрэг:
-УИХ дахь Ардчилсан намын бүлэг, МАХН-МҮАН-ын “Шударга ёс эвслийн бүлгийн хувьд улаан цээжээрээ сайд нарыг хамгаалах гээд байгаа юм биш, зорилгоо хэрэгжүүлэх цаг хугацааг олгож байгаа. Эдийн засаг санхүүгийн хүрээнд тодорхой хүндрэл бэрхшээл бий. Нийлж сууж байгаад энэ асуудлыг ярих ёстой. Улстөрийн зөвшилцөл хийх ёстой. Сөрж зогсохоосоо илүү, хэрэгтэй үедээ түшээд зогсдог байх ёстой.
УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл:
-Асар их мөнгө зарж байна, Үнэ тогтворжуулах хөтөлбөрийн хүрээнд гурван их наяд төгрөг зарлаа. Нэг жилийн дотор. Ийм их мөнгө зарсан байтал үр дүн нь чамлалттай байна. Тухайлбал, шатахуун дээр гаж буруу тогтолцоо үүссэн. Нефтийн бүтээгдэхүүний бөөний үнэ нь жижиглэнгээсээ үнэтэй болчихсон. Цаашдаа нефть импортлогч компаниуд дампуурлаа зарлана гэсэн үг.
Төсвийн хуулиас гадуур зарж байгаа энэ их мөнгийг яагаад төсөвтөө багтаах талаар оруулж ирэхгүй байна вэ, үүнийг бид ярьж байгаа. Мөн бид 1.5 тэрбум ам.долларын бондын үр дүнгийн талаар ярьж байна. Бонд авахыг болно гэж хэлээд УИХ зөвшөөрснийг бид мэднэ. Хуулиар өрийг тодорхойлчихсон. Өр гэдэг бол Засгийн газрын гэрээ хэлцэл хийгэд авч байгаа зээл, бонд гээд хуульчилсан. Гэтэл Ерөнхий сайдаасаа эхлээд маш хариуцлагагүй тайлбар хэлж ажиллаж байна. “Төлж чадаагүй бол өр гэдэг юм аа” гэж хэлж байгаа. Хуулийг ингэж завхруулж тайлбарладаг асуудал чинь энэ Засгийн газрын ажил буруу тийшээ явах, ажил нь үр дүнгүй болох зам руу явж байна гэж үзэж байгаа юм. Хоёр сайдыг хамгаалаад үлдэх юм шиг байна, Төсвийн тодотголын хуулиар нэлээд зүйлийг засч таарах байх.
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн:
-Үндсэн хуульд өөрчлөлт хийсэн цагаас эхэлж нууцаар санал хураадгийг болиулсан, УИХ-ын гишүүнийг сайдаар томилдог болсон. Энэ бүхнийг Засгийн газраа тогтвортой байлгана гэж өөрчлөлт оруулсан. Тийм болохоор намууд хариуцлагын тогтолцоог бий болгохын тулд өөрсдөөсөө эхлэх ёстой. Хоёр сайдтай хамтарч ажиллаж байсан хүний хувьд жирийн үед үгээ хэлдэг. Өрийн удирдлагын тогтолцоо буруу явж байна, өөрчил, гурван жилийн хөрөнгө оурулалтын хөтөлбөрөө оруулж ир, хуулийн хугацаа дууслаа гэж хэлдэг.
Яамдын холбогдох хүмүүсээс ажил шаардахад хариугүй болсон. Ерөнхий сайдад хандаад бие даагчдын зөвлөлөөс хэд, хэдэн албан тоот явуулсан нэг ч хариу ирээгүй. Ийм болсон байна. Тийм болохоор сайдыг огцруулж эдийн засгийг хямруулахдаа биш ажлаа сайжруулахад анхаарах ёстой. Иргэд бухимдангуй байгаа юм нь үнийн өсөлт байна, түүнийг гүйцээж цалин, тэтгэврийг нэмэхгүй байна гэж ууртай байна. Өмнөх шигээ явбал нөлөө үзүүлэхгүй. Иргэдийн хэлж байгаад анхаарах ёстой.
УИХ-ын гишүүн А.Бакей:
-Нийгэм эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдал нь гэв гэнэт өнөөдөр бий болсон зүйл биш. Олон жилийн турш явж ирсэн бодлогын үйл ажиллагааны үр дагавар илэрч гарч байна. Үүгээр бие биенээ шууд буруутгаад зөвтгөх нь зохимжтой биш. Хүндрэлтэй байдлаас гарч хөгжил дэвшилд хүрэх цорын ганц арга нь огцруулах асуудал биш гэж ойлгож байгаа.
Сүүлийн үед төрд хандах хандлага их буруу тийшээ явж байна гэж үзэж байгаа. Үүнд ард түмнийг буруутгах гэсэнгүй, гагцхүү төрийн хүчийг сулруулж байгаа улсууд бид өөрсдөө байна. Төр дампуурчихсан, ялзарчихсан, төр бүр болохоо больсон гэж ярьдаг болж… тийм учраас энэ бүхнийг засахын төлөө бид хамтарч ажиллах ёстой.
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Нийт 10 гаруй гишүүн саналаа хэлсний дараа хоёр сайдыг огцруулахтай холбоотой асуудлаар санал хурааж, эцсийн шийдэл гарна.