Нэг. ХЭҮК-ийн тухай хуульд заасны дагуу жил бүр гаргадаг тайлангаа ард түмэнд нээлттэй тайлагнаж, өнөөгийн Монгол Улсад тулгамдаад байгаа хүний эрхийн хамгийн гол зөрчил нь морь унаач хүүхдийн эрх, ижил хүйстнүүдийг ялгаварлан гадуурхах асуудал мөн гэсэн дүгнэлтээ ямар судалгааны үндсэн дээр гаргаснаа нийтэд тайлбарлах, ийнхүү тайлбарлахдаа УБ хотын утааны асуудал, гэмт хэрэг зөрчлийн тоо, хөрсний бохирдол, гол горхи ширгэж байгаа асуудлууд яагаад хүний эрхийн зөрчилд тооцогдохгүй байгаа тухай үндэслэлийг 2014 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн дотор нийтэд танилцуулах
Хоёр. Монгол Улсад Үндсэн хуулиар баталгаажсан хүний үндсэн эрх, эрх чөлөө хэрхэн хамгаалагдаж байгаа талаар Монгол Улсын Үндсэн хуулийн 2 дугаар бүлгийн 16 дугаар зүйлийн заалт тус бүр дээр дүгнэлт гаргаж, гаргасан дүгнэлтийн дагуу хийх шаардлагатай байгаа ажлуудын жагсаалт, төлөвлөгөөг 2014 оны нэгдүгээр улиралд багтаан эрх бүхий байгууллагаар хэлэлцүүлэх
Гурав. Монгол Улсын нэгдэн орсон хүний эрхийн олон улсын гэрээний биелэлт болон шинээр батлагдсан хууль тогтоомж, захиргааны шийдвэрүүд хүний эрхийн үндсэн зарчимд нийцэж байгаа эсэх талаар хэдийд ямар зөвлөмж, санал, дүгнэлтүүд гаргасан, тэдгээр нь хэрхэн биелсэн тухай УИХ-д нээлттэйгээр яаралтай тайлагнах талаар дурдсан.
Шаардлагыг дурдсан хугацаанд биелүүлэхгүй байх, үл тоох асуудал гаргасан тохиолдолд МАХН-ын УИХ дахь “Шударга ёс эвсэл” бүлгээр дамжуулан зохих хууль тогтоомжийн дагуу асуудлыг тавихаа мэдэгдсэн юм.
Тэгвэл өнөөдөр ХЭҮК-оос уг шаардлагад тайлбар хүргүүлсэн байна. Тайлбарыг бүрэн эхээр нь хүргэж байна.
“АРДЧИЛАЛ, ШУДАРГА ЁС, МОНГОЛЫН ЗАЛУУЧУУДЫН ХОЛБОО” ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГАД
Тайлбар хүргүүлэх тухай
2013 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хэвлэл, мэдээллийн хэрэгслээр мэдээлж, түүнээс хойш долоо хоногийн дараа буюу 2013 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисст Нийслэлийн хүний эрхийн хорооны дэд дарга С.Ононбаяр гэх хүний биеэр авчирч өгсөн А/24 тоот албан бичгийг Комиссын дарга, гишүүдэд танилцуулаад дараах хариуг хүргүүлж байна. Үүнд:
1. Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.3 дахь заалт, 20 дугаар зүйлд заасны дагуу Комисс нь Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаар жил бүрийн эхний улиралд багтаан Улсын Их Хуралд илтгэдэг ба аливаа сонирхогч этгээдийн хүсэлт, хөндлөнгийн оролцооноос үл хамааран хүний эрхийн ямар ч асуудлыг бие дааж, хараат бусаар авч үзэх, эрх бүхий аль ч байгууллагад хүргүүлэх эрхтэй ба илтгэл, түүгээр өгөгдсөн санал, зөвлөмжийг нийтэд нээлттэй байлгадаг. (Комиссын бүх илтгэл “Төрийн мэдээлэл” сэтгүүл болон манай www.mn-nhrc.org цахим хуудаст иргэд, олон нийтэд нээлттэй тавигддаг тул үзэж танилцах боломжтой.)
Ийнхүү илтгэхдээ хуулиар хүлээсэн чиг үүргийнхээ дагуу хүний эрх, эрх чөлөөг сахин хамгаалах, хөхиүлэн дэмжих чиглэлээр өргөн цар хүрээтэй үйл ажиллагаа явуулж, Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний төлөв байдлыг тухай бүр тодорхойлж, хүний эрх, эрх чөлөөг сахин хамгаалахад Засгийн газар, хууль хяналтын байгууллагуудын үйл ажиллагаанд хөндлөнгийн хяналт тавьж, нөхцөл байдлын талаар Улсын Их Хурал, иргэд, олон нийт болон олон улс, бүс нутгийн түвшинд танилцуулж байна.
Комисс Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаар 12 удаа илтгэл бичиж, түүндээ Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлд заасан хүний эрх, эрх чөлөөний бүхий л асуудлыг хөндөж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлж, холбогдох шийдвэрийг гаргуулж ирсэн болно. Илтгэлийг бичихдээ төрийн болон иргэний нийгмийн байгууллага, судлаачид, НҮБ-ын тусгай илтгэгчид, түүнчлэн олон улсын хүний эрхийн байгууллагын шинжээчдийн хийсэн шалгалт, судалгааг ашигладаг. Мөн Комиссоос тухайн жилд явуулсан хяналт шалгалт, судалгаа, дүн шинжилгээ, байгууллага, албан тушаалтанд өгсөн шаардлага, зөвлөмж, түүний хэрэгжилт зэргийг үндэслэл болгодог. Тухайлбал, та бүхний шүүмжлэлтэй хандаж буй ЛГБТ хүмүүсийн хүний эрхийн асуудлаар жишээ авахад, 2011 оны 3 дугаар сард НҮБ-ын Хүний эрхийн хорооноос Монгол Улсын Засгийн газарт өгсөн зөвлөмжид “…нийгмийн зүгээс ЛГБТ хүмүүсийг ялгаварлаж байгаа асуудалд Монгол Улс яаралтай арга хэмжээ авах”-ыг үүрэг болгосон хэдий ч энэ талаар өнөөдрийг хүртэл дорвитой ажил хийгдээгүй, нийгэм, гэр бүл, хамт олны зүгээс тэднийг хүлээн зөвшөөрөхгүйгээс ялгаварлан гадуурхалтад өртсөөр байгаа тул энэ асуудлыг НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн дэмлжэгтэйгээр судалж, Улсын Их Хуралд илтгэсэн болно.
2. Монгол Улсын нэгдэн орсон хүний эрхийн олон улсын гэрээний биелэлтийг тайлагнах үүрэг Монгол Улсын Засгийн газарт хамаардаг. НҮБ-ын Гэрээний хороод болон НҮБ-ын Хүний эрхийн Зөвлөл нь хүний эрхийн төлөв байдлын талаарх гишүүн орны Засгийн газрын илтгэлийг хэлэлцэхдээ хүний эрх, эрх чөлөөг хэрэгжүүлэхээр хүлээсэн үүрэг амлалтын биелэлтийг хянадаг. НҮБ-ын хүний эрхийн олон улсын гэрээг хүлээн зөвшөөрч, нэгдэн орж, соёрхон баталсан улс орнууд тухайн гэрээнд заасны дагуу хүний эрх, эрх чөлөөг хэрхэн хангаж буй талаар тайлан бичиж, Гэрээний хороонд тогтмол хугацаанд хүргүүлэх үүрэгтэй. Мөн гишүүн улс орнууд нь Гэрээний хороодын дүгнэлт, зөвлөмжийг үндэсний хууль тогтоомж, бодлого, хөтөлбөртөө тусгах, өмнөх тайланг хэлэлцсэнээс хойш гарсан өөрчлөлтийн талаарх шинэ мэдээллийг дараагийн тайландаа оруулах үүрэг хүлээдэг. Иймд Гэрээний хороодоос ирүүлсэн зөвлөмжийг Монгол Улсын Засгийн газар хэрэгжүүлэх, тайлагнах үүрэг хүлээдэг болохыг сануулья.
Комисс нь Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.2-т заасан “хууль тогтоомж, захиргааны шийдвэр хүний эрхийн үндсэн зарчимд нийцэж байгаа эсэх талаар санал зөвлөмж гаргах” бүрэн эрхийн дагуу Улсын Их Хуралд өргөн барьсан хуулийн төслүүдэд хүний эрхийн үүднээс тогтмол дүн шинжилгээ хийж, санал боловсруулах ажлыг хийж байна. Тухайлбал, 2013 онд нийт 15 хуулийн төсөл, 3 бодлогын баримт бичгүүдэд дүн шинжилгээ хийж, хүний эрхэд суурилсан хууль тогтоомж, бодлого зохицуулалтыг бий болгох чиглэлээр саналаа гаргасан болно. Түүнчлэн Комисс нь орон нутагт ажиллахдаа Засаг даргын захирамж, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоол, шийдвэр нь хүний эрхийн үндсэн зарчим, хэм хэмжээнд нийцэж байгаа эсэхэд тогтмол дүн шинжилгээ хийж, Үндсэн хууль, хууль, олон улсын хүний эрхийн гэрээ, конвенцоор баталгаажсан хүний эрх, эрх чөлөөг зөрчсөн, дордуулсан, хязгаарласан хэм хэмжээ тогтоосон нөхцөл байдал илэрсэн тохиолдолд Комиссын гишүүний шаардлага, зөвлөмж хүргүүлэх, шүүхэд хандах зэргээр хуулиар олгогдсон бүрэн эрх, чиг үүргийнхээ дагуу ажиллаж байна.
Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс нь НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 1993 онд баталсан Хүний эрхийн Үндэсний Байгууллагуудын талаарх Парисын зарчмуудад бүрэн нийцсэн, хараат бус, бие даасан, “А” статус бүхий үндэсний байгууллага болохын хувьд хуульд заасны дагуу үйл ажиллагаандаа хууль дээдлэх, хараат бус байх, хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, шударга, ил тод байх зарчмыг баримтлан ажилладаг.
Иймд Комисс, түүний гишүүний үйл ажиллагаанд аливаа аж ахуйн нэгж, байгууллага, албан тушаалтан, хувь хүн нөлөөлөх, хөндлөнгөөс оролцохыг хуулиар хориглосон болохыг анхааруулж байна. Түүнчлэн Комиссоос явуулж буй үйл ажиллагааг илт гуйвуулж, албаны нэр хүндэд халдсан үйлдэл гаргахгүй байхыг та бүхнээс хүсч, хүний эрхийг хамгаалах, хөхиүлэн дэмжих үйлсэд хамтран ажиллахыг уриалж байна.