Эндрюсийн зургуудыг хамт олноороо үзэцгээв

Хуучирсан мэдээ: 2013.12.23-нд нийтлэгдсэн

Эндрюсийн зургуудыг хамт олноороо үзэцгээв

Дархан хотын “Найрамдал” музейд саяхан нээгдсэн, Америкийн алдартай аялагч, үлэг гүрвэл судлаач эрдэмтэн Р.Эндрюсийн авсан, зуун жилийн өмнөх Монгол орны тухай гэрэл зургийн үзэсгэлэнг, үйлдвэр байгууллагуудын  ажилчид, дээд, дунд сургуулийн оюутан сурагчид, төрийн байгууллагын албан хаагчид хамт олноороо  зохион байгуулалттайгаар үзэж  сонирхох хөтөлбөрийг эхлүүллээ.

Зуун жилийн өмнөх Монгол орныхоо амьдрал, аж байдлыг сонирхох байгууллага хамт олны энэхүү танилцах аяллыг, Дархан-Уул аймгийн “ОРХОН-21” Урлагийн Төвөөс санаачлан зохион байгуулж байна. Рой Чэпмэн Эндрюс нь Монгол орноор 1920-оод онд  удаа дараа аялахдаа ховор сонирхолтой олон гэрэл зургуудыг  авсан юм. Үзэсгэлэнд тавигдсан 120 гаруй гэрэл зургууд нь үзэгчдийн сонирхлыг  гойд их татаж байгаа учраас хувь хүмүүсээс гадна сургууль байгууллагууд ийнхүү бөөнөөрөө ирж үзэцгээх хуваарь гаргажээ. Үзэсгэлэнг   Англи, Герман хэлний гүнзгийрүүлсэн сургалттай 19-р сургууль, 9-р дунд сургууль, “Оюуны Ирээдүй” цогцолбор сургуулийн хүүхдүүд ирж үзэхдээ, өнгөрсөн зууны эхэн үеийн Монгол орны хүүхэд багачууд, тэдний  хүсэл сонирхол, тоглоом наадгай, хувцас хэрэглэлийн тухай гэрэл зурган дээр хэрхэн баримт болгон үлдээсэн талаар онцлон сонирхож, харилцан ярилцлага өрнүүлэв. Үзэсгэлэнг Дархан хотод ажиллаж амьдардаг Өмнөговь аймгийн Нутгийн зөвлөлөөс санаачлан говийн уугуул иргэд ирж үзэцгээлээ.

Үзэсгэлэнд өмнийн говийн уул ус, элсэн манхан, баян бүрд, зам харгуй болон, говийн хүн ардыг тэр л цаг үеийнх нь байгаа байдлаар тод томруун дүрслэн харуулсан зургууд илүү олон байсан нь тэдний сонирхлыг гойд татав. Зарим үзэгчид нутгийнхаа Булган, Баяндалай, Сэврэй сумын газар орныг, хэдийгээр олон жилийн  өмнөх ч гэлээ шууд таньж байв. Булган сумын уугуул, багш Түвдэндоржийн Борхүү ярихдаа “-Аялагч Эндрюс нь манай сумын нутаг “Баян Заг”-аас үлэг гүрвэлийн єндєг анх удаа олж илэрүүлсэн нь , дэлхийг шуугиулсан том олдвор болсон гэдгийг говийнхон урьд нь  андахгүй мэддэг байсан. Харин тэдгээр эрдэмтэд  зуун жилийн өмнө хэрхэн малталт, судалгаа хийж байсныг нь, яг өнөөдөр л харж байгаа юм шигээр үзэж ойлгож авлаа. Ер нь манай говь нутаг одоо ч нууцаа хадгалсаар байгаа гэсэн бодол энэ үзэсгэлэнг үзээд төрсөн ”  хэмээн өгүүлэв. 

Ө.РАГЧААСҮРЭН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж