Тодруулбал, УИХ-аар Дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах гэж буй. Уг хуулийг УИХ-аас баталсан нөхцөлд бие даагч гишүүд хурууны хээгээр ирцээ бүрдүүлэхийг дэмжинэ. Түүнээс хууль батлаагүй байхад албан хүчээр асуудлыг шийдэх гэж оролдох нь хууль тогтоох дээд байгууллагын зүгээс хийж болохгүй үйлдэл хэмээн үзэж байна. Ер нь сүүлийн өдрүүдэд УИХ-ын гишүүдийн ирц бүрдэхгүй байгаа нь гишүний ёс зүйтэй нь холбоотой үйлдэл болохоос өөр бусад хүчин зүйлийн нөлөө байхгүй гэв.
Энэ долоо хоногт чуулганаар хэлэлцэх чухал асуудал бол Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл аж. Энэ асуудлыг байнгын хороогоор хэлэлцэх шатанд бие даагч гишүүд хоёр зүйл дээр анхаарчээ. Нэгдүгээрх нь, стратегийн ордуудыг хувь хүн, хэсэг бүлэг этгээд эзэмших боломжтой байх заалт орсон байсныг буруу хэмээн үзэж, заалтыг хасуулсан аж. Мөн хувийн хэвшилд тулгуурлан бүгдийг хувьчилна гэсэн заалт оруулсан байсныг буруу хэмээн үзэж, заалтыг унагажээ. Хэрвээ энэ заалтыг унагаагүй бол алсдаа “Эрдэнэт” үйлдвэргүй болох нөхцөл бүрдэх байсан тухай бие даагч гишүүд хэллээ.