М.Ходорковский гэр бүлийнхэнтэйгээ уулзлаа

Хуучирсан мэдээ: 2013.12.23-нд нийтлэгдсэн

М.Ходорковский гэр бүлийнхэнтэйгээ уулзлаа

М.Ходорковский гэр бүлийнхэнтэйгээ уулзлаа

Шоронгоос суллагдсаныхаа дараа Берлинд ирсэн “ЮКОС” компанийн тэргүүн асан Михаил Ходорковский өөрийн хүү болон эцэг, эхтэйгээ уулзлаа. Тэрбээр ням гарагт орон нутгийн цагаар 13.00  цагт  Берлиний ханын музейд хэвлэлийн бага хурал хийжээ. Ходорковскийн буудалласан Бранденбургийн хаалганы дэргэдэх таван одтой “Адлон” гэх тансаг зочид буудлын дэргэд бямба гарагаас эхлэн олон улсын хэвлэл мэдээллийн агентлагуудын сурвалжлах багууд цугларч эхэлсэн юм.

АНУ-аас Германы нийслэлд Ходорковскийн том хүү Павел нисч ирсэн бол Москвагаас түүний эцэг, эх Борис Моисеевич болон Марина Филипповна нар хүүтэйгээ уулзахаар иржээ. Германы Ногоон намаас сонгогдсон парламентын гишүүн Марилуизе Бек урьд өмнө нь Оросын хамгийн баян хүн байсан эртэй зочид буудалд уулзсаныхаа дараа “Тэр одоогоор Орос руу буцах эсэхээ төлөвлөөгүй байгаа” гэж сэтгүүлчдэд мэдээлсэн байна. Үүнээс өмнө ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков “Ходорковский ОХУ-ын иргэн хэвээр байгаа бөгөөд түүнийг эх орондоо эргэн ирэхэд хэн ч саад хийж чадахгүй” гэж мэдэгдсэн. Түүний ярьснаар сүүлийн хэдэн сарыг Карелияд өнгөрүүлсэн Ходорковский Путинд албан ёсны богино болон хувийн дэлгэрэнгүй захидал илгээсэн аж.

Михаил Ходорковскийг нисэх буудалд угтан авах үеэр Германы Гадаад хэргийн сайд асан Ганс-Дитрих Геншерийг дагалдан явсан Немцийн улс төр судлаач Александр Рар “ЮКОС-ын экс тэргүүн аз жаргалтай, маш баяртай байсан. Гэсэн ч тэр лагерьт их ядарсан нь илт харагдаж байсан” хэмээн BBC-ийн сурвалжлагчид ярьжээ. Мөн тэрбээр “ Ходорковский хамгийн түрүүнд ойр дотны хүмүүстэйгээ харилцахыг их хүссэн бололтой. Машинд, дараа нь зочид буудалд ч тэр утаснаас салахгүй гэр бүлийнхэн, найз нөхөдтэйгээ ярьж байлаа. Геншер маш түвэгтэй ажил амжуулсан. Энэ бол улс орнуудын хооронд одоо ч хэрэглэж буй нууц дипломат ажиллагаа” гэж мэдэгджээ.

Михаил Ходорковский баасан гарагийн өглөө Сегеже дэх хорих лагериас суллагдаж, орой нь Берлинд ирсэн юм. Путины шийдвэрээр Михаил Ходорковскийг сулласан явдалд АНУ баяр хүргээд буй. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керригийн мэдэгдэлд “Оросын шүүх засаглалын алдаа дутагдалтай талууд, нэн ялангуяа Ходорковский болон түүний ажил хэргийн түнш Платон Лебедев нарын эсрэг явуулсан шүүх ажиллагаа Вашингтоны санааг ихээхэн зовоож байсан” гэдгийг онцолсон байна.

“ГЭМ БУРУУТАЙ ГЭДГЭЭ ХҮЛЭЭГЭЭГҮЙ”

Владимир Путинд өршөөл үзүүлэхийг хүсч хандсанаа Ходорковский өөрийн хэвлэлийн төвийн сайтад нийтлүүлсэн мэдэгдэлдээ хүлээн зөвшөөрсөн байна. “Арваннэгдүгээр сарын 12-нд би ОХУ-ын Ерөнхийлөгчид ар гэрийн нөхцөл байдлын улмаас өршөөл үзүүлэхийг хүсч хандсан. Нааштай хариу өгсөнд талархаж байна. Гэхдээ гэм буруутайгаа хүлээх асуудал хөндөгдөөгүй” гэж ЮКОС-ын экс эзэн мэдэгджээ. Мөн “Өнгөрсөн хугацаанд ЮКОС-ын ажил хэргийг үргэлжлүүлж, надад болон миний гэр бүл, шударга бусаар шийтгэгдсэн, одоо ч мөрдөн мөшгүүлсээр байгаа хүмүүст тусалж дэмжиж байсан бүгдэд гүнээ талархал илэрхийлье. Би ойр дотны хүмүүсээ халуун дотноор  тэвэрч, найз нөхөд, хамтран зүтгэгчдийнхээ гарыг атгах мөчийг тэсч ядан хүлээж байна” гэж Ходорковский өгүүлжээ. Немцийн “Spiegel” сэтгүүлд мэдээлснээр Марина Ходорковская Берлиний нэгэн эмнэлэгт хэдэн сар хэвтэж эмчлүүлээд энэ сарын 11-нд гарч, нутаг буцсан аж.

“ИХ ЯДАРСАН, ГЭХДЭЭ МАШ АЗ ЖАРГАЛТАЙ БАЙНА”

Ходорковский Санкт-Петербургээс “OBO Bettermann” компанийн хувийн онгоцоор Берлинд иржээ. Харин түүнийг хорих лагериас нисдэг тэргээр Санкт-Петербургт авчирсан аж. Германы “Die Welt” сайтын мэдээллээр Ходорковскийг Берлинд авчрах онгоцыг Ганс-Дитрих Геншер биечлэн захиалсан гэнэ. Мөн  “Германы Засгийн газар энэ ажиллагааг амжилттай болоход ихээхэн хүчин чармайлт гаргасан Геншерийн хүчин чармайлтыг өндөр үнэлж байна”  гэж канцлер Ангела Меркелийн хэвлэлийн нарийн бичгийн дарга мэдэгджээ.

Урьдчилсан мэдээллээр Ходорковский Германаас эхнэрийнхээ байгаа Швейцарийг зорих бололтой. Ямартай ч баасан гарагийн үдэш Михаил Ходорковский өөрийн нийтлэлүүдийг байнга нийтэлж байсан Оросын сөрөг хүчний “The New Times” сэтгүүлийн редакци руу утасджээ. Тэрбээр “Арван жилийн дараа эрх чөлөөг мэдрэх сайхан байна. Өнгөрсөн хугацаанд намайг дэмжиж байсан та бүхэнд баярлалаа. Цаашид шударга бусаар хоригдсон олон хүнийг суллахын төлөөх тэмцэл биднийг хүлээж байгаа. Юуны түрүүнд Платон Лебедев” гэж ярьсныг тус сэтгүүлийн сайт онцолсон байсан юм.

“ТИЙМ Ч ТААТАЙ САНАГДАХГҮЙ БАЙНА”

Ходорковскийг суллах тухай өнгөрсөн баасан гарагт гарсан тушаалд ОХУ-ын Ерөнхийлөгч Путин “Хүнлэг ёсыг удиртгал болгон тогтоох нь: 1963 онд төрсөн, Москва хотын уугуул, Михаил Борисович Ходорковскийг цаашид хорих ялаас нь чөлөөлж, өршөөл үзүүлсүгэй” гэж онцолсон аж. Пүрэв гарагт болсон хэвлэлийн бага хурлын дараа тус улсын Ерөнхийлөгч Путин сэтгүүлчдэд Михаил Ходорковский ээжийнхээ өвчтэй байдлыг харгалзан үзэж өршөөл үзүүлэх хүсэлт гаргасан, ойрын хугацаанд энэ хүсэлтийг хангана гэж гэнэт мэдэгдсэн юм. Тэрбээр “Михаил Борисович хуулийн дагуу бичгээр хүсэлт гаргах ёстой байсан. Гэвч тэр өмнө нь үүнийг хийгээгүй. Харин тэр саяхан зохих ёсны дагуу өршөөл үзүүлэхийг хүссэн” гэж ярьжээ.

Харин Ходорковскийн ажил хэргийн түнш, “Менатеп”-ийн тэргүүн асан Платон Лебедев өршөөл үзүүлэх хүсэлт гаргаагүй бөгөөд гаргах ч бодолгүй байгаа нь тодорхой болсон юм. “Хүний эрхийн төлөө” хөдөлгөөний тэргүүн Лев Пономарев “Оросын Ерөнхийлөгч гадаад нөхцөл байдлын шахалтаар Ходорковскийд өршөөл үзүүлсэн. Гэхдээ энэ үйл явдал ямар ч өмгөөлөгчийн оролцоогүй болж өнгөрсөн. Учир энэ нь тусгай албаныхны ээлжит ажиллагаа” гэж үзэж байгаа юм байна. Иймээс ч тэрбээр “Ходорковскийд ямар нэг шахалт үзүүлж, гурав дахь хэргээр дарамталсан эсэхийг мэдэх юмсан. Энэ бүхэн тийм ч таатай санагдахгүй байна. Гэсэн хэдий ч энэ бол иргэний нийгмийн томоохон ялалт” гэж BBC-д өгсөн ярилцлагадаа өгүүлжээ.

В.ПУТИН: “ГУРАВ ДАХЬ ХЭРЭГ” ҮҮСЭХГҮЙ

Хэдхэн хоногийн өмнө эрх чөлөөтэй болсон Михаил Ходорковский 2003 оны аравдугаар сарын 25-нд Новосибирскийн нисэх буудлаас баривчлагдсан юм. Үүнээс хоёр жилийн дараа буюу 2005 онд түүнийг залилан болон бусад хэргүүдэд буруутай гэж үзсэн. Харин 2010 онд түүнд орлогоо нуун дарагдуулсан хэрэг тулгажээ. Михаил Ходорковский түүний эсрэг өдүүлсэн хэргийг “улс төрийн утга агуулгатай, авлигатай холбоотой” хэмээн мэдэгдэж буруугаа хүлээгээгүй. Владимир Путин, Дмитрий Медведев нар Ходорковский буруугаа хүлээн зөвшөөрвөл өршөөл үзүүлж болох юм гэсэн ойлголтыг тухайн үедээ өгч байжээ.
Сүүлийн үед ЮКОС-ын эсрэг гурав дахь хэрэг дэгдэж магадгүй гэсэн таамгийг мэдээллийн хэрэгслүүд дэвшүүлэх болсон. Гэхдээ өнгөрсөн пүрэв гарагт болсон хэвлэлийн бага хурлын үеэр ОХУ-ын Ерөнхийлөгч Путин ийм зүйл болохгүй хэмээн мэдэгджээ.

Б.МИШЭЭЛ

Эх сурвалж: "УЛС ТӨРИЙН ТОЙМ" сонин

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж