Монгол &#34Ким Чен Ун&#34

Хуучирсан мэдээ: 2013.12.23-нд нийтлэгдсэн

Ардчилсан намын дарга Н.Алтанхуягийн УИХ-ын гишүүн Ж.Батзанданг “найрах арга нь буруудаад байна” гэж хааяа боддог байв. Гэтэл тийм биш байж. Түүнийг Н.Алтанхуяг байтугай төрсөн ах нь ч удирдаж хүчрэхгүй нь өнгөрсөн долоо хоногийн сүүлчийн өдөр батлагдлаа. Учир нь тэрбээр Төрийн өмчийн хорооны дарга Д.Цогтбаатарт хандаж “Миний ах Ж.Батсүрэнтэй холбоотой асуудлыг шалгаж, үүрэгт ажлаас нь чөлөөлж, нэн даруй хариуцлага тооцож өгөхийг хүсье” хэмээн өргөдөл бичсэн байв.

Түүний төрсөн ах болох Ж.Батсүрэн нь Монгол-Солонго­сын хамтарсан “Монсам” гэх тө­рийн өмчит компанийн захирлын албатай нэгэн. Уг ажлынхаа шугамаар АНУ-аас таван ширхэг компьютер авчирсан ч гаалийн татвар төлөхөөс зайлсхийсэн гэж байгаа. Ингэхдээ “Би УИХ-ын гишүүн Ж.Батзандангийн төрсөн ах шүү” гэж баахан сагсуурсан нь хэвлэлд гарсан. Даанч үүнийг нь мөнөөх төрсөн дүү нь хүлээн зөвшөөрсөнгүй. Тэр ч бүү хэл ажлаас нь чөлөөлж, хариуцлага тооцохыг Төрийн өмчийн хорооны даргад үүрэгдэв.

Гайхалтай хэрэг биш гэж үү. Монгол Улсын түүхэнд лав ийм шударга УИХ-ын гишүүн байсныг олоход бэрх. Магадгүй үүгээрээ тэрбээр Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ун шиг харагдлаа. Тэр саяхан хүргэн ахаа цаазалж шийтгэн дэлхийг доргиулсан билээ. Ингээд бодохоор Монгол нэг Ким Чен Ун мэндлэв бололтой дог шүү. Төрснөө ч төрсөн гэхгүй шударга ёсыг хамгаалаад л.

Г.ОТГОНЖАРГАЛ

"УЛС ТӨРИЙН ТОЙМ" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж