
Сүхбаатар аймгийн Бичигтийн боомтоор олон улсын конвенцид хориглосон байдаг хөлдөөсөн чоно хилээр гаргахыг завдсан үйлдлийг гаалийн улсын байцаагчид илрүүлэн таслан зогсоожээ. Тодруулбал, хөлдөөсөн чоно хоёр ширхэг, чонын шулсан толгой, ходоод тус бүр нэг ширхэг, үнэгний элдсэн арьс нэг ширхэгийг тус боомтын захиргааны жолооч Э албаны 96-96 “СҮА Ланд-80” маркын автомашинд нуун Бичигтийн боомтоор энэ сарын 20-ны өдөр хилээр гаргахыг завдсан байна. Эл ноцтой зөрчлийг Гаалийн ерөнхий газрын харьяа Сүхбаатар аймгийн Бичигт дэх Гаалийн хорооны улсын байцаагч нар, Хилийн мэргэжлийн хяналтын алба, Хилийн шалган нэвтрүүлэх албаны хамтарсан шалгалтаар илрүүлж, хуулийн байгууллагад шилжүүлсэн байна.
Зүүн гурван аймагт чоно агнахыг хориглосон байдаг бөгөөд Монгол улс "Зэрлэг амьтан ба ургамалын аймгийн нэн ховордсон зүйлийг худалдаалах тухай олон улсын конвенци" /CITES/ -т 1996 онд нэгдсэн юм.
Б.МИШЭЭЛ