
Хуульд зааснаар үнэн бодитой мэдээлэл өгсөн иргэнийг урамшуулахаар зааж, мөнгөн урамшууллыг нь гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлэх заалттай учраас Сонгуулийн ерөнхий хороо хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж, дээрх нэр бүхий 13 иргэнд тус бүр сая төгрөгийг олгосон байв.
Гэтэл мөнгө тараалгасан гол эзэд нь УИХ-д сууж байсан болохоор тэр үү Тариалан сумын 13 иргэнийг нутгийнхан нь "Мөнгөний төлөө мэдээлэл өглөө" гэж ярих болсон тул тэд шударга ёсны төлөө хуулиа биелүүлэхийг сануулж, өнгөрсөн сард Улаанбаатар хотноо хүрэлцэн ирж сая төгрөгөө буцааж өгөөд хэсэг хугацаанд нийслэлд түр суурьшсан ч буцахаас аргагүй болжээ.
Тэгтэл дээрх иргэдэд хариу арга хэмжээ авахын тулд УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн нар Увсын МАН-ын үүрийн дарга нарыг автобусаар Улаанбаатарт ирүүлсэн ч Тариалан сумынхан нутаг буцаж таарчээ. Ингээд хийх ажилгүй болсон МАН-ын үүрийн дарга нарыг Б.Чойжилсүрэн хүлээн авч “Бидний төлөө ирсэн та бүхэнд баярлалаа. Одоо ажиллах шаардлагагүй боллоо. Би Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэнтэй тохирчихсон. Гишүүнээрээ үлдэнэ. Асуудалгүй” гэж хэлээд тус бүрт нь мөнгө өгөөд буцаасан сурагтай.
Увсын сонгогчдод 2008 онд 10 мянга, 2012 онд 100 мянга тараасан эрхэм түшээ энэ удаа Ч.Содномцэрэнг худалдаад авчихсан юм биш байгаа. Ямартай ч хоёр гишүүний мөнгө тараасан нь батлагдсан байхад энэ талаар байр сууриа илэрхийлэхгүй гүрийсээр байгаа Сонгуулийн ерөнхий хорооны даргын үйлдэл нэг л сэжигтэй шүү.