“Pussy Riot”-ийн гишүүдийг шоронгоос суллажээ

Хуучирсан мэдээ: 2013.12.23-нд нийтлэгдсэн

“Pussy Riot”-ийн гишүүдийг шоронгоос суллажээ

Сибирийн Красноярск хотын шоронд хоёр жилийн хорих ял эдэлж байсан “Pussy Riot” панк хамтлагийн гишүүн Мария Алёкина суллагдсан болохыг нөхөр Пётр Верзигов мэдээлжээ. Түүнчлэн түүнтэй адил хорих ял эдэлж байсан Надежда Толоконникова өнөөдөр үдээс хойш /ХII.23/ суллагдах болсон гэнэ. Тэд ОХУ-ын эрх баригчдын баталсан өршөөлийн хуулийн дагуу хорих ялын хугацаа нь дуусахаас хоёр сар орчмын өмнө суллагджээ.  “Pussy Riot” хамтлагийн бүсгүйчүүд Москвагийн үнэн алдартны сүмд Ерөнхийлөгч Владимир Путиныг шүүмжилсэн үзүүлбэрээ хийснээс болж баривчлагдан, шоронд хорих ялаар шийтгүүлсэн юм.

Олон улсын ажиглагчдын зүгээс Кремлийн эрх баригчдын саяхан баталсан шинэ өршөөлийн хуулийг ирэх хоёрдугаар сард болох Сочийн Олимпыг олноороо бойкотлож буй хүний эрхийг дэмжигчдийн зүгээс сайшаал авч, Ерөнхийлөгч Владимир Путины нэр хүндийг өргөх зорилготой хэмээн дүгнэж байгаа билээ.  Ямартай ч өршөөлийн хуулийн ачаар “Pussy Riot” –ийн хоёр гишүүн болон шоронд 10 жил хорих ял эдэлсэн ОХУ-ын газрын тосны экс магнат Михаил Ходорковский нар суллагдаад байна. Түүнчлэн ОХУ-д хоригдож буй байгаль орчны төлөө тэмцэгч олон улсын “Грийнпийс” хөдөлгөөний идэвхитнүүд ч мөн суллагдах тухай эх сурвалжууд мэдээлж буй билээ.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж