МАН-ын дарга М.Энхболд үе үеийн сайд нартай уулзаж, өнөөгийн нийгэм эдийн засаг, цаашдын чиг хандлагын талаар ярилцлаа. Энэ удаагийн уулзалтад М.Энхсайхан, Д.Содном, Ш.Гунгаадорж нар оролцсон юм.
Ерөнхий сайд асан М.Энхсайхан:
-Цаашид манай эдийн засгийн нөхцөл байдал хүндрэх түгшүүртэй байна гэж санаа зовж байгаатай санал нэг байна. Эдийн засгийн нөхцөл байдлыг үе үеийн Засгийн газарт амархан нялзааж болдоггүй зүйл. Хэрэв алдсан бол монголчууд бүгдээрээ алдсан гэж дүгнэмээр байна. Ялангуяа ийм нөхцөл байдалд улс төрийн тогтвортой байдал их чухал. Ер нь сонгуулийн дараа монголчууд нэг л Засгийн газар байгуулдаг зарчим руу ормоор байгаа юм. Яагаад гэвэл, сонгууль бол улс төрийн намууд дотор байгаа фракциудын тэнцвэр дээр Засгийн газар байгуулагдахын төлөө явдаг сонгууль болдог. Сонгуулийн үр дүнд байгуулагдаад сайн, муу хэлсэн ч Засгийн газар байгуулсан бол тэр Засгийн газартаа ажиллах бололцоо олгодог зарчим Монголд үгүйлэгдэж байгаа цаг үе. Тиймээс МАН-аас хоёр сайдыг огцруулах саналыг ойлгож байгаа боловч энэ нь улс төрийн тогтворгүй байдал бий болгох гинжин урвал бий болох эхлэл болчих вий гэж санаа зовж байгаа учраас дэмжээд байхааргүй. Одоо яг УИХ-аар хэлэлцэгдэж буй асуудлын дотор Үндсэн хуульд өөрчлөлт оруулахгүйгээр УИХ-ын гишүүдийн давхар дээлийг тайлах төсөл бий. Үүнийг зарчмын хувьд дэмжиж байгаа бөгөөд хуулийн хэрэгжилтийг 2016 оны долдугаар сараас хэрэгжүүлэхийг дэмжих хэрэгтэй. Яагаад гэвэл МАН, АН ч саналаа өгсөн сонгогчдын саналыг үл хүндэтгэсэн хэрэг болно гэж бодож байна. Тэгэхгүй бол улс төрийн тэнцэлийг алдагдуулах, том намууд дотор үл ойлголцсон хөдөлгөөн үүсч, монголчууд хожихгүй. Бидний санаа зовж байгаа асуудал, хандах хандлага нэг байна байх гэж бодож байна.
Ерөнхий сайд асан Ш.Гунгаадорж:
-Эдийн засгийн байдал өнөөдөр ямар байдалд байна вэ гэдэг нь тодорхой байна. Эрдэмтэд, мэргэжилтнүүд, ард иргэдийн амьдрал болохгүй, юмны үнэ хязгаараа алдлаа гэдэг нь нүдэн дээр байгаа зүйлүүд. Үүн дотор олон улсын хэмжээнд зэрэг буурсан, чанаргүй зээлийн хэмжээ хэтэрхий их байна. Имй байхад улс орны эдийн засаг сайхан болно, гадаадаас өр зээл аваад сайхан болно гэдэг нь бараг л үлгэр юм. Үүн дээр маш нухацтай дүгнэлт хийх ёстой. Хариуцлага тооцох асуудал бол байх ёстой. Уг нь Засгийн газар дотроо хариуцлага тооцох ёстой. Тийм эр зориг алга байна. Үүнийг заавал сөрөг хүчин яриад, сөрөг хүчин олонхийн мууг үзэх гэж байгаа юм шиг харагдуулах хэрэггүй байсан юм. Ер нь бол хариуцлага тооцох ёстой. Засгийн газар байгаа байдалдаа чухал дүгнэлт хийж, арга барилаа зөв чиглэл рүү оруулахгүй бол эвгүй байдал руу орох нь тодорхой харагдаж байна. Сөрөг хүчнээс тавьж байгаа санал буруу гэж үзэхгүй байна. Гэхдээ нам эвслээрээ хуваагдсан энэ үед үр дагаварын хувьд улс төрийн тогтвортой байдал чухал зүйл. Үүнийг сөрөг хүчин бас анхаарах ёстой. Өнөөгийн байдалд дүгнэлт хийхээс гадна яагаад ийм болсон бэ гэдгийг өнгөрсөн, одоо, ирээдүй гэсэн уулзвар дээр нухацтай дүгнэлт хийх цаг болсон. Эргээд харахад 20 гаруй жил Монгол Улс яаж яваад ирэв гэхээр ард түмнээс сонгодог парламентийн засаглал, мөн Ерөнхийлөгчийн засаглалтай. Ерөнхийлөгч, парламент нь шийдвэр гаргаж байгаа нь мэдэгдэхгүй байна. Тиймээс Үндсэн хуулинд гар хүрэхгүйгээр өнөөдрийн дэгэн, догонтой байдал арилахад хэцүү. Үндсэн хуулинд гар хүрэхийг дорвитой эхлүүлэх ёстой. Сонгодог парламентийн тогтолцоо руу орох цаг болсон. Тиймээс хоёр танхимтай, Ерөнхийлөгчөө парламентаасаа сонгодог зарчмыг Үндсэн хуулиндаа тусгах ёстой. Цөөхөн хүн амтай улс нам эвсэлээрээ, нас, шүдээрээ, хөрөнгө чинээ, хөдөө гадаагаараа хуваагдаад үндэсний эв нэгдэх асуудал суларсан байна.
Ерөнхий сайд асан Д.Содном:
-Эдийн засаг хүндэрч байна гэж яриад байгаа боловч гарцыг олж чадахгүй байна. Үе үеийн сайд нарыг урьж, санал солилцож байгаа нь чухал байна. Нэлээд хэдэн сарын өмнө Ерөнхийлөгч Үндсэний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүдийг урьж Монгол Улсын нийгэм, эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, цаашдын арга хэмжээний талаар санал солилцож байсан. Бүх хүндрэл, хэцүү байдлыг ойлгож байгаа ч цаашид бид яаж энэ байдлаас гарахын тулд юу хийх вэ гэдгээ бодох хэрэгтэй. Хөгжлийнхөө цэгцтэй, алсыг харсан бодлогтой болох хэрэгтэй байна. Дөрвөн жил нэг нам гарч ирээд хөтөлбөр гаргаад, дөрвөн жилийн хугацааг харсан бодлогоор явахгүй. Тиймээс алсыг харсан, тал талаас нь харсан иж бүрэн бодлоготой болох ёстой байх. Одоогийн хүндрэлтэй байгаагийн гол шалтгаан нь үйлдвэрлэл хөгжүүлэх бодлого, санаачлагыг дэмжих нь дутагдаад байна. Үйлдвэрлэлээ хөгжүүлэхгүй бол эдийн засаг урагш явахгүй. Монголын саалийн үнээ болох “Эрдэнэт” 110 гаруй мянган тонн зэс агуулсан баяжмал үйлдвэрлэдэг. Үүний хүчинд гадаад худалдааны тэнцэл нааштай байхад нөлөөлдөг, улсын төсвийн орлогыг нэлээд хэсгийг бүрдүүлдэг. Одоо Дорноговь аймагт Цагаан суваргын зэсийг ашиглах төслийг эхлүүлсэн. 2015 онд ашиглалтад оруулахаар төлөвлөсөн боловч хойшилж байна. Энэ төслийн хүрээнд 70 мянган тонн зэсийг агуулсан баяжмал үйлдвэрлэнэ. Мөн тус аймгийн Даланжаргалан суманд нэг сая тонн цемент үйлдвэрлэх үйлдвэрийн ажил эхэлсэн. Төр засгийн зүгээс жаахан дэмжлэг үзүүлээд хүчээ хавсарвал 2014 онд ашиглалтад орох боложмтой байна. Гэх мэтчилэн хувийн хэвшлүүдийн санаачилсан, үйлдвэр байгуулсныг төр засаг нь анхааралдаа авч, хувийн хэвшлийг дэмживэл үйлдвэрлэл их амархан хөгжих боломжтой. Хэрэв энэ хоёр төслийг ашиглалтад оруулбал, гадаад худалдааны тэнцэлд 600 орчим сая ам.долларын нэмэр болно. Экспорт нэмнэ, импорт хэмнэнэ. Нөгөө талаар үйлдвэрлэлийг хөгжүүлэхийн тулд шууд нөлөө үзүүлдэг дэд бүтцийн асуудал дээр анхаарах ёстой. Нэгдүгээрт, цахилгаан станцуудаа барих. Зөв, буруу гэсэн маргааныг зогсоож түргэн ашиглалтад оруулах дээр Засгийн газар анхаарлаа төвлүүрэлх юм. “Тавантолгой” цахилгаан станцыг ашиглалтад оруулбал Оюутолгой, Цагаан суварга гэлтгүй төвийн эрчим хүчний системийн дутагдлыг арилгана. Мөн усан цахилгаан станцыг хурдан барих ёстой. Газрын тосны хайгуул хийхээр санаачилсан компаниудаа дэмжих ёстой. Өөрөөр хэлбэл, үндэсний үйлдвэрлэлээ хөгжүүлэхийг Засгийн газар анхаарвал цаашид асуудалгүй явах ёстой. Мөн төрийн тогтвортой тогтолцоог бий болгох ёстой. 2016 оноос өмнө Үндсэн хуулиндаа өөрчлөлт оруулаад цэгцэлбэл их хэрэгтэй. Ер нь төрийн тогтвортой тогтолцоотой болбол цаашид нам, улс төр тойрсон ойлгогдохгүй маргаанд цэг тавина гэж би боддог юм.