Германы баг аваргаа хамгаалжээ

Хуучирсан мэдээ: 2013.12.23-нд нийтлэгдсэн

Германы баг аваргаа хамгаалжээ

Жүдо бөхийн Европын клубын аварга шалгаруулах тэмцээн Францын нийслэл Парист боллоо. Европын жүдо бөхийн холбоо (EJU)-ноос зохион байгуулдаг багийн тэмцээн эрэгтэйчүүдийн 66, 73, 81, -90, +90, эмэгтэйчүүдийн 52, 57, 63, -70, +70 кг-ын жингийн ангилалд болсон юм.

Эрэгтэйчүүдийн төрөлд 20 баг өрсөлдөж Германы “TSV Abensberg” клуб түрүүлэв. Уг клуб өнгөрсөн жил түрүүүлж байсан бөгөөд хошой аварга болж байгаа юм. Багийн бүрэлдэхүүнд олимп, дэлхийн аварга Грекийн Илиас Илиадис, ДАШТ-ий алт, мөнгө, хүрэл медальт Украины Георгий Зантария, олимп, ДАШТ-ий медальт Андреас Тоелцер, ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт, Испанийн Сугой Уриарте зэрэг шилдгүүд багтжээ. Тэд шигшээ барилдаанд Францын “Levallois SC Judo”-г 4:1-ээр буулган авчээ. Харин хүрлийг олимпийн аварга Мансур Исаев болон Кирилл Денисов, Алим Гаданов, Сиражудин Магомедов, Михайл Пулаев, Денис Ярчев, Кирилл Вопросов, Ренат Сайдов нарын Оросын бүхий л шилдгүүдтэй “Yawara-Neva”, Камил Хан-Магомедов, Станислав Семенов тэргүүтэй ОХУ-ын “Dinamo RSO-Alania” клуб хүртэв. 66 кг-ын жингийн дэлхийн тэргүүн жүдоч олон улсын хэмжээний мастер Д.Төмөрхүлэгийн хүч үзсэн Голландын “Kenamju Haarlem” клуб шөвгийн 16-д Давид Ларосе тэргүүтэй эзэн орны “Sainte Genevieve Sports” клубт 2:3-аар хожигдсон байна.

Харин эмэгтэйчүүдийн ангилалд 15 баг өрсөлдсөнөөс Францын “Jc Maisons Alfort” клуб аваргаллаа. Тэд шигшээ барилдаанд ОХУ-ын Санкт-Петербург хотын “YAWARA-NEVA” клубыг 5:0-ээр буулган авчээ. ОХУ-ын баг өнгөрсөн жил мөн үзүүрлэж байв. Хүрлийг Францын “JC Pontault Combault”, Туркийн “Galatasaray SC” клуб хүртсэн байна.

Б.ЗУЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж