“МИАТ”-ийн экс удирдлагууд шоронд хоригдлоо
“МИАТ”-ийн экс удирдлагуудын мөнгө угаасан нийгэмд багагүй дуулиан тарьсан юм. Цагаан захтнуудын холбогдсон хэргийн хохирол 6,4 тэрбумаар хэмжигдсэн нь энгийн иргэний зүүдэнд ч багтамгүй явдал байлаа. Олон жилийн турш алдагдалтай ажиллаж ирсэн тус компанийн экс удирдлагууд “ Дайны эрсдлийн сан” нэрээр 6,4 тэрбум төгрөгийг угаасан хэргээр өнөөдөр ял эдэлж байна.
Мөнгө угаасан хэргээр анх цагаан захтнууд ял сонссон Улсын дээд шүүхээс энэ зүйл ангийг нь хэрэгсэхгүй болгосон. Дээд шүүхээс “МИАТ”-ийн захирал асан Б.Эрдэнэбилэгт долоон жил, Ч. Хоролсүрэнд найман жил, Ц.Орхон, Б.Бат-Эрдэнэ, Голомт банкны зургаадугаар салбарын захирлаар ажиллаж байсан Г.Саранчимэг нарыг тус тус жирийн дэглэмтэй хорих ангид гурван жил хорих ялаар шийтгэсэн юм.
“Дайны эрсдлийн сан” гэх нэрийдлээр зохиомол даатгалын компаниуд руу их хэмжээний мөнгө гуйвуулан хуримтлуулж, мөнгө завшиж, угаасан хэргээр “МИАТ”-ийн удирдлагууд ял сонссон нь төрийн өмчит компаниудын захирлуудыг багагүй цочроосон билээ.
Татвар төлөгчдийн мөнгөөр гараа угааж, эхнэр хүүхэд, нууц амрагийнхаа дансанд тэрбум, тэрбумыг нь шилжүүлж байсан хэрэг олны нүдийг бүлтийлгэсэн. Захын нэг татварын байцаагчийн эхнэрийн данснаас зургаан сая ам.доллар, нууц амрагийнх нь данснаас тэрбум төгрөг гарч ирсэн нь Монгол Улс хонио чононд хадгалуулж байсан уу гэх шүүмжлэлийг дагуулж байсан. Үндэсний татварын ерөнхий газрын Хяналт, шалгалтын хэлтсийн дарга Ч.Гансүх, Улсын төсөв, орлого хяналтын газрын судалгаа, үнэлгээний хэлтсийн дарга Д.Энхбат болон татварын байцаагч О.Бямбасүрэн нарыг их хэмжээний авлига авч, улсын хөрөнгөөс 17 тэрбум төгрөг шамшигдуулсан хэрэгт буруутган АТГ-т шалгаж эхэлсэн боловч энэ хэрэг одоог хүртэл шүүхээр шийдвэрлэгдээгүй байгаа юм. Тэд аж ахуйн нэгж, хувь хүнийг татвараас хөнгөлснийхөө хариуд авлига авдаг байжээ гэсэн хуулийнхан асуудлыг нэг тийш нь шийдээгүй хэвээр байна.
Хөтөлийн “Цемент, шохой”-н үйлдвэрийн гүйцэтгэх захирал А.Шоовдорыг улсад их хэмжээний хохирол учруулсан, албан тушаалаа урвуулан ашигласан, тендерийн холбогдох хуулиудыг зөрчсөн байж болзошгүй гэх мэт хэд хэдэн үндэслэлээр хуулийнхан буруутгасан. “Хөтөл-Занар” нэртэй компанийг байгуулж, “Цемент, шохой”-н үйлдвэрээс хаягдал нэрийдлээр бүтээгдэхүүн авч боловсруулдаг байжээ. Боловсруулсан бүтээгдэхүүнээ буцаагаад үйлдвэрт шахдаг байсан гэх. Тодруулбал, “Хөтөл-Занар” гэх компанийн нэрээр Хөтөлийн “Цемент, шохой”-н үйлдвэрийн дээрхи нэр бүхий удирдлагууд их хэмжээний мөнгө угаадаг байж. Энэ хэрэгт нийтдээ 38 тэрбумын асуудал хөндөгдөж байна.
“Хадгаламж” банкны цорын ганц хувьцаа эзэмшигч байсан “Жаст” группын Ш. Батхүүг хориод удаж байгаа. Түүний бие муудсан гэх шалтгаанаар 461 дүгээр ангийн урьдчилан хорих төвийн эмнэлэгт эмчлүүлж буй. “Хадгаламж” банкны харилцагчдын мөнгөнөөс хувьдаа завшсан. “Эрдэнэт” үйлдвэрийг барьцаанд тавьж Өмнөд Африкийн “Стандарт” банкаас нийтдээ 109 сая ам.долларыг зээлсэн өрөө төлж чадахгүйд хүрсэн гэх олон үндэслэлээр түүнийг цагдан хорьсон. Энэ асуудалд ТӨХ-ны дарга Д.Сугар, “Эрдэнэт” үйлдвэрийн ерөнхий захирал Ч.Ганзориг нарын нэрс холбогдсон ч хуулийнхан эрс няцаасан. “Жаст”-ын Ш.Батхүүгийн хэрэг одоогоор мөрдөн байцаалтын төвшинд яваа.