
Р.Амаржаргалынхаас ялгаатай нь ёс зүйгээ бодсондоо бус ёс зүйгүйгээс болж ийм нэгэн түүх шинээр төрсөн юм. Олон нийтийн дунд багагүй хэлэлцүүлэг өрнөсөн ч УИХ-ын босго давж чадалгүй унасан Алтны худалдаанд ил тод байдлыг бүрдүүлэх тухай хуулийн төслийн талаар өгүүлье. Засгийн газраас гол бодлогоо гэж оруулж ирсэн энэ төсөл хоёр долоо хоногийн өмнө УИХ-аар хэлэлцэх үед олонхийн санал авч чадалгүй унасан. Хэлэлцэх эсэхийг нь УИХ хаалттай хэлэлцсэн тэр чуулган дээр ганцхан саналын зөрүүгээр энэ төсөл унасан гэдэгт учир байгаа юм.
Ерөнхий сайд Н.Алтанхуяг гол бодлогоо гэж, улс орны эдийн засгийг өөд нь татна гэж энэ төслийг ээлжит бус чуулганд анх оруулж ирсэн билээ. Нийгмийн сэтгэл зүй, сөрөг хүчний шүүмжлэл зэргээс үүдэж хойш тавьж явсаар ийнхүү УИХ-аар хэлэлцэхэд ганцхан саналаар унахад хэн буруутай байв. Тэр тусмаа УИХ-ын нийт гишүүдийн дөрөвний нэг нь шинэчлэлийн Засгийн газарт сайдаар ажиллаж байгаа үед ганц санал дутна гэдэг үнэхээр хариуцлагагүй л байдал гэхээс өөр юу гэхэв. “Сөрөг хүчин бойкотлоод байна”, “Монгол Улсад алт л хэрэгтэй” гэж удаа дараа мэдэгдэж байсан шинэчлэлийн Засгийн газрын гишүүд яг ярьснаа ажил хэрэг болгох хуралд өөрсдөө ирээгүйгээс л төсөл нь унасан гэсэн үг.
Чуулганы танхимаас тавхан алхмын зайд өрөөтэй Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг нар тэр хуралд ямар ч шалтгаагүйгээр оролцсонгүй. Энэ улсын эдийн засгийг урагшлуулна гэсэн Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр нь ч бас байсангүй. Харин Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюун танхимаасаа өргөн барьсан төсөл УИХ-ын босго давалгүй унасны дараа л чуулганы танхимд дөнгөж орж иржээ. Магадгүй санамсаргүй байдлаар гэж хэлж болох ч яг үнэндээ Засгийн газар л өөрсдийнхөө санаачилсан төслийг УИХ дээр өөрсдөө унагалаа.
Ямар ч шалтгаангүйгээр хуралдаанаа тасалсан энэ дөрвөн сайдаас ядаж нэг нь л чуулганд цагтаа ирсэн бол өнөөдөр Алтны худалдаанд ил тод байдлыг бүрдүүлэх тухай төсөл УИХ-аас хууль болоод батлагдах ч боломж байсан. Үр дүнд нь сайд нарын хэлж ярьж байснаар Монгол Улс алттайгаа, эдийн засгаа тэтгэх боломжтойгоо үлдэх байсан юм.
Далайд гарцгүй, хуурай замын тээвэр дулимаг хөгжсөн манайх шиг улс асар их нүүрсний нөөцтэй ч экспортлох хэмжээнээсээ хамаарч хурдан хөгжих бололцоогүй байдаг. Төмөр замын тээврийн асуудлаас болоод гацчихаад байгаа энэ бодлогын дэргэд алтаа өөрсдөө аваад, түүгээрээ хөгжсөн бол удахгүй мөнгөтэй, доллартай болох боломж нь байлаа. Алт бол тухайн улсын үндэсний валютын баталгаа нь болдог. Улс орнуудын хүчирхэг байдлыг хэмждэг үндсэн дөрвөн хэмжүүрийн нэг нь алт болсон нь ч үүнтэй холбоотой. Зэвсэгт хүчин, үнэ цэнтэй компани, үл хөдлөх хөрөнгө, алтны нөөцөөр нь тухайн улсад рейтинг тогтоодог гэхээр Монголын хүчирхэгжих боломж зөвхөн алт л байлаа. Харин одоо алт хулгайн замаар байна уу, хуулийн хажуугаар байна уу гадагшаа л урсаад байх нь.
Монголдоо алтаа үлдээх зөв бөгөөд оновчтой бодлогыг гаргаж ирснээрээ шинэчлэлийн Засгийн газар гавьяатай. Харин УИХ-д оруулж ирсэн бодлогоо өөрсдөө татаж унагаснаараа энэ засаг Монголд гай тарилаа.
Эх сурвалж: "ҮНДЭСНИЙ ШУУДАН" сонин