Өсвөрийн шатарчдын Дэлхийн аваргад оролцож буй Монгол улсын тамирчдаас хөвгүүдийн найманд насанд өрсөлдөж буй Ганзоригийн Амартүвшин таван хожил, нэг тэнцээтэй гуравдугаар байрт бичигдэж байна.
Арабын нэгдсэн Эмират улсын Ал Айн хотод өсвөрийн шатарчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эдгээр өдрүүдэд үргэлжилж байна. Энэ сарын 18-нд эхэлсэн тус тэмцээнд зургаан насны 12 ангилалд дэлхийн 121 орны 1800 орчим тамирчин өрсөлдөж байна. Өчигдөр тэмцэний зургаадугаар өргийн тоглолт боллоо.
Монгол улсаас 39 тамирчин оролцож байгаагаас зургаан өргийн дараах байдлаар хөвгүүдийн найман насанд өрсөлдөж буй Чингэлтэй дүүргийн “Цэцэн нүүдэл” клубын тамирчин Ганзоригийн Амартүвшин 5,5 оноотой хожигдолгүй яваа Энэтхэг, Туркийн тамирчдын ард бичигдэж байна. Монголын бусад тамирчдын тухайд 2-4,5 оноотой тэмцээнээ үргэлжлүүлж байна.
Нас болгонд 100-150 тамирчин өрсөлдөж байгаагаас охидын найманд насанд Бат-Эрдэнийн Мөнхзул IX (5 оноо), Ганганбарсын Маралгуа XVI (4 оноо), хөвгүүдийн арван насанд Сугарын Ган-Эрдэнэ XXVI (4.5 оноо) байрт тус тус бичигдэж байна. Мөн хөвгүүдийн 12 насанд 4,5 оноогоор Бямбасүрэнгийн Гарьдмагнай, Үүрцайхын Агьбилэг XX, XXV байрт явна.
Харин хөвгүүдийн 16 насанд 150 тамирчин оролцож байгаагаас ФМ С.Билгүүн дөрвөн хожил, нэг тэнцээ, нэг хожигдолтойгоор 4,5 оноотой XVI байрт бичигдэж байна.
Өнөөдөр тэмцээний долдугаар өргийн тоглолт болох бөгөөд Улаанбаатарын цагаар 19:00 цагт эхэлнэ. Тэмцээн энэ ирэх ням гаригт буюу энэ сарын 29-нд өндөрлөнө. Тэмцээний дэлгэрэнгүй фотог ЭНД дарж үзнэ үү.
Сануулахад, энэ жилийн ДАШТ-нд 121 орны 1800 орчим тамирчид оролцож байна. Тэдний дунд ОХУ 111 тамирчинтай тэргүүлж байгаа бол АНУ 97, зохион байгуулагч АНЭУ 87, Энэтхэг 84 тамирчинтай тэргүүлж байна. Манай улсын хувьд Монголын шатрын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Т.Батсайханаар ахлуулсан 39 тамирчин дэлхийн шилдгүүдтэй өрсөлдөж байна. Алжер, Аргентин, Ботсван, Бруней, Гана, Лаос, Македон, Мальт, Мавритан, Мавритус, Мьянмар, Нигер, Пакистан зэрэг 20 орчим орноос тус бүр нэг нэг тамирчин оролцож байна.