Ерөнхийлөгч хаалттай хуралдаан зарлажээ

Хуучирсан мэдээ: 2010.06.17-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгч хаалттай хуралдаан зарлажээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж УИХ-ын чуулганы баасан гаригийн нэгдсэн хуралдаанд Үндэсний аюулгүй байдал хэрхэн алдагдаж байгаа талаар гишүүдэд мэдээлэл хийхээр хаалттай хуралдаан зарлажээ. Энэ тухай УИХ-ын гишүүн Л.Гүндалай чуулганы үдээс өмнөх хуралдааны үеэр мэдэгдлээ. Дээрх мэдэгдлийг хийх үед чуулганаар УИХ-ын гишүүн Д.Ганхуяг нарын санаачлан боловсруулсан Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байсан юм. Үзэл баримтлалын хувьд авч үзвэл тус төсөлд хайгуулын лиценз авсан этгээд нөөцөө тогтоон тухайн ордыг ашиглах бол эхлээд Техник эдийн засгийн үндэслэлээ гаргаж, баталгаажуулсны дараа хөрөнгө оруулалтын гэрээ байгуулдаг болохыг зааж өгчээ. Хэрвээ энэ заалтыг зөрчвөл төр лицензийг нь буцаан авна, ингэхдээ хайгуулд зарцуулсан хөрөнгийг улсын төсвөөс гаргана гэсэн заалтыг ч давхар оруулсан аж. Гэвч энэ нь хэлэлцүүлгийн шатанд гишүүдийн дунд маргаан дэгдээж, олонх нь хувийн хэвшлийнхнийг боомилох бодлого болно гэж үзэн шүүмжлэлтэй хандав.  Энэхүү тайлбарыг эсэргүүцсэн гишүүн Л.Гүндалай “ангийнхандаа” хандан “Өмнө нь Ерөнхийлөгч хаалттай хуралдаан зарлаж, Үндэсний аюулгүй байдалд ямар аюул учирсан талаар дэлгэрэнгүй мэдээлэл хийсэн. Эдийн засаг, эрүүл мэнд бизенсийн салбарууд будаа болж дууслаа.  Яачихсан олигархиуд вэ. Маргааш Ерөнхийлөгч дахин энэ сэдвээр хаалттай хуралдаан хийхээр зарлаад байна. Ашигт малтмалын тухай хуулиа бид өөрчлөх цаг болсон. Айвенхоу майнз компани биднийг яасан билээ. “Танай хуулинд төрийн хувь эзэмшил 34 хувь байна гэж заасан учраас Оюутолгойн ордоос 34 хувиас илүүг өгөх боломжгүй гэсэн. УИХ- ч өөрөө муухай юм хийсэн, Техник эдийн засгийн үндэслэл нь батлагдаагүй байхад Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах эрхийг Засгийн газарт өгсөн. Одоо энэ УИХ-д олигархиуд, лиценз авчихсан гишүүд л олонх нь сууж байна. Өнгөрсөн хугацаанд УИХ Монгол Улсын төрийг яаж уруу татах вэ гэдэг бодлогыг л хэрэгжүүлж ирсэн шүү. Засгийн газар Тавантолгойн ордыг 1.5 сая төгрөгийн ломбардад тавихаар төсөл оруулаад ирсэн. Ийм байдлаар асуудалд хандаж болохгүй” гэлээ.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж