-Гэр бүлийн хүчирхийллийг гэмт хэрэгт тооцохыг иргэний нийгмийн байгууллагууд шаардлаа. Хуульд ийм зохицуулалт оруулахад та бүхэнд ямар дэмжлэг, нөлөөлөл хэрэгтэй байна вэ?
-Иргэний нийгмийн 27 байгууллага энэ асуудлаар байр сууриа тодорхой илэрхийлсэн. Ерөнхийлөгч мөн байр сууриа илэрхийллээ. Үндсэн хуулиндаа хууль шүүхийн өмнө хүн бүр тэгш эрхтэй гэж заасан. Гэтэл гудамжинд үйлдэгдсэн хэрэг, гэр бүлийн хүрээнд үйлдэгдсэн хэрэгт хүлээлгэх хариуцлага нь ялгавартай байна. Үүнийг халах цаг болсон. Гэр бүлийн хүрээнд үйлдэгдсэн хэргийн хор хохирол нь адилхан мөртлөө хэрэг ч биш, зөрчил ч биш үлдэж байна шүү дээ. Ер нь эдийн засгийн шинжтэй хуулиуд ойр ойрхон өөрчлөгдөөд л байдаг. Харин хүний өдөр тутмын ажил амьдралд хамаатай хууль арван жил өнгөрсөн ч бахь байдгаараа байх нь бий. Энэ асуудал дээр УИХ зоримог өөрчлөлт хиймээр байна. Одоо өргөн барихаар ажиллаж байгаа Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд нөхөөс, дүр үзүүлсэн ганц нэг зохицуулалт хэрэггүй. 2004 онд Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай доголон хууль баталсан. Тэмээ шиг юмыг ямаа шиг болгосонтой адил өөрчлөөд, танигдахын аргагүй болгоод оруулж ирсэн. Энэ удаа хуулийн нэмэлт өөрчлөлтөд өмнөх шигээ хандвал иргэний нийгмийн байгууллагууд хүчтэй эсэргүүцэх болно.
-Гэр бүлийн хүрээнд үйлдэгдэж байгаа хэрэгт өмнө нь Эрүүгийн хуулиар хариуцлага хүлээлгэж ирсэн. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд зохицуулалт хийх ямар шаардлага байна вэ?
-Мэдээж Эрүүгийн хуулинд гэр бүлийн хүчирхийллийн эсрэг оруулсан буюу зодох, тарчлаах, гэмтэл учруулах зэрэг заалт бий. Гэхдээ гэр бүлийн хүрээнд 24 цаг айдастай байгаа хүн тэрийгээ ил гаргаж чадахгүй. Гаргалаа ч гэмт хэрэг гэж үзэхгүй. Гэр бүлийн дотоод асуудал гэдгээр хүлээж аваад хайхрахгүй орхидог. Гэр бүлийн хүчирхийллийг гэмт хэрэг гэж тооцно гэж тодорхой заагаагүй нөхцөлд хохирогч хэзээ ч хамгаалагдаж чадахгүй гэдэг нь сүүлийн үед гарч байгаа хэргүүдээс харагдаж байна. Цагдаагийн байгууллагын тоон мэдээгээр 2013 он гарсаар зургаан хүн гэр бүлийн хүчирхийллээс амь насаа алдсан гэж мэдээлсэн. Өдөр тутам гэр бүлийн хүчирхийллийн чиглэлээр үйлчилгээ үзүүлдэг байгууллагын хувьд энэ тоог худлаа гэж үзнэ. Манай байгууллага төрөөд аравхан хоносон эмэгтэй нөхрийнхөө гарт амь насаа алдсан хэрэг дээр ажиллаад бүх шатны шүүхээр ороод дөнгөж дуусч байтал 21 настай эмэгтэй найз залуудаа зодуулж амиа алдлаа. Өнгөрсөн жил эхэлсэн 22 настай эмэгтэйн хэрэг дуусаагүй байна. Давж заалдах эрхгүйгээр, гомдол гаргах эрхийг нь хааж, нэг талыг барьсан шийдвэр гаргаснаас 22 настай эмэгтэй амь насаа алдсан. Тиймээс ийм шийдвэр гаргасан шүүгчийг сахилгын хороонд өгсөн. Сахилгын хороо эхлээд шүүгчээ өмгөөлсөн шийдвэр гаргасан. Давж заалдах шатанд бид ялсан. Шүүгч дахиад давж заалдсан байгаа. Одоо дараагийн шатны сахилгын хурал арав гаруй хоногийн дараа болох гэж байна.
-Доголон хууль дахиж батлахгүй байхад УИХ-ын гишүүдийн оролцоо, идэвхи санаачлага чухал байх?
-Иргэний нийгмийн байгууллагууд санаачлага гаргалаа. УИХ-ын дарга З.Энхболд, Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Түвдэндорж, Хүний эрхийн дэд хорооны дарга Ганбат нарт бүгдэд нь нэр зааж хаяглаад байр сууриа илэрхийлээч гэж хүссэн. Тэгэхээр хэвлэл мэдээллийнхэн энэ хүмүүсийн байр суурь, амлалтыг сонсч, олон нийтэд хүргээсэй гэж хүсч байна. Төр иргэнийхээ аюулгүй байдлыг хамгаалж чадаж байж оршин тогтнодог учраас бид ингэж хүчтэй шаардаад байгаа юм. Ерөнхийлөгч 2000 гаруй хэрэг, цаана нь 23 мянган хэрэг байгаа гэж хэллээ. Үүнээс ч олон байгаа гэдэг нь бидний өдөр тутмын амьдралын жишээнээс харагдаж байна.
-Гэр бүлийн хүрээнд үйлдэгдэж байгаа хүчирхийллийг гэмт хэрэгт тооцчихвол ямар өөрчлөлт үр дүн гарах вэ?
-Хэрэв гэр бүлийн хүчирхийллийг гэмт хэрэг гээд тодорхойлчихвол саяхан батлагдсан Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуульд орсон гэмт хэрэг гарахаас өмнө урьдчилан сэргийлэх, эрүүгийн хэрэг үүсгээд хамгаалалтдаа авах боломжтой. Ингэснээр хүчирхийллийн гэмт хэрэг үйлдээд байгаа хүмүүсийг давхар хамгаална, таслан зогсооно гэсэн үг. Нэг нь шоронд, нөгөө нь шороонд булагдаж, хүүхэд өнчрөхөөс аварсан заалт. Гэр бүл дотор болж байгаа асуудлыг гэмт хэрэг болгох гэлээ гэж олон хүн хэлж магадгүй. Гэмт хэрэг болгоод шоронд хийхийн нэр биш. Хохирогчийг хамгаалалтад авах, гэмт хэрэг үйлдэх эрсдэлтэй хүнийг гэмт хэрэгтэн болохоос сэргийлэх ач холбогдолтой. Ингэж зохицуулахгүй зөвхөн Гэр бүлийн хуулиараа явна гэвэл иргэний маргаан болчихдог. Иргэний хэрэг маргаан гэхээр хоорондоо эвлэр, зохиц, эсвэл нотлох баримтгүй гээд хаачихаж байна. Тиймээс Гэмт хэргийн тухай хуулийн хамгаалалтад оруулж байж л энэ хүчирхийллийг зогсоох боломж бүрдэнэ.
-Хуулийн төсөл боловсруулах ажил хэдэн хувьтай байна вэ?
-Одоо хуулийн төслөө хаврын чуулган эхлэнгүүт өргөн барихаар ажиллаж байна. Хуулийн төсөл 80 хувьтай явж байгаа.