&#34Дэлхийн 40 гаруй орноор тоглож байсан&#34

Хуучирсан мэдээ: 2013.12.20-нд нийтлэгдсэн

&#34Дэлхийн 40 гаруй орноор тоглож байсан&#34

Ш.ЧИМЭДЦЭЕЭ: ДЭЛХИЙН 40 ГАРУЙ ОРОНД ТОГЛОЛТООР
 ОЧИЖ БАЙСАН Ч НЭГ УДАА АМАРЧ БАЙСАНГҮЙ

Улаанбаатарт
амьдарч буй Сүхбаатарчууд шилдгээ тодруулах “Гангар хун” цэнгүүн зохион
байгуулагдаад удаагүй. Уг цэнгүүний үеэр супер азтанаар тодорсон морин хуурч, Ардын жүжигчин Ч.Батсайханыг “Жуулчин
говь” ХХК-аас Хайнанд долоо хоног амрах эрхийн бичгээр шагнасан юм.  Энэ
үед УИХ-ын гишүүн, Нутгийн зөвлөлийн дарга М.Зоригт бас нэгэн хүнийг
морин хуурчтай хамт Хайнанд амрах зардлыг нь даахаа амлаж, гэнэтийн
бэлэг барьж байсан. Тэр азтан нь уртын дууч, Монгол Улсын Ардын жүжигчин
Ш.Чимэдцэеэ байлаа. Эрхэм гишүүн амласан ёсоороо ардын жүжигчинд
Хайнанд амрах эрхийн бичгийг нь өнөөдөр /12.20/ гардуулсан юм. Энэ үеэр
Ш.Чимэдцэеэтэй уулзаж, сэтгэгдлийг нь хуваалцлаа.

Та авъяас, ажил мэргэжлийнхээ буянаар хилийн чанадад олонтаа зорчиж байсан хүн. Энэ удаагийн аялал  юугаараа онцлог байх бол?

“Гангар
хун”-аараа нэрлэгдсэн Сүхбаатарчуудынхаа анхны шинэ жилд оролцсон. Нэр
шигээ ганган, сайхан цэнгүүн болсон гэдэгтэй энэ үдэш хамт байсан хүмүүс
санал нийлэх биз ээ. “Гангар хун” цэнгүүний үеэр шалгарсан цорын ганц
супер азтантай хамт Хайнанд  амрах эрхийн бичгийг нутгийн дүү, УИХ-ын
гишүүн М.Зоригт надад өгсөнд маш их баяртай байгаа. Фэйсбүүк дээр бидний
зургийн дор нутгийн залуус “Нүдээ олсон сайхан шагнал байна” гэсэн
сэтгэгдэл бичсэн байсанд бас их сэтгэл хөдөлсөн. Миний хувьд 40 гаруй
оронд очихдоо дандаа ажлаа хийж, дуулж явсан. Анх удаа л жинхэнэ
утгаараа аялж амрах гэж байгаа минь энэ. Манай нутгаас төрсөн цөөхөн
Ардын жүжигчдийн нэг морин хуурч Батсайхантайгаа хамт хүйтэн жихүүн
цагаар халуун дулаан оронд аялан долоо хоног амарна гэдэг маш том
завшаан юм. Батсайхан маань олон жил миний хуурч хийж явсан, бид хоёр
хар багын найзууд л даа.

-Биднийг бага байхад та Дэлхийн
Залуучууд Оюутны наадамд оролцож байсан санагдаж байна. Тэгэхэд гадныхан
таныг хараад, “Монголиа” хэмээн хашгирч, Монголд ийм сайхан эмэгтэй
байдаг юм уу хэмэн гайхширч байсан тухай хүмүүс ярьдаг байсан. Тэр
дурсамжаасаа хуваалцаач?

-Зөвлөлт улсад болсон ДЗО-ны 12
дугаар их наадамд Монголоос оролцсон залуучуудыг төлөөлж, “Инээмсэглэл”
хамтлагийн Ганболд, Ганхуяг, бид гурав наадмыг нээж орос, англи,
монголоор мэндчилж байсан юм. Тэгэхэд олон орны залуучууд их сайхнаар
хүлээж авч байсан шүү.

-Гадаад ертөнц хаалттай социализмын
үед гуравдагч орнуудад аялна гэдэг тийм амар олдох боломж биш. Таны
хувьд хамгийн гүн сэтгэгдэл үлдээсэн нь ямар улс байсан бэ?

-Францын
Лили гэдэг хотод тоглож байхад хөлөндөө гипстэй нэг хүн тайзан дээр
гарч ирж, надад баяр хүргээд, дараагийн бүх хотуудаар биднийг даган явж,
тоглолтыг маань үзэж байсан. Тэр удаагийн аялал сэтгэлд маань илүү тод
үлджээ. Социализмын үед урлагийнхан бидэнд үзэгч, тэр дундаа гипстэй хүн
тайзан дээр гарч ирж, баяр хүргэнэ гэдэг үнэндээ ховор, бараг л
боломжгүй зүйл байлаа шүү дээ.

-Та түрүүнд фэйсбүүкийн тухай хөндлөө л дөө. Орчин үеийн олон нийтийн сүлжээнд хэдийнээс нэгдсэн бэ?

-Би
ер нь гараар бичих дуртай. Гэхдээ сүүлийн хоёр жил гаруй хугацаанд
докторантурт суралцаж байхад компьютер дээр бичих шаардлага гарч ирсэн.
Энэ үеэс ажлаа, тоглолтоо сурталчлахын тулд цахим сүлжээнд нэгдсэн дээ.

-Таны уран бүтээлийн гараа төрсөн нутгаас тань эхтэй. Энэ агшинд нутгийн тухай ямар бодол орж ирж байх юм бэ?

-Хүн
гэдэг өтлөхөөрөө нутгаа, тураг өтлөхөөрөө уулаа гэдэг үг байдаг даа. Би
тэгтлээ өтөлчихсөн хүн биш ч нас ахих тусам нутгаа гэх сэтгэл маань
улам л дэвэрч байна, угийн л нутаг амьтай хүн дээ. Хүн өөрийнхөө дээлийг
уранхай байх юм бол төдийлөн ойшоохгүй. Харин нутаг уранхай байх юм бол
сэтгэл минь өмөлзөөд л явчихна. Гэхдээ манай нутаг сүүлийн үед үнэхээр
сайхан хөгжиж байна. Энэ бүхнийг харахад сэтгэл өег байдаг. Хойшид улам
илүү хөгжих нь тодорхой. Хөгжил гэдэг аргаа нэгэнт олоод авсан байхад
улам л давшиж байдаг зүйл.

-Баярлалаа. Ардаараа овоглосон алдартнууд маань аян замдаа сайн яваад, сайхан амраад ирээрэй

Э.ИЛА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж