Нийслэлчүүдийн махны хэрэгцээг хангах, махны үнэ, нийлүүлэлтийг тогтвортой байлгах зорилгоор нөөцийн махыг жил бүр худалдаанд гаргадаг. Энэ жилийн хувьд нийт 14 мянган тонн мах бэлтгэж, энэ сарын 25-наас худалдаанд гаргана гэж мэдэгдсээр байсан юм. Тэгвэл нөөцийн махыг 2014 оны эхээр худалдаанд гаргана гэсэн мэдээлэл тараад байна. Энэ талаар Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны Хүнсний үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Тунгалагаас тодруулахад “Зах зээлд махны нийлүүлэлт багасах, үнэ хөөргөдөхөөс сэргийлэх зорилгоор нөөцийн махыг худалдаанд гаргадаг. Одоогоор хүнсний худалдааны төв, захуудад махны нийлүүлэлт сайн байна. Тиймээс сар шинийн баярын өмнө буюу ирэх оны нэгдүгээр сараас худалдаанд гаргах төлөвтэй байна. Гэсэн ч энэ асуудал бүрэн шийдэгдээгүй, хэд хоног харзнаж, ажиглах хэрэгтэй байгаа” гэж хариулсан юм.
Худалдаанд гаргах нийт 14 мянган тонн нөөцийн махны 12 мянган тонныг нийслэлд, тус бүр мянган тонныг Дархан-Уул, Орхон аймагт нийлүүлнэ. Одоогоор нөөцийн мах бэлтгэл асуудалгүй гэж албаныхан хэлж байгаа бөгөөд Дархан, Эрдэнэтийн хэрэглэгчдийн хэрэгцээнд зориулах нөөцийн махыг 100 хувь бэлтгэжээ. Нийслэлийн иргэдэд зориулсан нөөцийн мах бэлтгэл 86 хувьтай байна. Үнийн хувьд өнгөрсөн жилийнхтэй адилаар тогтоох юм. Тухайлбал, нэг кг үхрийн мах 5950 төгрөг, ямааны мах 4900 төгрөг, хонины мах 5750 төгрөгөөр худалдах бол бөөний үнэ 250 төгрөгөөр хямд байх ажээ.
Жилийн жилд нөөцийн махны чанар, худалдах хэмжээ иргэдийн шүүмжлэлд өртсөөр ирсэн учраас хэрэглэгчдийн хүсэлтээр үхрийн махны жингийн таван хувь, ямааны махны жингийн 10 хувиас доошгүй хэсгийг шулах бол хонины махыг ямааны махтай андуурдаг тул шулахгүй ажээ. Ингэхдээ хагас кг, хоёр, гурав, таван кг-аар ууталж болон гулуузаар худалдах юм байна. Энэ жил бэлтгэж буй нөөцийн махны 50 орчим хувь нь хонины, 35 хувь нь ямааны, 15 хувь нь үхрийн мах байхаар тооцжээ.
Ямартай ч зах зээлийн дүрмээр бол нийлүүлэлт хомсдож, эрэлт ихэссэн үед үнэ өсдөг бөгөөд одоогийн байдлаар махны нийлүүлэлт сайн байгаа учир ийнхүү нөөцийн махны худалдааг түр харзнах болсон байна.