Ерөнхий сайдын мэдээллийг Н.Номтойбаяр няцаав

Хуучирсан мэдээ: 2013.12.20-нд нийтлэгдсэн

Ерөнхий сайдын мэдээллийг Н.Номтойбаяр няцаав

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг оролцож, ажлын байр бий болгох чиглэлд Шинэчлэлийн Засгийн газраас энэ онд хийж хэрэгжүүлсэн бодлогын талаар мэдээлэл хийсэн юм.

Ерөнхий сайд энэ тухай тодотгохдоо “Засгийн газар нь бүрэн эрхийнхээ хугацаанд “Ажилтай, орлоготой Монгол хүн” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх замаар 150000-аас доошгүй байнгын ажлын байр шинээр бий болгох, иргэдийн орлогыг нэмэгдүүлэх ажлыг зохион байгуулж байна. Энэ хүрээнд Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвөөр дамжуулж мэргэжилтэй ажилтныг бэлтгэхийн зэрэгцээ бүтээн байгуулалтын томоохон ажлууд, Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан, Сум хөгжүүлэх сан зэрэг сангуудаар дамжуулан ажлын байрыг шинээр бий болгоход анхаарч ажиллаж байгааг дуулгасан юм. Тодруулбал, Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв /МСҮТ/, Политехник коллежиуд 2 мянга гаруй аж ахуйн нэгж, байгууллагатай гурвалсан гэрээ байгуулж, 23.4 мянган мэргэжилтэй ажилтан бэлтгэсний 57 хувь нь ажлын байртай, 16 хувь нь дээд шатны сургуульд элсэн суралцсан байна.

Засгийн газраас хэрэгжүүлж буй “Үндэсний мэргэжилтэй ажилтан бэлтгэх хөтөлбөр”-ийн хүрээнд “Оюу толгой” компанийн санхүүжилтээр 7000 орчим мэргэжилтэй ажилтныг ажил олгогчийн захиалга-гэрээний үндсэн дээр 5 сарын хугацаагаар сургажээ. Нийт бэлтгэгдсэн мэргэжилтэй ажилтны 80 гаруй хувь нь гэрээт байгууллагадаа байнгын ажлын байраар хангагдсан байна. Мөн хувиараа хөдөлмөр эрхлэгч болон нөхөрлөл, хоршоо байгуулах иргэнийг дэмжих дэд хөтөлбөрийн хүрээнд 1994 ажлын байр, аж ахуй эрхлэхийг хүссэн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн 986 сая төгрөгийн санхүүжилт бүхий 883 төслийг дэмжиж, хэрэгжүүлснээр 1204 байнгын ажлын байр бий болжээ.

Хөдөлмөрт бэлтгэх дэд хөтөлбөрийн хүрээнд ажил олоход хүндрэлтэй иргэдэд ажил, мэргэжлийн чиг баримжаа олгох, сэтгэл зүйн болон төлөвшлийн сургалт явуулах, санхүүгийн дэмжлэг үзүүлэх зэрэг тусгайлсан арга хэмжээг зохион байгуулж байгаа бөгөөд энэхүү хөтөлбөрт нийт 1927 иргэн хамрагдсан байна.

Эдгээр иргэдийн 15,5 хувь буюу 299 нь хөгжлийн бэрхшээлтэй, 16.3 хувь буюу 314 нь хорихоос суллагдсан, 0,4 хувь буюу 8 нь асрамжийн газраас гарсан, 27,1 хувь буюу 523 нь зургаан сараас дээш хугацаагаар ажилгүй байсан, 33,3 хувь буюу 641 нь нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн хөдөлмөрийн насны чадвартай иргэд, 7,4 хувь буюу 142 нь сургууль завсардсан хөдөлмөрийн насанд хүрсэн хүүхэд тус тус эзэлж байгаа аж. Хөтөлбөрт хамрагдсаны үр дүнд эдгээр иргэдийн 36.5 хувь нь буюу 704 нь байнгын ажлын байраар хангагдсан гэнэ.

Түүнчлэн Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр Монголын залуучуудын холбоотой хамтран их дээд сургуулийн оюутан залуучуудыг зуны амралтын хугацаанд их бүтээн байгуулалт болон сум, орон нутгийн хөгжилд хувь нэмэр оруулах түр ажлын байраар хангаж, орлогыг нь нэмэгдүүлэх зорилготой “Сумын залуус”, “Ажлын гараа” төслүүдийг шинээр хэрэгжүүлжээ.

“Сумын залуус” төслийн хүрээнд 21 аймгийн 278 суманд 1109 оюутан, “Ажлын гараа” төслийн хүрээнд 21 аймгийн 21 суманд 315 оюутан 24 жишиг өвөлжөө барьсан бөгөөд “Их бүтээн байгуулалтын чиглэлээр авто болон төмөр зам, шинэ барилга, уул уурхайн салбарт 7 багийн 105 оюутан нийт 1529 оюутан залуучуудыг түр ажлын байранд хамруулан 432 сая төгрөгийн цалин урамшуулал олгосон байна.

Дээр дурьдсан хөдөлмөр эрхлэлтийг дэмжих дэд хөтөлбөрүүдийг хэрэгжүүлсний үр дүнд улсын хэмжээнд 2013 оны 11 дүгээр сарын байдлаар нийт 7370 байнгын, 34186 түр ажлын байр бий болсон аж.

Мөн Монгол Улсад 103 орны 14.7 мянган иргэн хөдөлмөр эрхэлж байгаагийн 65.6 хувь нь уул уурхай, боловсруулах үйлдвэр, барилгын салбарт ногдож, өнгөрсөн сарынхаас 5.8 мянган хүнээр цөөрсөн нь Засгийн газраас гадаадаас ажиллах хүч авах шалгуурыг өндөржүүлж байгаатай холбоотой гэж Ерөнхий сайд хэллээ.

Үүний дараа УИХ дахь МАН-ын бүлгээс дээрх мэдээлэлтэй холбогдуулж сөрөг дүгнэлт хийв. Энэхүү дүгнэлтийг УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр танилцуулсан юм. Тэрээр мэдээллийнхээ эхэнд Монгол Улсын Ерөнхий сайд таныг иргэдээрээ ток шоу хийхгүй байхыг хүсье гээд мэдээлэл, бодит байдал хоёр зөрж байна гэлээ. Тухайлбал, энэ оны төвшинд 54753 иргэн ажлын байраар хангагдсан гэж байгаа ч 30 хувь нь буюу 16426 иргэн улирлын чанартай ажил хийсэн гэх ба ажилласан хугацаа нь нэг сар ч хүрэхгүй тохиолдол байна. Мөн үлдэж байгаа 70 хувь буюу ажилтай гэж үзэж буй 38327 иргэнээс түүвэрлэн 178 хүнтэй утсаар болон бусад шугамаар холбогдож ажил эрхэлж байгааг асуухад “52 хувь нь ажил хийгээгүй. Хөдөлмөрийн биржийн дэмжлэгтэйгээр ажилд зуучлагдан очсон ч, цалин нь бага, хөдөлмөрийн нөхцөл нь хүнд байсан учраас ажлын байрыг орхихоос аргагүй болсон, одоо ажилгүй байгаа. Харин 85 хүн буюу 48 хувь нь ажиллаж байгаа гэж хариулсан. Тэгэхээр 38.327 иргэдийн 48 хувь нь ажиллаж байгаа гэж бодоход цаана нь ердөө 18.937 шинэ ажлын байр бий болсон гэдэг нь тогтоогдож байна. Гэхдээ 18.937 иргэдийг Хөдөлмөрийн яамны тусламжтайгаар ажилд орсон гэж үзвэл өрөөсгөл ойлголт юм.

Учир нь Хөдөлмөрийн яамны ямар ч оролцоогүйгээр хувийн хэвшлийн хөдөлмөр зуучлалын төв болон иргэд өөрсдөө хөөцөлдөн байж аж ахуйн нэгж, компанид ажилд орсныг Хөдөлмөрийн яам нь хувийн хэвшлийн хөдөлмөр зуучлалын төв, аж ахуйн нэгжүүдээс ажилд зуучилсан болон шинээр ажлын байр бий болгосон тоог авч өөрсдөө ажилд оруулсан мэтээр том тоо бий болгож, худал мэдээлж байгаа нь байж боломгүй, зарчимгүй үйлдэл гэдгийг онцлон тэмдэглэе.     Гэхдээ энэ зарчимгүй үйлдлийг үл тоон Шинэчлэлийн Засгийн газар 2013 оны туршид 18.397 иргэнийг  шинээр ажлын  байртай болгосон гэж цаашид тооцоё.

Хоёрдугаарт, 18.397 ажлын байрыг бий болгоход ямар бодит зардал гаргасныг нягталж үзье.

2013 оны Улсын төсвийн тухай хуулиар татвар, хураамж төлөгчдийн бүрдүүлсэн төсвөөс 235 тэрбум төгрөгийг Хөдөлмөрийн яаманд хуваарилсан. Шинэчлэлийн Засгийн газрын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих ажлын хүрээнд хуваарилсан 235 тэрбум төгрөгийг бодит гүйцэтгэл буюу  18.397 шинэ ажлын байранд хувааж бодоход, нэг хүнийг ажилтай болгох нэгж зардал 12.773.820 төгрөг болж байна.    

Нэг хүнийг ажилтай болгоход зарцуулсан 12.773.820 төгрөгийг Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 192 мянган төгрөгөөр нэг хүнийг цалинжуулахад  66 сар буюу 5.5 жил, 235 тэрбум төгрөгөөр бүтэн нэг жилийн турш хэдэн хүнийг цалинжуулж болох талаар бодоход 101.996 хүнийг 12 сарын турш тус тус цалинжуулахтай тэнцэх, их хэмжээний мөнгө юм.

Шинэчлэлийн Засгийн газар нь татвар төлөгчдийн мөнгөөр үр дүнгүй, үрэлгэн зардал гаргаж байгааг бодохоор УИХ дахь МАН-ын бүлэг үнэхээр харамсаж бас бухимдаж байна. Бас МАН-ын бүлгээс хангалтгүй дүн тавьж байна. Тиймээс дараах зөвлөгөөг Шинэчлэлийн Засгийн газарт хүргүүлж байна гэлээ. Үүнд Хөдөлмөр эрхлэлтийн бүртгэл, мэдээллийн тогтолцоог бүрдүүлэх зорилгоор НДШ төлөлтийн мэдээллийн сантай уялдуулах хяналт шалгалт мониторинг хийж бодит статистик тоо гаргадаг байх.

Боловсролын салбараас Хөдөлмөрийн зах зээл рүү шинээр орж ирж буй ажиллах хүчний  71 хувийг их дээд сургууль төгсөгчид, 29 хувийг нь МСҮТ төгсөгчид нийлүүлэгдэж байна. Гэтэл  хөдөлмөрийн зах зээл дээр 70 хувь нь МСҮТ төгсөгчид, 30 хувь нь их дээд сургууль төгсөгчид эрэлхийгдэж байгаа ба хөдөлмөрийн зах зээл дээрх ажил олгогч, ажил горилогч нарын эрэлт нийлүүлэлтийн шугамууд өөр хоорондоо огтолцохгүй байна. Иймд Эдийн засгийн хөгжлийн яам, Боловсрол, шинжлэх ухааны яам болон Хөдөлмөрийн яам хоорондын нэгдсэн бодлого, хоорондын ажлын уялдааг шинэчлэх ажлыг  нэн түрүүнд хийх.

Үндэсний баялаг бүтээгч ААН-ийг бодлогоор дэмжинэ гэж ярихаасаа илүү бодитойгоор дэмжих ажил хэрэгч арга хэмжээ үгүйлэгдэж байна. Хөрөнгө оруулалт, эрсдэлийг өөрсдөө даан ЖДҮ болон томоохон үйлдвэрлэлийн үйл ажиллагааг явуулж ажлын байр бий болгож байгаа үндэсний ААН-ийг татварын болон хөнгөлттэй зээлийн бодлогоор дэмжих. Жишээ нь, НДШ төлөлт нь сүүлийн жилүүдэд 56.3 хувьтай тогтмол байгааг анхаарч НДШ төлөлтийг буруулж улмаар төлөлтийн цар хүрээг тэлэх бодлого маш чухал. Ажлын байрыг бий болгож буй ААН-үүд 11-13 хувийн НДШ төлдөг нь дарамт болж шинээр ажлын байр бий болгоход  төдийлөн сонирхол төрдөггүй тул НДШ төлөлтийг хөнгөлөх, ажлын байр бий болгосноор нь урамшуулах, уян хатан байдлаар төлдөг болгох, ялангуяа эдийн засгийн хүндрэлтэй өнөө үед ажлын байрыг хадгалж байгаа үндэсний ААН-ийг түлхүү дэмжих нь оновчтой байна гэж хэллээ.

Дүгнэлт танилцуулга дууссаны дараа УИХ дахь цөөнхийн бүлгийн гишүүд Ерөнхий сайдын мэдээлэлтэй холбогдуулж сайд нарт асуулт тавих боломж байсан түүнийгээ ашигласангүй. Дүгнэлтээр үндсэн санаагаа ойлгуулсан гэж үзсэн бололтой. Тиймээс өнөөдрийн чуулганы хуралдааныг өндөрлүүллээ.

Г.ДАРЬ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж