“Хайр харгислал дор цэцэглэдэггүй”

Хуучирсан мэдээ: 2013.12.20-нд нийтлэгдсэн

“Хайр харгислал дор цэцэглэдэггүй”

“Хайр дурлал харгислал дор цэцэглэдэггүй, гургалдай торон дотор жиргэдэггүй” гэж  Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэллээ. Гэр бүлийн хүчирхийллийг гэмт хэрэгт  тооцох санаачилгыг Ерөнхийлөгч ийнхүү дэмжиж буйгаа илэрхийлэв. Тэрбээр өнөөдөр хүчирхийлэлтэй тэмцэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг иргэний нийгмийн байгууллага, цагдаагийн байгууллагынхныг хамруулсан “Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг нэгдэцгээе” хэлэлцүүлэг хийсэн юм.

Харгис найз залуугийнхаа гарт 48 цаг зодуулж, амиа алдсан 21 настай эмэгтэй,  хойд аавынхаа хүчирхийлэл дарамтад орсон охин, төрсөн эцэгтээ заазуурдуулсан хүү. Ар араасаа хөврөх энэ мэт аймшигт хэргүүд хүчирхийллийн эсрэг хүн бүр нэгдэхийг шаардаж байна. Ерөнхийлөгч  гэр бүлийн хүчирхийллийг гэмт хэрэг гэж үзэхгүй байгаа нь өөрөө энэ нийгмийн нэг гажуудал,  хохирогч улам хохирдог хоёр дахь гажуудал,  хуульд заасан эрх хязгаарлах  тухай заалтыг хүчирхийлэгч овжин ашигладаг гурав дахь гажуудлыг засах ёстой гэлээ.

Нэг дэх гажуудал

Гэр бүлийн хүрээн дэх хүчирхийлэл, дарамтыг гэмт хэрэгт тооцох заалтыг хуульд оруулах. Өнөөдөр хүчирхийллийг гэр бүлийн дотоод асуудал, ахуйн маргаан гэж орхигдуулж ирсэн нь хүчирхийллийг өөгшүүлж байна. Тиймээс холбогдох хуульд гэр бүлийн хүчирхийллийг гэмт хэрэг гэж үзэх заалт оруулах, хариуцлага хүлээх, хохирогч  хамгаалуулах боломжоор хангах нь нэн тэргүүний засах гажуудал гэдгийг Ерөнхийлөгч онцлов.

Хохирогч дахин хохирох  ёсгүй

Хүчирхийлэлд өртсөн хүн гомдол гаргахад шүүхэд тэмдэгтийн хураамжийн мөнгө төлнө, агсам тавьсан нөхрөө эрүүлжүүлсэн эхнэр эрүүлжүүлэхийн мөнгө, захиргааны арга хэмжээ авсан  торгуулийг төлдөг жишиг хаа сайгүй бий. Цаашлаад нөхөртөө зодуулсан эмэгтэй шүүх эмнэлгийн дүгнэлт гаргуулахын  тулд өөрөөсөө дахиад л зардал гаргана. Энэ бүхэн хохирогч дахиад л хохирдгийн тод жишээ. Тэгвэл энэ гажуудлыг яаж засах вэ. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хүчирхийлэл, дарамт үйлдсэнээс гарсан бүх төлбөрийг хүчирхийлэгч төлдөг байх, албадан хөдөлмөрийг жинхэнэ утгаар нь  хэрэгжүүлэх, гэр бүл нийгэмдээ ямар гай тарьсныг ойлгуулах сургалттай байх, энэ үйлдлээ давтвал хариуцлага чангарахыг ойлгуулах зэрэг иж бүрэн зохицуулалт хийх санаачилга гаргалаа. Хохирогч дахин хохирч байгаагийн бас нэг шалтгаан нь цагдаагийн байгууллагын оновчгүй шаардлага, мөрдөн байцаагчийн бүдүүлэг асуулт. Нөхөртөө зодуулсан гэдгээ батлах нотлох баримт,  шүүх эмнэлгийн дүгнэлт, шарх сорви шаарддаг. Эдгээр нотлох баримт байхгүй бол “Эвлэр” гэж явуулаад амь насаа алдах тохиолдол гарсаар л. Үүнийг өөрчлөх хуулийн иж бүрэн зохицуулалт  хэрэгтэй.

Ерөнхийлөгчийн хэлсэн бас нэг гажуудалд Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг хуульд байгаа “Эрх хязгаарлах” тухай заалт. Харамсалтай нь, өнөөдөр энэ заалтыг хохирогч байтугай хууль хяналтынхан өөрсдөө ч сайн ойлгодоггүй гэж хатуухан шүүмжилсэн. Цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн 2000 гаруй хэргийн дөнгөж 50 хэрэгт “Эрх хязгаарлах”  тухай хариуцлага ногдуулжээ. Харамсалтай нь үүнийг хэн, хэрхэн хэрэгжүүлэх, хэн хяналт тавих,  яаж сунгах, хэзээ зогсоох талаар хуульд нэг ч  өгүүлбэр байхгүй. Харин ч эсрэгээрээ эрхээ хязгаарлуулсан хүн хохирогчийн дүрд тоглож, өс хонзон санадаг гажиг тогтолцоо  нэгэнт бий болчихож.

Тиймээс хүчирхийлэгч этгээдийг  хохирогчид ойртуулахгүй байх төхөөрөмж бугуйвч зүүдэг олон улсын жишгийг нэвтрүүлэх, бага насны охид хүчирхийлсэн этгээдэд нэмэлт ял болгох замаар хорих ялаа эдэлсний дараа ч энэ хязгаарлалтыг хийдэг байх зэрэг бүтээлч  санаачлагууд хэрэгжүүлэхийг   хууль хяналтынханд санууллаа.

Юунаас эхлэх вэ?

Ерөнхийлөгч төгсгөлд нь хүчирхийллийн эсрэг яаралтай авах зарим арга хэмжээг дурдлаа. Тухайлбал, эмэгтэйчүүдтэй ажиллах эмэгтэй мөрдөн байцаагчийн тоог нэмэгдүүлэх, зөвлөгөө  өгөх, хууль зүйн тусламж үзүүлэх мэргэшсэн багтай болох нь хүчирхийлэл гэх эмзэг асуудлыг цэгцлэхэд тус нэмрээ өгнө. 

Өнөөдөр Монгол Улсын хэмжээнд Улаанбаатарт тав, аймгуудад нийтдээ дөрвөн хамгаалах байр  дөнгөн данган үйл ажиллагаа явуулж байна. Тэгвэл олон улсын жишгээр 60 мянган хүн тутамд нэг хамгаалах байр, нэг цэгийн үйлчилгээ байна гэж тооцвол  Монгол Улсад багадаа 50 тогтмол ажиллагаатай, санхүүгийн эх үүсвэртэй байгууллага хэрэгтэй байна.  Энэ ажилд төрөөс дэмжлэг үзүүлж, иргэдийн итгэл хүлээлгэдэг иргэний нийгмийн, сайн дурын  байгууллагыг дэмжих нь бидний хийж чадах эхний алхмууд гэдгийг Ерөнхийлөгч онцоллоо.

2004 онд батлагдсан Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг хуульд өөрчлөлт оруулахаар ажлын хэсэг ажиллаж байгаа. Хүчирхийллийн эсрэг тэмцэгчдийн хэлдгээр “тунхгийн шинжтэй, доголон” энэ хуульд шаардлагатай өөрчлөлт оруулах, энд тэндээс нь цойлдсон биш, цогцоор нь шийдсэн  зохицуулалт бүхий хууль бидэнд хэрэгтэй. Хуулийн төслийг энэ утгаар нь боловсруулахад хүчин чармайлт гаргахыг УИХ-ын гишүүд, УИХ-ын даргаас иргэний нийгмийнхэн хүсч байлаа.

Эцэст нь Ерөнхийлөгчийн асуусан гурван асуултыг уншигч таниас асууя.

1.Таны таньж мэддэг хэн нэгэн хүчирхийлэлд өртсөн тухай сонсч байсан уу?

2.Бидний дунд хүчирхийлэлд өртсөн хохирогч байна уу?

3.Бидний дунд хүчирхийлэгч байна уу?

Эдгээр асуултыг хамт олныхоо дунд тавиад үзээрэй. Эхний асуултад олон хүн “сонсч байсан”  гэж хариулна. Хоёр, гурав дахь асуултад  нэг ч хүн гар өргөхгүй, бас хариулахгүй. Эндээс гэр бүлийн хүчирхийлэл хэчнээн нуугдмал, далд, эмзэг болохыг төвөггүй мэдэж байгаа биз. Иргэний танхимд цугласан  хүчирхийллийн эсрэг тэмцэгчид яг ингэж л хариулсан юм шүү.

С.ОТГОН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж