
Энэ удаагийн “Алтан шонхор-2013” наадмыг Монголын телевизүүдийн холбоо, Ийгл телевиз хамтран зохион байгуулж байгаа юм. Наадамд UBS, МN25, TV9, NTV, TV8, Eagle TV, TV5, Star TV, Боловсрол, Эх орон, Шинэ дэлхий зэрэг 11 телевизийн уран бүтээлчид 18 номинацийн төлөө өрсөлдөж, материалаа ирүүлээд байгаа юм. Тэгвэл шалгаруулалтад ирүүлсэн дээрх уран бүтээлүүдийг өчигдөр есөн хүний бүрэлдэхүүнтэй хөндлөнгийн, мэргэжлийн шүүгчдийн баг шүүж дүнгээ гаргасан юм. Шүүгчдийн бүрэлдэхүүнд Соёлын гавьяат зүтгэлтэн, найруулагч Б.Жаргал, Гавьяат жүжигчин Л.Чаминчулуун, Монголын хэвлэлийн хүрээлэнгийн Гүйцэтгэх захирал М.Мөнхмандах, Харилцаа холбооны зохицуулах хорооны радио давтамж, хяналт зорхицуулалтын албаны мэргэжилтэн О.Цэнд-Аюуш, МАХIМА судалгааны агентлагын мэргэжилтэн Т.Энхтунгалаг, “Hero” энтертайнментын захирал Б.Баатар, Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч Д.Амбасэлмаа, Монголын зураглаачдын ассоциацийн нарийн бичгийн дарга Б.Пүрэвдорж, Монгол ньюс агентлагийн захирал Б.Нандинтүшиг нар ажилаж байна. Тэд өнөөдөр шилдгүүдийг тайзнаа зарлан “Алтан шонхор” цомыг гардуулах өгөх юм.
Бүтэн өдрийн турш үргэлжилсэн шүүлтийн үйл ажиллагааны явцад бид шүүгчидтэй уулзан сэтгэгдлийг нь сонссон юм.
Наадмын шүүлтийн завсарлагаанаар “Hero” энтертайнментын захирал Б.Баатартай ярилцлаа.
-Энэ удаагийн шүүлтэнд та нэвтрүүлгүүдийг голчлон харж байгаа бол уу?
-Монголчууд өөрсдөө телевизүүдийн шилдгүүдийг шалгаруулдаг наадам зохион байгуулдаг нь маш том давуу тал хөгжлийн нэг хэлбэр гэж бодож байна. Үүнийг санаачилсан Монголын телевизүүдийн холбоо NTV телевизийн захирал М.Уламбадрах бол маш зөв зүйтэй ажил хийж байна. Энэ наадам бол уран бүтээлчдийг дэмжинэ. Мөн тэд өөрсдийгөө би хаана явж байна, юу хийж байна гэдгээ мэдэх том наадам юм. Ерөнхийдөө шүүх явцад манай телевизүүдийн уран бүтээлчдийг харж байхад хариуцлагагүй юм уу даа гэдэг нь мэдэгдэж байна. Учир нь тэд яг л эфирт гардгаараа энэ наадамд хандаж байна. Тухайн номинацид дэвшүүлж байгаа бүтээл, уран бүтээлчийн мэдээлэл дутуу ч юм уу, зарим хөтлөгч нарын хувьд шилдэг хөтлөгчид дэвшихэд ч хэцүүхэн л хүмүүс байна шүү дээ. Энэ бол нэг талдаа маш буруу зүйл юм. Манай Монголын телевизийн урлаг ерөнхийдөө хэцүү байгаа үед хийх ёстой том ажлуудын нэг хэсэг нь энэ наадам юм гэж бодож байна.
-Телевизийн салбарт өнөөдөр юунд хамгийн их анхаалаа хандуулан ажиллах хэрэгтэй байна?
-Телевизийн урлаг бол өөрөө их цензуртай талбар. Яагаад гэвэл яриа хэлээс гадна гадаад үзэмж, хувцас, ёс зүй гээд өндөр шалгууртай. Энэ тал дээр олон телевизтэй болсон болоод ч тэр үү дуртай хүн нь гараад эфирт хөтөлж болдог болжээ. Үүнийг зогсоох өөрчлөх ажлуудын нэг бол энэ наадам юм болов уу гэж бодож байна. Наадмын шүүлтэн дээр ч гэсэн энэ зүйл маш их мэдрэгдэж байна. Тиймээс телевизийн салбарт туршлагатай боловсон хүчин урьж ажиллуулах хэрэгтэй байна. Шинэ телевизүүд боловсон хүчнийхээ бодлогод анхаарах хэрэгтэй гэдэг нь эндээс харагдаж байна. Би өөрөө телевизийн салбарын мэргэжилтэй. Энэ салбарт олон мундаг сэтгүүлч, найруулагч, операторуудтай удаан ажиллаж байсан. Тэр утгаараа миний байсан үед сайхан байсан гэж хүн бүр хэлдэг л дээ. Гэхдээ тэр талдаа ч биш өнөөдөр телевизийн салбарт сайн зүйлийн хажуугаар муу нь их байна. Ялангуяа замбараагүй байдал телевизийн салбарт давамгайлжээ гэж хэлмээр байна.
-Сайн тал нь ямар зүйлс байна?
-Сайн талууд байлгүй яахав. Ийм наадам байна. Мөн олон телевизтэй болсон юм хийх гэж үзэж байна. Тэдэнд тулгамдаад байгаа нэг хэцүү асуудал бол мөнгө санхүү. Тиймээс нэвтрүүлэг хийх гэж бөөн реклам хийчихдэг. Ямарваа нэгэн нэвтрүүлэг маш том агуулгыг үзүүлж байдаг. Энэ үзэгчдэд юу хүргэх ёстой вэ гэдэг тэр агуулгыг л барьж явах ёстой. Бид өнөөдөр илүү хэлбэрийн болчихсон. Энэ шоуг ингэж хийдэг л юм шиг байна лээ гэдэг. Яг зорилго жанжин шугам нь өөрөө алдагдчихсан байдаг тал байгаа. Одоо манай телевиз, медиа салбар үүнийг анхаарах ёстой. Гэхдээ олон боллоо гээд мэдээний өнцгийг нэг талаас бус олон өнцгөөс үзүүлэх хэрэгтэй. Мөн зохиомж шиг хүчтэй мэдээллүүдийг ихээр явуулсан байдаг ч юм уу. Графикийн ажил гэхэд л яг түүнийгээ түлхүү харуулахаар нэвтрүүлгүүдээ энэ наадамд илүү өгөөгүй, жижигхэн хэсгүүд юм уу зарим нь их уртыг явуулсан байна. Би график дээр энэ тал дээр үүнийг ашиглаж ийм зүйл хийлээ гэдгээ харуулах хэрэгтэй байсан бол уу. Үүнд Монголын телевизийн урлагт хариуцлага сахилга бат муу байгаа нь харагдаж байна.
-Цаашид яах ёстой юм бол оо?
-Бид Монголын ард түмнийг соён гэгээрүүлэх ёстой. Гэхдээ энэ үг том сонсогдож магадгүй. Яалт ч үгүй гэгээрлийн асуудлыг телевиз, медиа, сошиал хэлбэр түрээд ороод ирчихсэн. Өнөөдөр хүн тэгтлээ зузаан роман уншаад суух үе биш болжээ. Мэдээллийг маш хурдтай, зөв авах хүсэлтэй болсон. Тиймээс телевизийн урлаг гэдэг чинь энэ шинэ зуунд маш чухал салбар юм. Тиймээс бид энэ зуун, энэ дэлхийтэй түрүүлдэггүй юм аа гэхэд зэрэгцэх ёстой юм шүү. Бид улс төрийн хэлбэрээр олон телевиз байгуулдаг ч үүнийг удирдаж байгаа уран бүтээлчид маань анхаарах ёстой юм аа. Бид өнөөдөр телевизийг шинэ шатанд аваачих ёстой үе. Ирээдүйд тэдээс тэдэн он бол Монголын телевизийн уналтын үе байсан юм гээд тэр үед нь бид хамт амьдрах утгагүй биз дээ. Тиймээс үүнд шүүмжлэлтэй хандаж байж давж гарах ёстой юм.
Монголын хэвлэлийн хүрээлэнгийн Гүйцэтгэх захирал М.Мөнхмандахтай уулзан наадмын шалгаруултын талаар сонирхлоо.-Энэ удаагийн наадмын шүүлт юугаараа онцлог болж байна?
-Юуны өмнө Монголын телевизийн холбоо энэ жилийн “Алтан шонхор” наадмын шалгаруулалтыг хөндлөнгийн шүүгчдийн багийн бүрэлдэхүүнээр ил тод шударгаар шүүж дүгнэж байгаад баяр хүргэх хэрэгтэй байх гэж бодож байна. Яагаад гэвэл нэр дэвшүүлж байгаа бүтээлүүдийн эзэд бүгд шагнал гардуулах мөчийг догдлон хүлээж байгаа. Тиймээс энэ жилийн шалгаруулалт бодит, үнэн зөв шударга явагдах нь хэн бүгдэд хэрэгтэй бөгөөд шагналын нэр хүндэд ч чухал учраас би үүнийг онцлон хэлмээр байна. Өнөөдөр наадмын шүүлтэнд хэн нэгэн, аль нэг телевизийн захирал юм уу, танил талын нөлөө огт орохгүй цэвэр мэргэжлийн шалгуураар шалгаруулалтыг явуулж байна гэдгийг дахин дахин онцолж хэлмээр байна.
-Бүтээлүүдийн хувьд?
-Телевизийн салбар бол өөрөө нийлмэл урлаг. Өөрөөр хэлбэл сэтгүүл зүй, урлаг, техник, технологийн талаас ч дүгнэхэд хүндрэлтэй байгаа ч олон салбарын мэргэжлийн хүмүүс ирж энэ дүгнэлтийг хийж байгаа учраас шалгаруулалт шударга явагдана гэж найдаж байна. Миний зүгээс телевизийн мэдээ, мэдээллийн хөтөлбөр хөтлөгчийн номинацид мэргэжлийн зүгээсээ өөрийн үнэлгээ дүгнэлтийг өгч байгаа.
-Шүүмжлэлтэй, магтууштай ямар талууд байна?
-Наадмын шүүлтийн явцад шүүмжлэлтэй хандах зүйл их байна. Ялангуяа телевизийн мэдээ гэдэг төрөлд нэлээд шүүмжлэлтэй хандах, телевизийн сэтгүүлчид бэлтгэхдээ олон зүйлийг анхаарч хармаар санагдаж байна. Телевизийн мэдээ гэдэг нэг талаар дүрсээр мэдээллийг өгөх ёстой ч нөгөө талаас олон талын эх сурвалжид тулгуурласан, тэнцвэртэй байх ёстой. Нийтэд нь харахад телевизийн сэтгүүлчид бол жилээс жилд ахиж байна. Олон телевиз өөр хоорондоо өрсөлдөж байгаа нь харагдаж байна. Өрсөлдөөн маш хүчтэй явагдаж байгаа учраас энэ өрсөлдөөн дундаас шалгараад гарч ирэх тэр уран бүтээлч, инженер, графикчдад амжилт хүсье. Телевизийн салбарт тэргүүлэгчид нээ наадмын шилдгүүд байна гэдэгт найдаж байна.
Гавьяат жүжигчин Л.Чаминчулуунтай ярилцаа.– Шүүгчдийн бүрэлдэхүүнд ажиллаж байгаа хүний хувьд энэ удаагийн наадмын уран бүтээлчийн тал дээр та ямар бодолтой байна?
-Надад энэ наадмыг шүүх завшаан тохиолдсон явдалд баяртай байна. Их олон зүйлийг эндээс мэдэж авч байна. Бас уран бүтээлчдээ үнэлэх үнэлгээний хувьд тодорхой хэмжээгээр ахиц төрлөө. Тэд маш их зүйл хийдэг юм байна. Тэд маш их зүйлийг үзэгчдэдээ зориулах сэтгэл баялаг байдаг юм байна гэдгийг нүдээр харлаа.
-Уран бүтээлүүдийн тал дээр мэргэжлийн хүний хувьд ямар дүгнэлт өгөв?
-Уран бүтээлүүдийн хувьд тодорхой хэмжээний өөрийнхөө өдөр тутамд үзэж байдаг зүйлсээс ахиц гарч уу гэдгийг л илүүтэй харьцуулж суулаа. Тодорхой хэмжээнд шат ахисан байна. Телевиз өөрөө хөгжихгүй бол болохгүй шүү дээ. Хөгжихгүй байрандаа байгаад байвал хүн үзэхээ болино. Телевизүүд байнгын хөдөлгөөнтэй, хурдтай, дэвшилтэй байдаг нь харагдаж байна.
-Шүүгчдийн бүрэлдэхүүний хувьд ямар чиглэлийн хүмүүс байгаа вэ?
– Амбасэлмаа гуай, Жаргал найруулагч гээд техник, графикийн талын хүмүүс олон байна. Зарим нь далд фронтын баатрууд байгаа учраас би танихгүй байна шүү дээ. Би уран бүтээлч, жүжигчин хүний хувьд үг хэллэг, биеийн байдал, үгийг хэрхэн зохицуулж үзэгчдэд хүргэж байгаа талаар дүгнэлт хийхэд өөрийн саналаа хэлж сууна. Нэвтрүүлэгч хөтлөгч нар маань ур чадвараа гаргаж наадамдаа толилуулж байгаад баяртай байна. Телевизийн урлаг цаашид улам нарийн дэвшингүй болно гэдэгт би хувьдаа итгэлтэй байна.
Эх сурвалж: www.EAGLE.mn