Хонины ноосон дулаалга эрчим хүч хэмнэнэ

Хуучирсан мэдээ: 2013.12.20-нд нийтлэгдсэн

Хонины ноосон дулаалга эрчим хүч хэмнэнэ

Хонины ноосон дулаалга агаарын бохирдлыг бууруулж, эрчим хүчийг хэмнэнэ

Өнөөдөр дэлхийн чиг хандлага хаашаа явна вэ? Бүгд л байгаль дэлхийдээ ээлтэй, эрчим хүчинд хэмнэлттэй, бие биендээ шийдлийг сонгож байна.

Европын барилгын технологи ч мөн адил “Писсив хаус” буюу дулаан алдагдалгүй байшинд анхаарлаа хандуулж байна. Учир нь дулааны алдагдалгүй болсноор эрчим хүчинд зарцуулах зардал ихээр хэмнэгдэж, агаарын бохирдол буурах нь тодорхой. Энэхүү байшингийн энергийн зарцуулалт нь ердийн шинэ барилгатай харьцуулахад 90 хувиар бага бөгөөд 1м2-ыг халаахад шаардлагатай энерги нь 15 киловат байдаг аж.

Энэхүү “Пассив хаус”-ын гол бүрэлдэхүүнд дулааны алдагдалгүй байшингийн цонх, сайн чанарын дулаалга, дулаан солилцуурын аппарат, агаар нэвтрүүлэхгүй байдал болон дулаалгын материалын хооронд зай завсар гаргахгүй байх нь гол үүрэг гүйцэтгэж, дулааны алдагдалгүй болгож байна. Дулаалгандаа тэд хонины ноосыг сонгодог бөгөөд энэ нь чийг болон галд онцгой тэсвэртэй, шингээлт болон агаар нэвтрүүлэлтийн төгс орчинг бий болгодог аж.

Монголчууд бидэнд ч энэ чиг хандлага, хөгжил, дэвшилтэй хамт явах боломж байна. Саяхан Таван Богд Трэйд компанийн “Дулаан гэр” төслийн хамт олон  дээр дурдсантай ижил технологиор дулаалга үйлдвэрлэх болсон тухай мэдээлэл олон нийтэд хүрлээ. Европын оронд хэрэглэж байгаа шиг “дулаан гэр” бүтээх бүхий л боломж, бололцоо, түүхий эдийн нөөц бидэнд байна. Сүүлийн таван жилийн дунджаар монгол улс жилд хонины 20,000 тонн ноос бэлтгэсэн бөгөөд 2014 онд ашиглалтанд оруулах тус компанийн үйлдвэр нь нийт ноосны 15 хувь буюу жилд 3 мянган тонн  хонины ноосоор бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжтой юм байна. Энэхүү дулаалгыг дан ганц тус компани үйлдвэрлэх бус хөдөө орон нутгийн ноос угаах үйлдвэрүүд ч өөрийн боломжинд түшиглэн байгуулах боломжтой, цаашлаад импортын бүтээгдэхүүнийг орлон бүтээгдэхүүн гаргах боломж байгаад үйлдвэрлэгчид талархалтай хандаж байна. Учир нь энэхүү дулаалгаар дан ганц монгол гэрийг бус Канад хаус, гэр хорооллын байшин цаашлаад барилгын дулаалгыг шийдэх бүрэн боломжтой бөгөөд энэхүү материал нь шилэн хөвөн, эрдэс хөвөнтэй харьцуулахад эрүүл мэндэд хоргүй, үнийн хувьд хямд.

Монгол гэрт хийх шинэ дулаалга энгийн эсгийнээс юугаараа ялгаатай юм бол гэж Та бодож магад. Гадаа -30 хэмийн хүйтэнд 1м2 талбайд 5 см-ын зузаантай энгийн эсгий ойролцоогоор цагт 50вт дулаан алддаг бол энэхүү ижил зузаантай шинэ дулаалгын материал цагт 37вт дулаан алддаг байна. Шинээр хийгдэх  дулаалгын материал монгол эсгийнээс 6 дахин хөнгөн тул олон давхарлах боломжтой. 20 см-ын зузаантай шинэ, хөнгөхөн дулаалгаар дулаалснаар гэрийн нэгж талбайгаар алдах дулааныг 5,4 дахин бууруулж, төдий хэмжээний түлш, мөнгө, хэмнэгдэж, утаа гаргадаг яндангийн тоо багасах болно. Дулаалгын материал нягт агааргүй байх тусмаа дулаанаа хурдан алддаг, харин сийрэг хөвсгөр байвал дулаан алдалт бага байдаг байна. Учир нь агаар нь өөрөө дулааныг тусгаарладагт гол нууц нь оршиж байна гэлтэй.

Онцлон өгүүлэхэд, дэлхийн шилдэг технологийг ашиглан хонины ноосоор дулаалгын материал үйлдвэрлэн, хэрэглээнд нэвтрүүлэх уг төсөл хэрэгжсэнээр нүүрсний хэрэглээ багасч, тэр хирээр агаарын бохирдол буурах, монгол хонины ноосны эрэлт ихсэж, малчдын орлого нэмэгдэнэ. Мөн дулааны алдагдалгүй дулаалгын материал үйлдвэрлэснээр ажлын байр нэмэгдэж, иргэдийн амьжиргаанд өөрийн хувь нэмэрээ оруулах нь сайшаалтай. Энэхүү дулаалгын материал ашиглан хийсэн гэрийн загварыг төслийн багийнхан тун удахгүй Чингисийн талбайд олон нийтэд танилцуулах юм байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж