Зөвлөлдөх уулзалтын үеэр хоёр тал улс орны өнөөгийн байдлын талаар харилцан мэдээлэл хийж, улс төр, эдийн засаг, гадаад харилцаа, батлан хамгаалах, соёл, боловсрол, шинжлэх ухаан, хүмүүнлэг, бүс нутаг, олон улсын байгууллагын хүрээн дэх хамтын ажиллагаа болон 2014 онд хэрэгжүүлэх томоохон арга хэмжээнүүдийн талаар санал солилцов.
Талууд Монгол, Хятадын Стратегийн түншлэлийн харилцаа, хамтын ажиллагаа нийгмийн бүхий л салбарт өргөжин хөгжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа тэмдэглэж, “Монгол Улс, БНХАУ-ын Стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлэх дунд, урт хугацааны хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэхийн төлөө чармайн ажиллахаа илэрхийлэв.
Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жил, Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай гэрээ байгуулсны 20 жилийн ойг тохиолдуулан 2014 оныг Монгол Хятадын найрамдлын солилцооны жил болгон зарлахаар хоёр тал харилцан тохиролцсоны дагуу “Соёл, урлаг, хүмүүнлэгийн солилцооны жилийн арга хэмжээний төлөвлөгөө”-г байгуулж ажиллахаар талууд санал нэгдэв.
Худалдаа, эдийн засгийн бодит хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх нөөц, бололцоо их байгааг талууд тэмдэглээд хоёр орны Засгийн газрын тэргүүн нарын тохиролцсоны дагуу Монгол Улсын ЭЗХЯ, ЗТЯ болон БНХАУ-ын ХШХ, ЗТЯ-ны сайд нарын “2+2” дэд бүтцийг хөгжүүлэх хамтын ажиллагааны механизмын ажлын хэсгийн үйл ажиллагааг ойрын үед эхлүүлэх нь чухал болохыг онцлон тэмдэглэв.
Түүнчлэн талууд Гадаад харилцааны яамд хоорондын хамтын ажиллагаанд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, ГХЯ-д хоорондын хамтран ажиллах төлөвлөгөөнд тусгагдсан арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхэд идэвхтэй хамтран ажиллах, цаашид бүс нутаг, олон талт хамтын ажиллагааны хүрээнд хамтран ажиллаж ирсэн уламжлалаа хадгалахыг санал нэгтэй дэмжив.
Энэхүү зөвлөлдөх уулзалт нь хоёр орны найрамдалт харилцаа, Гадаад харилцааны яам хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд тус дөхөм болов.
Дараагийн зөвлөлдөх уулзалтыг 2014 онд Улаанбаатар хотноо зохион байгуулна.