Монгол Улсын нутаг дэвсгэрийн найман хувийг ой эзэлдэг байна. Гэвч уул уурхайн үйл ажиллагаа хийгээд хүний үйл ажиллагаатай холбоотойгоор ойг сүйтгэх үзэгдэл буурахгүй байгаа аж. Мөн ойн нөхөрлөл, хоршоод олон байдаг ч ойг цэвэрлэх, нөхөн сэргээх, ойжуулах мэргэжлийн хүн байдаггүй. Энэ талын мэргэжилтнүүдийг төр зайлшгүй бэлтгэх шаардлага тулгарч байгаа тул Байгаль орчин, ногоон хөгжлийн яам, Хөдөлмөрийн яам хамтран ойн мэргэжилтэй ажилтан бэлтгэхээр болж, сайд С.Оюун, сайд Я.Санжмятав нар өнөөдөр хамтран ажиллах гэрээг байгууллаа. Гэрээнд зааснаар Хөдөлмөрийн яам нь ирэх онд ойн чиглэлээр 300, 2015 онд мөн 300, 2016 онд 400 гаруй ойн мэргэжилтэй ажилтан бэлтгэх үүрэг хүлээлээ.
Ойн мэргэжилтэй ажилтан бэлтгэнэ
Байгаль орчин, ногоон хөгжлийн яамнаас санаачлан өнөөдөр Төрийн ордонд Ойн үндэсний чуулганыг зохион байгуулж байна. Үндэсний чуулганд Улаанбаатар хотын есөн дүүрэг, 21 аймаг сумаас хүрэлцэн ирсэн ойн мэргэжилтнүүд, мөн нөхөрлөл, хоршоодын төлөөлөл нийтдээ 600 гаруй хүн оролцсон томоохон арга хэмжээ болж буй юм.
Г.ДАРЬ