Кремль өгөөш шидсэн үү?

Хуучирсан мэдээ: 2013.12.19-нд нийтлэгдсэн

ОХУ Украины бондыг худалдан авч, тус улсад нийлүүлж буй байгалийн хийн үнийг үлэмж бууруулахаар шийдсэнийг ерөнхийлөгч Владимир Путин мэдэгдэв. Их гүрний энэ шийдвэр нь Украиныг ОХУ-аас илүүтэй Европын холбоотой нөхөрлүүлэх гэсэн мянга мянган эсэргүүцэгч, тэмцэгчдийг давж гарсан шийдвэр, хөрш орондоо эдийн засгийн аврах хантааз шидсэн тийм л “өгөөмөр” үйлдэл байлаа.

Эсэргүүцлийн хөдөлгөөн, тэмцэгчдийн жагсаалд дарагдаад багагүй хугацааг үдсэн Украин орны ерөнхийлөгч Виктор Янукович энэ бүх нөхцөл байдлын цаана өнгөрсөн мягмар гаригт Москва хотноо ОХУ-ын төрийн тэргүүнтэй уулзаж, дээрх гэрээг үзэглэжээ. Гэрээний хүрээнд эдийн засгийн үр өгөөжтэй олон салбарт, тухайлбал, үйлдвэрлэл, хөдөө аж ахуй, барилга, тээвэр, батлан хамгаалах гээд хэд хэдэн салбарт хамтран ажиллана гэдгийг Янукович мэдэгдэв. “Хоёр орны Засгийн газрын нягт хамтын ажиллагааг бид цаашид үргэлжлүүлэх учиртай”. Телевизээр мэдэгдэл хийх үеэрээ тэрбээр ийн өгүүлжээ.

Гэрээ ёсоор ОХУ-ын талаас Украины 15 тэрбум ам.долларын бондыг авах хөрөнгийг Үндэсний баялгийн сангаас гаргахаар болж. Түүнчлэн ОХУ-аас Украинд нийлүүлж буй байгалийн хийн мянган шоо метрийн үнийг 400 ам.доллараас шууд 268,5 ам.доллар болгож, бууруулжээ. Гэвч ОХУ-ын энэ өгөөмөр шийдвэрийн цаана чухам ямар санаа нуугдаж буйг ухаарч, үнэгүй бяслаг зөвхөн хулганын хавханд байдгийг хатуу санахыг сөрөг хүчнийхэн анхааруулсаар байна.

Дээрх гэрээний нөхцөл Украины гудамж талбайд хэдэн долоо хоногийн турш эсэргүүцлээ илэрхийлж байсан жагсагчдыг улам бүр дэврээж мэднэ. Тэдний хувьд улсынхаа ерөнхийлөгч Януковичийг Европын холбоотой байгуулах учиртай худалдааны гэрээг үл ойшоож, тусламж хүсэхээр Москвад хандсаныг эсэргүүцэж буй. “Ерөнхийлөгч бидний санал бодлыг сонсохгүй байна. Тийм байхад яаж тэр биднийг төлөөлж олон улсын чухал баримтад гарын үсэг зурах болж байна…” Энэ бол жагсагчдын үг. Хүйтний эрч чангарч, хасах хэмд хэдийнэ шилжсэн ч тэмцэгчид гудамжинд майхан босгон жагсаалаа үргэлжлүүлж, ОХУ-тай хэт наалдаж, тэднээс хараат болж буйг шүүмжилсээр байна. Жагсагчдын хүсэл шаардлага бол ОХУ бус Европын холбоотой түншлэх явдал.

Хоёр улсын төрийн тэргүүн нарын хувьд дээрх гэрээ нь аль алиных нь хувьд эдийн засгийн өндөр үр ашигтай, өгөөжтэй гэдгийг дуу нэгтэйгээр онцолж байна. Түүнчлэн уулзалтын хүрээнд Украиныг Гаалийн холбоонд элсүүлэх тухай сэдэв хөндөгдөөгүй гэдгийг Украины ерөнхий сайд Микола Азаров хэлжээ. “Гадуур элдэв таамаг явж байх шиг байна. Гэхдээ бид Гаалийн холбоотой ямар нэг сэжмээр холбогдох нэг ч баримтад гарын үсэг зураагүй” хэмээн тэрээр ярьсан байна.

ОХУ-аас баруун Европ руу байгалийн хий дамжуулах гол транзит болсон Украины хувьд эдийн засгийн бэрхшээлээ шийдвэрлэх зайлшгүй шаардлагатай байгаа. Тэд Европын холбоотой түншлэх гэрээнд гарын үсэг зурахад бэлэн, гагцхүү Европын холбоо нь Украинд 20 тэрбум еврогийн тусламж үзүүлэх болзол тавьж буй юм.

Европын зарим орнууд ОХУ нь Украиныг гарын дор байлгах хүчтэй бодлого баримталж байна гэж шүүмжилж байгаа ч ОХУ үүнийг эрс няцаасаар байгаа юм.  Украинд үүсээд буй хурцадмал байдал ч ОХУ болон Европын холбоо гэсэн хуваагдлын дүнд бий болсон. Харьцангуй баруунжсан тэмцэгчид Украин улс Европын холбоотой зөвшилцсөнөөр эдийн засгийн үр өгөөж бүхий үүд хаалга нээгдэнэ гэж үзэж буй юм.

С.ЦЭЛМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж