Аливаа дуурийн уран бүтээлийг шинэчлэн найруулж тавина гэдэг нь шинээр дуурь тавихтай бараг адил зүйл гэдэг. Өнгөрсөн хавраас хойш эхэлсэн энэ нүсэр ажилд тус театр хэдэн төгрөг зарсныг би сонирхсонгүй. Харин хөгжмийн театр хэрнээ ерөнхий найруулагч Г.Эрдэнэбаатарыгаа ажлаас халсан нь сонин байсан юм. Найруулагчгүй театрыг хэлгүй хүнтэй зүйрлэсэн нь олонтаа тохионо. Гэтэл шинэчлэн тавигдах “Кармен” бол хүн бүхний мэддэг гэж хэлж болохоор дуурь. Найруулагчгүй театрт дуурь шинэчлэн тавина гэдэг эргэлзээ төрүүлж байлаа. Гэтэл уг дуурийг тус театрын удирдаач Ж.Бүрэнбэх найруулж байгаа гэдэг сураг сонсоод бүр ч ихээр гайхаж орхив. Хөгжмийн удирдаач гэдэг мэргэжлийг найруулагчтай адилтгаж боломгүй санагдаад байсан юм. Хөгжимчин, дуучин гэдэг шиг тусгай боловсролоор олж авдаг найруулагчийг хэн дуртай нь хийдэг ажил биш л дээ. Театрын амин сүнс болсон найруулагчийн мэргэжил, үүрэг, албыг ингэж үгүйсгэж болохгүй. К.Станиславскийн хэлсэн “Найруулагч-жанжин байхгүй бол эзэнгүй тариачдаар би яах билээ” гэдэг үг өөрийн эрхгүй санаанд бууж байх юм.
Шинэчлэгдсэн “Кармен”-ий 12-р сарын 14, 15-нд болсон тоглолтууд сайнтай, муутай болсон гэдгийг үзэгчид, урлаг судлаачид хүлээн зөвшөөрөх буй за.
“Кармен” дуурийг хоёр орой дараалан тоглосон ч гол дүрүүдийн дуучид нь дублёрдож хоёр баг болсон байлаа. Эхний тоглолтын Карменд Р.Доржхорлоо, Хозегийн дүрд Д.Эрдэнэ-Очир нар гарсан бол хоёр дахь орой нь эдгээр дүрд Ц.Ариунаа, Батжаргал нар дуулсан, харин бусад дүр нь солигдоогүй юм. Жүжгийн дүр сонголтоос л найруулагчийн үүрэг, хариуцлага харагдаад эхэлдэг. Урлагийн ямар ч төрөл нь дүрийн сонголтыг хамгийн чухалд тавьдаг. Дуурь гэдэг нь хоолойн сайнаар дуулж чадаж л байвал гадна имиж хамаагүй төрөл гэж ойлгож болохгүй урлаг юм. Эхний оройн тоглолтын Кармен, Хозе нарын дүр энэ утгаараа амжилт олсонгүй, дуучдын тухайд оновчгүй сонголт байлаа.
Харин хоёр дахь тоглолтын гоцлол дуучид дүрүүддээ илүү зохимжтой байсан гэж хэлж болно. Энэ бол дуучин Ц.Ариунагийн Кармен, Батжаргалын Хозе нарын дүр байсан юм. Дуучин Ц.Ариуна нь дуурийн эхнээс төгсгөл хүртэл франц хэл-аялгаар дуулж Кармены хурц зан төлөв, хөгжилтэй, сэргэлэн, цоглог дүрийг тодорхой гаргаж Хозегийн сэтгэлийг татаж чадсан бол, залуу дуучин Батжаргал нь хэдийгээр жүжиглэлтийн хувьд туршлага дутмаг хэдий ч дурламтгай, дурлалдаа юунаас ч илүү үнэнч Хозегийн дүрийг амжилттай илэрхийлж чадсаныг энд зориуд тэмдэглэж баяр хүргэе.
Мөн Данкейрогийн дүрийг амжилттай жүжиглэн бүтээж, сэтгэлд хоногштол гаргаж ирсэн дуучин Э.Анхбаяр болон Микаэла (дуучин Б.Эрдэнтуяа), Ремендадо(), Цунига (Алтанхуяг), Моралес (А.Сайнбаяр), Мерседес (М. Дариймаа) нарт уран бүтээлийн өндөр амжилт хүсье. Та нар өөрсдийнхөө дүрд үнэнч байж, дүрдээ үнэн сэтгэлээсээ хувилж байж үзэгчдийг байлдан дагуулсан гэдэгт итгэж байна. Та бүхэн Монголын Дуурийн театрын нүүр царай болсон сайн дуучид.
Шинэ “Кармен”-ий эхний өдөр үзэгчид ихийг горьдож орсон. Гэсэн ч сонсох дуртай хүсэн хүлээж байсан дүрүүдэд нь дуучид тааруухан дуулж, жүжиглэсэнд хэн хүнгүй дор бүрнээ сэтгэл ханамжгүй байсан ч шууд илэрхийлээгүй. Энэ талаар дээр дурдсан. Кармен бол галтай цогтой залуу бүсгүй байдаг бол, Хозе тэрхүү “галзуу” цыган бүсгүйн сэтгэлийг татах хэрийн өндөр, “гоё залуу” байх байсан. Эскамильо ч Хозегоос дутахааргүй сайхан залуу. Хөгжмийн зохиолч Ж.Бизе түүнд хамгийн сайхан аялгуугаа зориулсан байдаг. Харамсалтай нь энэ дүрд тоглосон дуучин маань сайхныг сайхнаар нь гаргаж дуулсангүй. Манайд хамгийн олон байдаг баритон хоолойн гоё, тод өнгийг гаргаж чадсангүйгээр үл барам, доод өнгөндөө бараг сонсогдсонгүй. Мөн овжин, сэргэлэн Фраскита эвгүй хоолойгоор дуулж дүрээ унагалаа.
Зураач Г.Ганбаатарын урласан тайз дэлгэц, зураг нь үзэгчдийг 1820-иод оны Севиль хотын ажилчны дүүрэгт аваачих мэт сэтгэгдэл төрүүлэв. Цомхон хийгдсэн тайзны урлал жүжигчдийн хувцас хэрэглэлтэй яв цав зохицсон байсан нь үзэгчдэд тааламжтай сэтгэгдэл үлдээсэн юм. Ялангуяа IV үзэгдлийн Кармен үхэж байгаа эмгэнэлт сценийг тайз эргүүлэх замаар тореодорын ялалтаар дуусгаж байгаа нь зураачийн хувьд тэр, найруулагчийн хувьд ч амжилттай шийдэл болж чаджээ.
Дуурь нь урлагийн маш олон төрлийг нэгтгэсэн төрөл-жанрынхаа хувьд найрал дуу болон симфони найрал хөгжим үгүйгээр (хоёр дахь удаагийн тоглолтонд хөгжимчид хөггүй байсан гэдгээс хэтрүүлэхгүй орхив) оршин тогтнох боломжгүй байдаг. Тэгвэл найрал дуучид гэдэг бол тайзны бүхий л амьдралыг хөдөлгөгч гол хүч болж өгдөг. Тийм болохоор тайзан дээр дуулж байгаа, жүжиглэж байгаа дуучин бүр өөрийн гэсэн үүрэг, үйл хөдлөлийг харуулж байх хэрэгтэй юм. Гэхдээ эхний хэсэгт гарсан эмэгтэйчүүдийн “зодоон” шиг дэндүүлж болохгүй. “Кармен” дуурийг авч гарсан найрал дуу, түүнийг удирдан зохион байгуулсан ерөнхий хормейстр Н.Дашбямба, симфони найрал хөгжмийн ерөнхий удирдаач Н.Туулайхүү нарт уран бүтээлийн өндөр амжилт хүсье.
Энэ удаагийн шинэчлэгдсэн “Кармен” дууриас авууштай нэг зүйл байсан нь үзэгдэл хооронд гарч буй балетын хэсэг байлаа. Дуурийн завсарлага хөгжмөөр бүжих балетын өгүүлэмж шинэ найруулагчийн хамгийн оновчтой гаргалгаа, үзэгчдэд барьсан бэлэг байсан гэж бодогдов.
Дуурь гэдэг бол аль ч утгаараа сонгодог урлаг юм. Энэ урлагийг түүхийн бүхий л үед мэргэжлийн уран бүтээлчид авч явсан. Хойшид ч тийм байх болно гэж найдаж байна.
2013.12.19