Чуулган дахиад л хуралдсангүй

Хуучирсан мэдээ: 2013.12.19-нд нийтлэгдсэн

Чуулган дахиад л хуралдсангүй

УИХ-ын нэгдсэн хуралдааны эхэнд УИХ-ын гишүүдийн ирцийг хурууны хээгээр бүртгэх ажлыг хийх үеэр техник технологийн саатал гарч, 10 эмэгтэй гишүүнийг 17 гэж таних,  тийм гэхээр үгүй гэж бүртгэх гэх мэтээр маргаан дагуулсан олон асуудал гарсан юм. Хурууны хээгээр бүртгүүлэх асуудлыг хуулиар зохицуулсны дараа хэрэгжүүлэх ёстой гэсэн байр суурийг УИХ-ын нэлээд гишүүд илэрхийлсэн. Үүнтэй холбоотойгоор МАН-ын бүлэг хоёр хоногийн хугацаатай завсарлага авлаа. Дашрамд дурдахад, МАН-ын бүлэг завсарлага авсны дараа УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл хуралдаж системийн үйл ажиллагааг шалгасан бөгөөд УИХ-ын дэгийн тухай хууль батлагдсаны дараа хурууны хээгээр бүртгэх системийг ашиглах нь зүйтэй гэсэн саналыг гаргасныг УИХ-ын Тамгын газрын дарга Б.Болдбаатар мэдэгдсэн юм. Өөрөөр хэлбэл, хууль батлагдах хүртэл хуучин системээр явуулахаар болсон нь МАН-ын бүлгий завсарлага үндэслэлтэй байсан байна.

Мөн ямар учраас завсарлага авсан талаараа УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт, УИХ-ын гишүүн, парламентад олон удаа сонгогдсон туршлагатай парламентч Ц.Нямдорж, Д.Лүндээжанцан танилцуулсан.

С.Бямбацогт: УИХ гишүүддээ ялгавартай хандаж байна

-Гишүүдийн хурууны хээгээр ирц бүрдүүлж эхлэх үед нэлээд алдаатай ажилласныг та бүхэн анзаарсан байх. УИХ-ын гишүүд yes гэсэн кноп дарахад no гэж дарах тохиолдол гарлаа. Гишүүдийг эрэгтэй, эмэгтэйгээр ялгаж бүртгэх гэхээр УИХ маань 17 эмэгтэй гишүүнтэй болчих юм. Ийм байдлаар бидний өнөөдөр ашиглаж эхлэх гэж байгаа тоног төхөөрөмж олон алдаа гаргалаа. Энэ тоног төхөөрөмжийг хууль баталж хэрэгжүүлэх ёстой. Хууль батлаагүй байхад асуудлыг хүчээр шийдэх гэж оролдож байгаа нь хууль зөрчиж байгаа гэсэн үг. Ер нь хууль зөрчих, хүч түрэх асуудал газар авсан. Хурууны хээгээр ирц бүрдүүлэх хуулийн төслийг УИХ-ын нэр бүхий гишүүд одоогоос жилийн өмнө УИХ-д өргөн барьсан. Жилийн өмнө өргөн барьсан хуулийг хэлэлцэхгүй мөртлөө гурван хоногийн өмнө Д.Эрдэнэбат, А.Бакей, Н.Батцэрэг нарын гишүүдийн өргөн барьсан хуулийг хэлэлцээд явж байгаа нь УИХ гишүүддээ ялгавартай, тэгш бус хандаж байгаагийн илэрхийлэл. Бид МАН-ын бүлгийн гишүүд нэг байнгын хороонд, эрх баригч намын гишүүд гурван байнгын хороонд харьяалагддагийг өөрчлүүлэх гэж удаан хугацаанд ярьж байгаа  ч шийдэгдэхгүй байна. Ийм учраас МАН-ын бүлэг хоёр хоногийн хугацаатай завсарлага авлаа. Бид төрийн ажлыг гацаагаагүй, бурууг нь шүүмжилж, зөвийг нь дэмжээд ажиллаж байгаа.

Д.Лүндээжанцан: УИХ-ын гишүүдийн санал өгөх эрхэнд халдаж байна

-Парламентыг амилуулдаг зүйл бол парламентат ёс юм. Энэ зарчим Монголд зөрчигдөөд олон улсын хэмжээнд эвгүй харагдах хэмжээнд хүрлээ. Бидний цаан сонгогчдын эрх ашиг бий. Сайд нарын давхар дээлийг тайлах тухай ярьж байна. УИХ-ын гишүүн сайдын албыг давхар хашина. Бас цаана нь өчнөөн олон агентлаг хариуцна, бүхэл бүтэн салбарууд хариуцна. Дээр нь гурван байнгын хороонд харьяалагдана, хажуугаар олон дэд хорооны гишүүний албатай. Ингээд бодохоор ер нь нэг хүнд ахадсан ажил. Сүүлийн үеийн ардчиллын онолоор асуудлыг ганц нэг хүний зөрүүтэй олонхи нь биш олуулаа  шийддэг ардчилал руу явж байна. Үүнийг зөвшилцлийн ардчилал гэж хэлдэг. Хоёр сайдын асуудлыг тавихаар эд нар Засгийн газарт орох гэж байгаа юм гэж мушгин гуйвуулж байгаа. Асуудлыг олонхиороо аль болох олуулаа шийдэхийг зөвшилцөл гэж хэлдэг. Тэгэхээр зөвшилцөл, ардчилал хоёр бол өндөг, тахиа хоёрын аль нь анхдагч вэ гэдэгтэй адилхан. Хурууны хээгээр санал өгөх нь байдаг л асуудал. Өөр хүний товчлуур дээр дардаг  муу зуршлыг бид арилгах ёстой. Сая оруулж ирсэн тоног төхөөрөмж бол иш мухаргүй мугуйдалсан, захиргаадсан,  УИХ-ын даргын индэр дээр аваачиж хүн хүнээр бөхөлзүүлж хурууны хээг нь авахаас хэтрэхгүй байна. Жинхэнэ өөрчлөлт хийе гэвэл хурууны хээгээр товчлуур дээр санал өгдөг л болгох хэрэгтэй. Тийм заалт, санаа гурван хоногийн өмнө өргөн мэдүүлсэн олонхийн бүлгийн гишүүдийн хуулийн төсөлд алга байна. Энэ хуулийн төслөөр бол хэн түрүүлж ирсэнд нь ярьдаг эрх олгох гэнэ. Парламентад ярихдаа гол нь биш, ярихаас гадна саналаа өгөх нь чухал. Мандат авсан сонгогчдынхоо саналыг дарж байгааг ойлгох хэрэгтэй. Хууль зүйн зөрчлөөрөө УИХ-ын гишүүдийн санал өгөх эрхэнд халдаж байна.

Ц.Нямдорж: УИХ-ын дарга АН-ын бүлгийн дарга шиг ажиллаж байгаа

– УИХ-ын ч тэр, байнгын хорооны төвшинд ч тэр ирц бүрдэхээ байсан. Аль ч байнгын хороонд орсон гурав, дөрөв хүн л сууж байдаг, манаачийн үүрэг гүйцэтгэдэг хэдхэн л хүнтэй болсон шүү дээ. Бусад нь хаашаа зугаалаад, юу хийгээд явдаг нь мэдэгддэггүй. 2014 оны төсөв, мөнгөний бодлого баталснаас хойш УИХ хэрэг дээрээ амралтын байдалд орсон. Хийх хэлэхээ олж ядаад бүр болохгүй бол тав дахь өдөр Ерөнхий сайдын мэдээллийг сонссон дүр эсгэж олон нийтийг хуурсан л байдалтай байна. Цаана нь юу явагдаж байна гэхээр парламентын хямрал явагдаж байна. Парламентын зөвшилцөл, ойлголцол байхгүй болсон, үүнээс үүдэлтэй парламентын хямрал, парламентын хямралыг дагасан эдийн засгийн нэмэлт хүндрэлүүд бий болж байгаа юм. Хурууны хээ авдаг төхөөрөмжийн тухайд хуульгүй гэдгээ эрх баригчид хүлээн зөвшөөрчихсөн. Хүлээн зөвшөөрч байгаа учраас хуульд өөрчлөлт оруулахаар эрх барьж байгаа хоёр бүлгийн дарга нь гурван хоногийн өмнө хуулийн төсөл өргөн мэдүүлсэн. Түүнийгээ УИХ-аар хэлэлцээгүй байж шууд өнөөдрөөс хэрэгжүүлэх гээд оролдож байна. Парламентын хямралд бодит шалтгаан бий. Эрх барьж байгаа хүчин 45 гишүүнтэй. Эдний тал хувь нь сайд болсон. Х.Тэмүүжин г эс тооцвол сайд нар УИХ болон байнгын хорооны хуралдаанд бараг ирдэггүй. Эрх барьж байгаа 44 хүнээс 15-16 нь хэрэг дээрээ парламентын үйл ажиллагаанд оролцохоо байчихаад байна. Үүнээс болоод ирцийн асуудал хурцдаад байгаа юм. Хурлаа хийхийн тулд цөөнхийн бүлгийн гишүүдийг байнгын хороонд ижил байдлаар хуваарилаад өгөөч гэж санал тавихад бүтэн жил хэрэгжүүлэхгүй байна. Энэ ажлыг хийх ёстой хүн нь УИХ-ын дарга З.Энхболд. УИХ-ын дарга АН-ын бүлгийн дарга шиг ажиллаж байгаа учраас парламентын дотоод хямрал улам гүнзгийрээд байгаа юм. Хуульгүй байхад ирцийн асуудлыг ингэж шийдвэл сүүлд нь юунд хүргэх бол. Энэ утгаараа парламентын хямрал дээд цэгтээ хүрчихээд байна. Ер нь лавшруулж яривал парламентын хямрал нь эдийн засгийн хямралын анхдагч эх үүсвэрийн нэг  болчихоод байна. Засгийн газартаа хяналт тавьж чаддаггүй,  44 хүний тал хувь нь сайд болчихсон учраас бүр эрхэлчихсэн. Өнөөдөр УИХ ямар үүрэг гүйцэтгэж байна вэ гэвэл Засгийн газрын хүссэн болгоныг хийдэг, хяналт тавих үүргээ хэрэгжүүлэхээс бүрэн хэмжээгээр татгалзсан ийм парламент боллоо. Үүнд Засгийн газрын гишүүд эрэмшээд ажлаа хийхээ больсон. Их наядын төсвийн орлого тасалдууллаа, их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт хийж чаддаггүй, тэгсэн мөртлөө шаардлагагүй байхад гаднаас зээл авч амиа аргацаах гэсэн байдал бий болчихоод байна. Ийм асуудал бий болсон учраас өнөөдөр УИХ-д хурууны хээ нэвтрүүлэх биш тараах тухай асуудлыг яриач ээ, болохгүй ,бүтэхгүй байгаа бүх юмны эх үүсвэр УИХ-ын бүрэлдэхүүнд байна, эрх баригчид тал хувь нь сайд болсноос парламентын хямрал үүдэлтэйг хэлээд байгаа. Энэ шалтгаанаар манай намын бүлэг завсарлага авч байна.

Телевизийн камер, сэтгүүлчдийн өмнө нэг их ажил хэрэгч хүний дүр эсгэдэг мөртлөө энэ өрөөнөөс гарангуутаа хувийн ажил хөөцөлддөг, гадаадад зугаалдаг ийм л парламенттай боллоо. Монголын парламентын түүхэнд ийм замбараагүй явдал гарч байгаагүй. Одоо парламентын гишүүд өөрсдөөсөө хариуцлага асуух хэрэгтэй.

МАН-ын бүлэг хоёр хоног завсарлага авсан учраас маргааш ч гэсэн УИХ-ын чуулганы хуралдаан болохгүй болж байгаа юм.

Ш.ЧИМЭГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж