Ойрын өдрүүдэд бороо хур элбэгтэй байгаагаас Алтайн нуруунаас эхтэй Буянт, Орхон гол Хархорин орчмоор усны түвшин нэмэгдэж, үерийн аюултай түвшинг 5-15 см-ээр даван үерлэж байна. Мөн Хангай нуруунаас эх авсан хойд Тамир, Алтайн нуруунаас эхтэй Ховд, Булган голын усны түвшин буурсан хэдий ч үерийн түвшинг 10-20 см-ээр давсан хэвээр байна. Иймд дээрх голын дагуух хот, суурин газрын оршин суугч, малчид, нийт ард иргэдийг аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх, амралт, аялал зугаалгаар явахдаа үер усны аюулаас урьдчилан сэргийлэхийг Онцгой байдлын ерөнхий газраас онцгойлон анхааруулж байна.
Ялангуяа эцэг эхчүүдэд бага насны хүүхдийг хараа хяналтгүйгээр гол, усанд явуулахгүй, тоглуулахгүй байх, согтууруулах ундаа хэрэглэсэн иргэд санамсар болгоомжгүйн улмаас гол усанд унаж осолдон амь насаа алдах эрсдэл учирч болзошгүйг сануулж байна.
Онцгой байдлын ерөнхий газраас гаргасан судалгаагаар
-2008 оны эхний найман сарын байдлаар гэхэд 72 тохиолдлоор 18 аймгийн 47 сум, нийслэлийн хоёр дүүргийн нутагт 88 хүн гол, усанд осолдсон байна. Үүнээс 19 нь хүүхэд байжээ.
-2009 онд эхний найман сарын байдлаар 60 тохиолдоор 15 аймгийн 36 суманд 67 хүн гол усанд осолдож, амь насаа алдсан байна. Үүний 19 нь хүүхэд байжээ.
– 2010 он гарсаар эхний зургаан сарын байдлаар гол, усанд 24 хүн осолдож, амь насаа алдсаны 12 нь бага насны хүүхэд байна.
П.Наран