
МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөл хуралдаж, МҮОНТ-ийн захирлаар Д.Энхтуяаг томилсон байна. Тус телевизийн хэсэг уран бүтээлчид өмнөх захирал Ч.Даваабаярыг салбарын цалингийн төсвийг хэтрүүлсэн, өөрийн хариуцаж ажилладаг уран бүтээлийн нэгдлийн дарга нарын санхүүгийн зөрчлийг шуурхай илрүүлж ажиллаагүй хэмээн үзэж үүрэгт ажлаас нь чөлөөлөх хүсэлтийг тавьсны дагуу Ч.Даваабаярыг ажлаас нь чөлөөлсөн юм. Ийнхүү түүний оронд албыг нь залгамжлах олон нэрс дуулдаж байсан ч УИХ-ын Тамгын газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны дарга Д.Энхтуяаг томилсон байна.
Д.Энхтуяа өмнө нь NTV телевизэд хөтлөгчөөр ажиллаж байсан бөгөөд өнгөрсөн 2012 оны аравдугаар сарын 18-ний өдөр УИХ-ын Тамгын газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны даргаар томилогдсон юм. Харин Д.Энхтуяагийн оронд ТB 9 телевизэд ажиллаж байсан сэтгүүлч О.Батхандыг УИХ-ын Тамгын газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны даргаар томилж магадгүй нь гэсэн бор шувуу Төрийн ордноор нисч байна.
Ш.ЧИМЭГ