УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт нар хоёулаа хурц ааштай эрхмүүд бололтой. Уг нь өчигдөр Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Сангийн сайд Ч.Улааныг огцруулах тухай асуудлыг хэлэлцэх үед олонхийн бүлгийн дарга Д.Эрдэнэбат цөөнхийнхний хор шарыг малтсан даацтай асуулт тавьж, түүнд нь цөөнхийн бүлгийн дарга С.Бямбацогт тун ч цоглог түүртэлгүй хариулт өгч их эрүүл саруул хэлэлцүүлэг өрнөсөн. Гэтэл өнөөдөр хоёр даргын тэсвэр тэвчээр алдарсан уу, олонхийн бүлгийн дарга Д.Эрдэнэбат "Цөөнхүүд 14.00 цагт чуулгандаа орж ирэхгүй бол сайдыг огцруулах асуудлыг хэлэлцэх хуулийн хугацаа дуусна шүү" гэх анхааруулга өгч, МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт "Олонхи хүч түрж асуудалд хандахгүй шүү. Эхлээд техникийн бүрэн бүтэн байдлаа хангачих, дараа нь гишүүдийн ирцийг хурууны хээгээр бүртгэдэг болох хуулиа баталчих. Түүний чинь дараа яръя" гэх зэргээр хоорондоо "тулалдаж" эхэллээ. Улстөрчдөд байх зан чанар бол яах аргагүй дайчин, хурц чанар боловч голлох хоёр бүлгийн дарга хоёулаа хэн, хэндээ бууж өгөхгүй гүрийчихвэл ч УИХ-аа тарааж аваад бүр амарсайхандаа жаргаж мэдэхээр байна шүү. "Гоё" ч юм уу даа, ингэх гээд байсан юм гэдэг шиг.
Г.ШАРХҮҮ