“Дуурлиг нарс” үзэсгэлэн гарлаа

Хуучирсан мэдээ: 2013.12.19-нд нийтлэгдсэн

“Дуурлиг нарс” үзэсгэлэн гарлаа

Хэнтий аймгийн Дуурлиг нарсны Хүннүгийн язгууртны бүлэг булшнаас гарсан үзмэрүүдийн үзэсгэлэнг аймгийн музейд гаргасныг хэнтийчүүд үзэж сонирхож байна.

Тус аймагт дээрх бүлэг булшнаас гадна Жаргалтхаан сумын Дуулга уулын булш, хүн чулуун хөшөөд, хадны зургууд гэх мэт олон дурсгал байдаг. “Дуурлиг нарсны Хүннү булш” дурсгалт газар нь Хэнтий аймгийн Баян-Адарга сумын нутагт бий. Дуурлиг нарсанд манай улсын нутагт илэрсэн Хүннүгийн 7 том оршуулгын нэг илэрсэн бөгөөд хамгийн зүүн захад байрлах язгууртны булшнууд юм. Энд 200 гаруй булш тархсан бөгөөд ихэнх нь үүдэвч бүхий дөрвөлжин булшнууд байдаг. Энэ дурсгалт газрыг 1974 онд нээснээс хойш дорвитой судлалгүй 40 шахам жил болж 2006 оноос Монгол Солонгосын хамтарсан “Мон Сол” төслийн баг 7 жилийн хугацаанд археологийн малтлага судалгаа хийж, шинжлэх ухааны эргэлтэнд оруулаад байна. Дуурлиг нарсны хүннү булшнаас морины хазаарын амгай зуузай, духавч, цагираг, сагалдраганы төмөр арал, төмөр зэв, хүрэл тогоо, малын яс, морины дүрст алт шармал, хүрэл чимэг, хүрэл бариул, алтан чимэгнүүд, төмөр бул, булны таг, том ваар, дэнгийн хүрэл цөгц, хүрэл таваг зэрэг эртний олдворууд олджээ. Хэнтий аймгийн музей Археологийн хүрээлэн, Монголын үндэсний музейтэй хамтран Дуурлиг нарснаас олдсон олдвор эд өлгийн зүйлээр “Хан Хэнтийн Хүннүгийн дурсгал-Дуурлиг нарс” үзэсгэлэн гаргаж ийнхүү олон нийтэд толилуулж байна.

Эх сурвалж: http://khentii.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж