
“Эрдэнэт” үйлдвэрийн 35 жилийн ойн баяр эрдэм шинжилгээ, онол практикийн хурлаар өндөрлөлөө
12-р сарын 14-нд буюу “Эрдэнэт” үйлдвэр анхны баяжмалаа үйлдвэрлэсний 35 жилийн ойн өдөр “Эрдэнэт-35” эрдэм шинжилгээ, онол практикийн бага хурлын төгсгөлийн шатны хуралдаан боллоо. “Эрдэнэт” үйлдвэрийн 35 жилийн ойд зориулсан үйл ажиллагаа Инженер техникийн ажилтны зөвлөлгөөнөөр эхэлж, Эрдэм шинжилгээ онол практикийн хурлаар өндөрлөсөн нь тохиолдлын хэрэг биш. “Эрдэнэт” үйлдвэрийн удирдлагууд үйлдвэрээ хөгжүүлэх, насыг нь уртасгах зорилгоор үндэсний шилдэг инженерүүдийн санал санаачилга, оюуны бүтээлийг үнэлэх, шинжлэх ухааны ололтыг үйлдвэрлэлд нэвтрүүлэх нь ойг тэмдэглэх хамгийн оновчтой шийдэл хэмээн үзжээ. Ойн хүрээнд “Эрдэнэт” үйлдвэрт ажиллаж асан, одоо гадаад, дотоодын ижил төстэй уул уурхайн компанид ажиллаж буй инженер техникийн ажилтнууд оролцсон “Эргээд харахад Эрдэнэт…” онол практикийн бага хурлыг мөн зохион байгуулсан юм. Үйлдвэрийн шинэ удирдлагууд “Эрдэнэт” үйлдвэрийнхээ ирээдүй, хөгжил цэцэглэлтэнд ийнхүү анхаарлаа хандуулж ойн баяраа тэмдэглэж байгаа нь ажиллагсдад ихэд таалагдав.
Геологи, уул уурхай, экологийн салбар хуралдаанаас ХИУ-н Үйлдвэрлэлийн товчооны дарга П.Түвшинжаргалын “Хүдэр олборлолтын уял-даа холбоог сайжруулж үйлдвэрийн үр ашгийг нэмэгдүүлэх нь” сэдэвт илтгэл тэргүүн байрт шалгарч, дэд байрыг Хөгжлийн хэлтсийн дарга Ш.Гэзэгт, инженер С.Нармандах нарын “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн ХИУ-д дизель-троллейвоз хэрэглэх боломж”, гутгаар байрыг Хөгжлийн хэлтсийн инженер С.Наранцэцэг, “Оюутолгой” ХХК-ийн нөөцийн геологич А.Ундрахтамир нарын “Геологийн загварчлал ба ордын нөөц” сэдэвт илтгэл эзлэв. Харин Эрдэс боловсруулалт, металлургийн салбар хуралдааны илтгэлийн тэргүүн байрыг Шинжилгээний төв лабораторийн дарга Ц.Туяа, судлаач инженер М.Гантулга нарын “Өтгөрүүлэх процессыг боловсронгуй болгох судалгаа” сэдэвт илтгэл эзэлсэн бол дэд байрт БФ-ийн тохируулагч инженер Г.Энхбаярын “Баяжуулах фабрикийн нагнетателийн синхрон хөдөлгүүрт GTO тиристорын хувиргагч ашиглах нь”, гутгаар байрт ТС-ийн судлаач инженер Д.Нямгэрэл, С.Гантулга, Х.Айбек нарын “Цахим хог хаягдлаас зэс болон өнгөт металлуудыг уусгах боломжийг судлах нь” илтгэл шалгарлаа. Уул уурхайн хаалтын менежментийн салбар хуралдаанаас ЗМЗ-ын судлаач, инженер Б.Данаажавын “Дижитал үйлдвэрлэл” илтгэл шалгарч, Эрчим хүчний цехийн Үйлдвэрлэл механикийн товчооны дарга П.Гансүхийн “Даралтат усан сан, ус дамжуулах шугам хоолойг засварлах нь”, Эдийн засаг, маркетингийн хэлтсийн Маркетингийн товчооны менежер Б.Гөлгөөгийн “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн маркетингийн менежментийн ач холбогдол, үр өгөөж ба санхүүжилт” сэдэвт илтгэл удаалав.