![](https://news.mn/wp-content/archive1/politics/photo/2013/11/54bf4636e524189f/d9b938df391344edbig.jpg)
Энэ талаар Тамгын газрын дарга Б.Болдбаатар “Өнөөдрийн хуралдаан дээр энэ системийг ашиглаж байх үед зарим гишүүний микрофон ажиллахгүй, санал нь орохгүй асуудал үүссэнээс болж МАН-ын бүлэг завсарлага авсан. УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл хуралдаад системийн үйл ажиллагааг шалгасан бөгөөд УИХ-ын дэгийн тухай хууль батлагдсаны дараа хурууны хээгээр бүртгэх системийг ашиглах нь зүйтэй гэсэн саналыг гаргалаа. Тэр хүртэл хуучин системээр явуулахаар боллоо. Тиймээс өнөөдрийн чуулганы хуралдаан хэвийн үргэлжлэх боломжтой” гэв. Өөрөөр хэлбэл, МАН-ын бүлгийн завсарлага авсан шалтгааныг арилгасан учраас үдээс хойшхи чуулганы хуралдаан үргэлжлэх боломжтой болж байгаа юм.
Гишүүдийн ирцийг бүрдүүлэх зорилгоор хурууны хээгээр бүртгэдэг байх системийг ашиглалтад оруулах шийдвэрийг УИХ-ын даргын зөвлөлөөс шийдвэр гарсан. Тодруулбал, УИХ-ын гишүүд ирц, саналаа хурууны хээгээр бүртгүүлснээр ирсэн ирцийн дагуу үг хэлж, асуулт асуудаг, мөн тухайн бүлгийн жигүүрт байрладаг суудалдаа ирсэн ирцийн дагуу дуртай суудалдаа суух урамшуулалтай болж байгаа юм. Гэвч ашиглаж байгаа хурууны хээгээр бүртгэх систем нь хуулиар зохицуулагдаагүй бөгөөд УИХ-ын дарга З.Энхболд өөрт олгогдсон бүрэн эрхийн дагуу чуулганы хуралдааныг товлосон цагт нь эхлүүлэхийн тулд энэ системийг ашиглах шийдвэр гаргасан. Энэ нь МАН-ыг завсарлага авахад хүргэсэн учраас ийнхүү зохицуулалтыг хийхээр болж байгаа юм байна.
Хурууны хээгээр бүртгүүлэх нь ирц бүрдүүлэх учиртай ч УИХ-ын гишүүд дэгийн тухай хуулийн дагуу чуулганы хуралдаанд товлосон цагт оролцох үүрэгтэй. Оролцохгүй байх шалтгаан нь хүндэтгэх буюу Үндсэн хууль зөрчсөн, мөн ийм асуудлаар хэлэлцүүлэг явж байгаа үед чуулганы хуралдааныг орхин гарах эрхтэй байдаг. Өвчтэй, чөлөөтэй тохиолдолд УИХ-ын даргад урьдчилан мэдэгдэж чөлөө авсан байх ёстой. Бусад тохиолдолд чуулганы хуралдаанд ирцээ бүртгүүлсэн бол тухайн өдрийн хуралдаанд бүрэн суух эрхтэй. Хэрэв оролцохгүй бол тухайн гишүүнийг хэлэлцэж буй асуудалд эсрэг байр суурьтай байна гэж үзэх дэгийн тухай хууль бий.
УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаан 14.00 цагт хуралдах байсан ч одоо болтол эхлээгүй байна.