
“Нарантуул” олон улсын худалдааны төвийн таван хаалганы орчимд жимс жимсгэнэ зардаг 140 гаруй худалдаачдын төлөөлөл мэдээлэл хийлээ. Тэдний хэлж буйгаар тус худалдааны төвийн удирдлагууд энэ сарын 10-ны өдөр худалдаачдын наймаа, арилжаагаа явуулдаг 79 сүүдрэвч, лангууг татан буулгасан аж. Ингэхдээ тэдэнд урьдчилсан байдлаар ямар нэгэн мэдэгдэл хүргүүлээгүй юм. Улмаар түрээслэгчдийн зүгээс удирдлагуудаас тодруулахад "Манайх та нартай анхнаасаа түрээсийн гэрээ хийгээгүй. Төр засгаас шаардлага ирсэн тул шийдвэрийг биелүүлж байна. Та бүхний зогсдог газар бол нийтийн эзэмшлийн талбай. Та нарт олгох зай талбай байхгүй” гэжээ. Тиймээс тэд УИХ дахь эмэгтэй гишүүдийн бүлэг, Түрээслэгчдийн нэгдсэн холбооны тэргүүн, УИХ-ын гишүүн Г.Уянга нарт хандаж асуудлыг шийдвэрлүүлэх болно гэдгээ хэллээ.