УИХ-ын өнөөдрийн чуулган дээр гишүүн Ц.Нямдорж “Амь биш заяа биш УИХ таръя. Хуульд ороогүй юмыг дураараа хүчээр хийж болохгүй. Санал хураалт дээр будилаан гарвал ямар маргаан дэгдэхийг мэдэж байна уу, З.Энхболд оо. УИХ байран дээрээ байж чадахаа болилоо шүү, ийм хөгийн юм хийгээд сууж байгаа УИХ-ын дарга ажлаа хийж чадаж байгаа юм уу. Эв зүйгээ ол гэж хүний хувьд өөрт чинь олон удаа хэлсэн. Хүчээр хурууны хээ бүртгэчихээд өдөржин УИХ-ын гишүүн нь байхгүй байхад санал авах нь л дээ. Ямар гээч юм болоод байгаа юм, ийм юм хийж байхаар тарчихаач" гэх зэргээр шүүмжлэл хэлсэн бөгөөд энэ тухайгаа хэвлэлийн хурлын үеэр тодотгож "УИХ-д олонхийг бүрдүүлж буй Ардчилсан намынхан, УИХ өнөөдрийн байдлаараа байвал сөрөг хүчний зүгээс дараа дараагийнхаа алхамыг хийх нөхцөлд хүрэх нь. Гэхдээ яах вэ яг энэ асуудлаар бол удирдлагын хүрээнд яригдсан зүйл байхгүй. Гэсэн ч нөхцөл байдал ийм зүйлд очих хэмжээнд л байна шүү дээ" гэсэн юм.
Тэгвэл түүний энэхүү үгэнд нь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат мөн хэвлэлийн хурлын үеэрээ онцлох хариулт өгсөн бөгөөд "Ц.Нямдоржоо хурууны хээгээр бүртгэх, гишүүдийг хариуцлагатай болгох асуудлыг нэг болохоор хэрэгтэй гээд нөгөө бол хэрэггүй гэх согтуу яриагаа боль. Ц.Нямдоржийн хэлснээр УИХ тардаг ч юм биш. Ер нь төрийг мохоох үгийг байнга хэлдгээ болиоч" гэв.
Ирцийн асуудал, гишүүдийг хариуцлагатай болгох зорилготой хурууны хээний машины асуудал ийнхүү маргаан дагуулсаар. Өмнө нь сонгуулийн санал тоолох машин гэж маргадаг байсан улс төрчид өнөөдөр хурууны хээний машин гэх шинэхэн сэдэвтэй болж байгаа бололтой.
Б.ШАРХҮҮ