“…мөнгө угаах гэмт хэрэгт тооцсон энэ зүйл заалт нь 2009 оны арванхоёрдугаар сарын 24-ний өдрийн Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгаар тус хуульд орсон байна.
Харин Ч.Хоролсүрэн нарын зургаан хүнд холбогдуулж прокурор яллах дүгнэлт үйлдэж, анхан болон давж заалдах шатны шүүхээс ял шийтгэл оногдуулсан мөнгө угаах гэмт хэрэг нь анх 2007 оны гуравдугаар сарын 5-ны өдрөөс эхлэн 2009 оны тавдугаар сарын 14-ний өдрийг хүртэл үргэлжилсэн гэж тогтоосон. Иймээс тэдэнд гэмт үйлдэл төгссөн хугацаанаас нь хойш батлагдсан Эрүүгийн хуулийн 166.1 заалтын дагуу ял шийтгэл оногдуулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 11 дүгээр зүйлийн 11.2 дахь хэсэгт “гэмт хэргийн хор уршиг хэзээ илэрснээс үл хамаарч тухайн гэмт хэрэг үйлдсэн үеийг гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацаанд тооцно”, мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэгт “гэмт хэрэгт шинээр тооцсон буюу оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй” гэсэн заалтуудыг зөрчсөн гэж Дээд шүүх үзсэн нь тогтоолд тусчээ. Мэдээж хэрэг гэмт хэрэг гэж тооцдоггүй байснаа гэнэт тооцдог болчихоод өнгөрсөн баларсан юм ярьж хэрэг тулгах нь хуулийн ёсонд нийцэхгүй.
Ер нь манай улсад 2008 оны хоёрдугаар сарын 1-ний өдрийн хуулиар мөнгө угаах үйлдлийг анх удаа гэмт хэрэгт тооцсон гэж Дээд шүүхийн мяндагтнууд тайлбарлаж. Энд нэг зүйлийг зориуд сануулах ёстой. Учир нь мөнгө угаах үйлдлийг бид ердөө таван жилийн өмнө хуульчилсан ч төрийн мөнгийг хувьдаа завшихийг гэмт хэрэгт тооцдоггүй байсан уу гэвэл үгүй. Түүнийг гэмт хэрэг гэж тооцох албан тушаалаа урвуулан ашигласнаас эхлээд өчнөөн зүйл заалтнууд бий. Харин юуг мөнгө угаахад тооцох вэ гэдэг нь ихээхэн эргэлзээтэй. Юун таван жилийн өмнө тийм ойлголт байх нь байтугай одоо ч тогтчихсон ойлголт алга. Төсөөллөөр бол АНУ-д хар тамхи, хүний наймаа хийж олсон мөнгөө ил гаргаж тансаглах гэхээр татварынханд баригдах гээд байж. Ингээд нэгэн мэргэн арга олсон нь угаалгын газар ажиллуулж тэндээсээ асар их ашиг олсон мэтээр мөнгөө гаргаж ирсэн гэдэг. Ингээд хууль бусаар олсон мөнгө нь албан ёсных болсон байна. Үүнийг л мөнгө угаах үйлдэл гээд байгаа бололтой юм. Манайд энэ төрлийн хэрэг ховор ч Чингис хаан банкны захирал Сергей Громов гэгч ийм л зорилгоор орж ирсэн гэлцдэг.
Хуульд “хууль бус эх үүсвэрийг халхавчлах, нуун дарагдуулах, хуулийн хариуцлагаас зайлсхийх зорилгоор гэмт хэрэг үйлдэж олсон эдийн болон эдийн бус хөрөнгө, мөнгийг санаатайгаар хүлээн авсан, хадгалсан, ашиглаж шилжүүлсэн, хувиргасан үйлдэл”-ийг мөнгө угаах гэмт хэрэгт тооцож байна. Өмнө нь бол “зэвсэг, хар тамхи, хүн худалдаалах, эсхүл хуурамч мөнгөн тэмдэгт үйлдвэрлэж олсон орлого, зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл, терроризмыг санхүүжүүлэх зорилготой илт хууль бус эд хөрөнгийг мэдсээр байж эх үүсвэрийг нь халхавчлах, нуун далдлах, хууль ёсны болгох зорилгоор гүйлгээнд оруулсан” үйлдлийг тооцдог байж.
Тиймээс л МИАТ-ийн экс удирдлагууд мөнгө угаасан хэргээр зүйлчлэх нь ч утгагүй юм шиг. Гэхдээ тэд улсын мөнгө шамшигдуулсан уу гэвэл тийм гээд байгаа. Тиймээс хэргийг хөнгөлөхийн оронд Дээд шүүх таарсан зүйл ангиар зүйлчилж, эсхүл мөрдөн байцаалтанд буцаах ёстой мэт санагдана. Ер нь манайд бол мөнгө угааж байгааг мэдэх аргагүй. Учир нь татварынхнаас эхлээд энд хяналт тавьчих байгууллага байхгүй. Татварынхан өөрсдөө НӨАТ-ын паданд залилуулчихаад сууж байна. Тэд уг нь сүйхээтэйсэн бол Ц.Нямдоржийг бэлэгний байртай болсныг дуулаад сургаар нь татвараа төлөө гээд гүйгээд очих ёстой. Ингэвэл олон арван хүний бодит байдал ил болно. 500 мянган төгрөгийн цалинтай хэрнээ 500 саяын хауст амьдраад байгаа нөхдүүдийг ямар орлогоор авсан, орлогынхоо татварыг өг гэхэд л бүх бульхай нь гараад ирэх учиртай. Мөн ч олон авлигач үүнээс үүдэн дээлээ нөмөрнө. Уг нь ухаалаг төр бол үүнийг л хийх ёстой. Ийм тогтолцоог л бий болгох учиртай. Даанч дээр байгаа нөхдүүдийнх нь дийлэнх нь ийм аргаар хөлжсөн болохоор өөрийнхөө толгойд олс углах хууль гаргахгүй л дээ. Тиймээс ч энэ мэт хэргийг Дээд шүүхээр янз бүрийн тайлбар гаргуулж, учир нь ойлгогдохгүй хуулийн хэл гээд балай юмаар тайлбарлуулж байна гэж толгой эргүүлсээр байгаад мөнөөх байгууллага нь улс төрийн институт болоод хувирчихжээ. Улстөрчдийн нэгэн адил хуульчсан бус хуулийн цоорхойгоор төрөөс төрсөн тэрбумтнуудыг тавиад туудаг болчихож. Тэр цоорхойгоор мөн ч олон тэрбумтан гоожиж, башийсан даа. Талийсан нөхдүүд нь амтшаад мөнөөх цоорхойг улам том болгосоор удаж. Одоо томоохон компаниуд өөрсдийнхөө төлөөллийг УИХ-д шургуулж компанидаа зориулсан хууль батлуулдаг болчихлоо шүү дээ. Тэд үүнийгээ бүгдээрээ суугаад ярихаараа хууль руу чихнэ. Уг нь хууль нь амьгүй зүйл. Өөрсдөө тэрнийгээ батлаад байгаа юм шүү дээ. Сониндоо сонин. Юу ч гэх вэ дээ.