Гурван жилийн өмнө УИХ-аас Төмөр замын салбарт төрөөс баримтлах бодлогоо тодорхойлсон. Бодлогын хүрээнд Монгол Улсын Засгийн газар “Шинэ төмөр зам” төслийг хэрэгжүүлж эхний ээлжинд Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 1800 километр замыг тавихаар газар шорооны ажлыг нь эхлүүлээд байна. Оросын төмөр замын агентлагийн орлогч И.В. Мицук “Монгол Улсын хувьд төмөр замын бодлогоос эдийн засгийн хөгжил хамаарна. Учир нь аливаа улсын хувьд дэд бүтцийн хөгжил эдийн засгийнх нь тулгуур болж өгдөг. Гурван улсын хувьд Хятад Европыг холбох гүүр нь Монгол гэдэг дээр санал нэгдэж байна” хэмээн мэдэгдээд энэ зөвлөгөөн бол Монголд төдийгүй Орос, Хятадад чухал ач холбогдолтой болно гэдгийг онцолсон.
Монгол Улсын хувьд хэдийгээр төмөр замын бодлогоо тодорхойлсон ч царигийн асуудал дээр маргалдаж цаг алдсан хэвээр байгаа юм. Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шинэ төмөр зам” төсөлд Орос, Хятад аль аль нь оролцох сонирхолтой, хөрөнгө оруулалт хийхээс татгалзахгүй гэдгээ мэдэгдсэн. Хятадын төлөөлөгчийн хувьд энэхүү зөвлөгөөнөөр Монгол бодлогынхоо гарцыг олж, гурван улсын хувьд хамтарсан ашигтай хувилбарыг сонгоно гэдгээ мэдэгдсэн юм.
Далайд гарцгүй Монгол Улсын хувьд түүхий эдээ зах зээлд хурдан шуурхай, саад бэрхшээлгүй хүргэхэд төмөр зам онцгой ач холбогдолтой. Тиймэээс гурван улсыг дамнасан бүс нутаг, тив хоорондын логистикийн сүлжээг цогцоор хөгжүүлснээр Монголын эдийн засагт багагүй хөрөнгө оруулалт орж ирэх нь тодорхой. Өөрөөр хэлбэл, Монгол Ази, Европыг холбосон гүүр болж чадах аваас тэр нь хөгжлийн томоохон хөшүүрэг болох юм гэдгийг гурван улсын төлөөлөгчид санал нэгтэйгээр хүлээн зөвшөөрч байна лээ. ОХУ-ын хувьд Монголоор дамжуулан Хятадын зах зээлд түүхий эдээ гаргах, чингэхийн тулд бүдүүн царигтай төмөр замыг төслийг хэрэгжүүлэхэд хамтран ажиллах сонирхолтой байгаа юм. Харин Монголын мэргэжлийн инженер, томоохон эдийн засагчдын хувьд нарийн царигтай төмөр зам тавих ёстой гэсэн байр суурийг илэрхийлдэг. Ямар ч байсан монголчуудын шийдлээ олж чадахгүй байгаа царигийн асуудлар гурван улс нүүр нүүрээ харалцан илэн далангуй яриа өрнүүлж буй нь сайн хэрэг юм. Төмөр замын салбарыг хөгжүүлэхэд багагүй хөрөнгө оруулалт шаардагддаг. Улаанбаатарын төмөр замын шинэчлэлийн эхний шатыг хийхэд 400 сая ам.доллар шаардлагатай байгааг ч салбарын сайд дуулгасан.
Монгол Улс төмөр замын салбарт хоёр хөршүүдтэйгээ аль алинтай нь хамтрахад бэлэн байгаа. “Шинэ төмөр зам төсөл”-ийг хүрээнд цаашдаа давхар төмөр зам, хос төмөр зам барихаар төлөвлөж буй агаад үүнд нэг тэрбум ам.долларын хөрөнгө шаардагдаж байгааг зөвлөгөөний үеэр хөндсөн юм. Тиймээс ганц Оростой эсвэл ганцхан Хятадтай гэсэн нэг талыг барьсан давуу тоглолт хийхгүй. Хоёр талтайгаа хамтран төмөр замын төсөл дээр тохиролцоонд хүрэхийн тулд энэхүү зөвлөгөөнийг зохион байгуулсан гэнэ.
Түүнчлэн ОХУ-тай “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн асуудлаар ярилцах бөгөөд ирэх жилээс ачаа эргэлтийн хэмжээг түргэсгэх, ашиг орлогыг нь нэмэгдлүүлэх асуудлаар ярилцах гэнэ.
Ази, Европыг холбосон гүүр нь Монгол болж чадвал бүгдэд нь ашигтай гэдгийг И.В. Мицук хэлсэн юм.
Энэхүү хурал хаалттай болсон. Гэхдээ эх сурвалжийн яриагаар бол царигийн асуудлаар нэлээд нухацтай хэлэлцсэн гэнэ. Оросын зүгээс Хятад руу нүүрсээ экспортлохын тулд Монголын нутгаар дайран өнгөрөх бодолтой байгаа. Үүний тулд бүдүүн царигтай төмөр замыг тавихыг монголчуудад санал болгож буй. Бүдүүн царигийг дэлхий дээр маш цөөхөн орон ашигладаг, нарийн царигийн хувьд эдийн засагт хэмнэлттэй, тэгээд ч Хятад улс Монголын нүүрсний томоохон зах зээл учраас Тавантолгой-Гашуунсухайт чиглэлд заавал бүдүүн цариг тавих албагүй гэдгийг хэлэх хүмүүс бий. Тиймээс төмөр замын царигийн асуудалд гурван улс тун нухацтай хандаж байна. Тэртусмаа хоёр их гүрний дунд оршиж байгаа улсынхаа хувьд Монгол хөршүүдээ гомдоохгүй байхаар шийдсэн бололтой.