Эр эмийн дундуур “илжиг” жороолно

Хуучирсан мэдээ: 2013.12.18-нд нийтлэгдсэн

Эр эмийн дундуур “илжиг” жороолно

Тийм ээ. Эр эмийн дундуур илжиг жороолно. Жороолох жороолохдоо төр гэдэг “илжиг” жороолно. Зүгээр хоорондоо хэрэлдээд маргалдаж байгаа эр эмийн тухай бид яриагүй. Харин эрх мэдэл, хүчний тэнцвэргүй байдалтай, хүчирхийлэлтэй харилцаанд байдаг гэр бүлийн хүчирхийлэл гэгч хар мангасыг таслан зогсооход тэрхүү “илжиг” жороолох ёстой. Гэр бүлийн хүчирхийллийн хохирогчид голдуу эмэгтэйчүүд байхаас гадна тэдний хамт давхар хамааралд хүүхдүүд, эцэг эхчүүд, гэр бүлийн бусад гишүүд байдаг нь энэ асуудлыг нийгмийн том хорт хавдар гэж үзэхээс өөр аргагүй юм. Гэр бүлийн хүчирхийлэл далд явагддаг. Мөн эр эмийн дундуур илжиг бүү жороол гэдэг уламжлалт үзэл сэтгэлгээ үүнд нөлөөлдөг учир хүчирхийлэлд байгаа хохирогчид тусламж дэмжлэг үзүүлдэг хүмүүс их ховор. Үүнийг маш сайн ойлголог, сэтгэл зүрхээрээ мэдэрдэг Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийнхөн бүх ачааг нуруун дээрээ үүрч явдаг. Хөөрхий цагдаа нар ч цөхрөнгөө барсан байдалтай, эрх мэдэл нь дутмаг, оролцоо тааруухан байдаг. Тэр хүчирхийлэл байнга давтагдаж амьд явах, эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх нь зөрчигдөж байгаа хүмүүст бодит туслалцаа дэмжлэг үзүүлж, эрхийг нь хамгаалж, хангалттай тооны хоргодох байраар хангах, цагдаагийн эрх мэдлийг нэмэгдүүлэх, гэр бүлийн хүчирхийлэлд “intervention” хийх замаар төр гэдэг  “илжиг”-ийг “жороолдог” болоосой гэж бид хүсээд байгаа юм.  Гудамжинд юм уу, бааранд хоёр хүн зодолдоод бие биенийхээ хамраас цус гаргачихвал гэмт хэрэгт тооцоод шоронд аваачаад хийчихдэг мөртөө гэр оронд, хүний хамгийн аюулгүй, тайван аз жаргалтай амьдралын суурь байх ёстой тэр газар аймшигт гэмт хэргүүд үйлдэгдэж байхад захиргааны зөрчил эсвэл юу ч биш эр, эмийн маргаан гэж үзээд ойшоохгүй хаядаг болсноор энэ төрлийн гэмт хэрэг газар авсаар байна. Гэр бүлийн хүчирхийллийг гэмт хэрэгт зүйлчилж өгөх нь нэн тэргүүний алхам байх ёстой. Учир нь эхнэр, хүүхдээ тарчлаан зовоох, зодож жанчих, айлган сүрдүүлж, бэлгийн болон сэтгэл санааны хүчирхийлэлд байлгах нь тэдний хань, эцэг нь байснаар тэдэнд өгөгдөж буй эрх дарх биш, харин төр улсын хууль цаазанд тогтоосон гэмт хэрэг үйлдэж байна гэдгийг ойлгуулж өгөх нь урьдчилан сэргийлэх чухал алхам болох юм. Хүчирхийлэлтэй харилцаатай эр, эмийн дундуур “илжиг” хэрхэн өөр ямар арга замуудаар “жороолж” болохыг цуврал нийтлэлүүдээрээ хүргэх болно.

Хүний эрхийн хуульч Манжаагийн Ичинноров

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж