Арав уу, хорь уу, гуч уу. Үндэсний статистикийн хорооныхон инфляцийг 12 хувьтай гарлаа хэмээн мэдэгдэж буй. Инфляцийг 12 хувьтай гарахад цахилгаан, дулааны үнэ голчлон нөлөөллөө хэмээн тайлбарласан байна лээ. Харин бодит амьдрал дээрх үнийн өсөлттэй Үндэсний статистикийн газраас гаргасан дүн мэдээг харьцуулбал тэнгэр газар шиг зөрүү харагдах болов уу. Хэрэглээний сагсан дахь бүтээгдэхүүн нэртэй гэсэн хэдэн арван үл ойлгогдох тоон үзүүлэлтээс илүү захын эмгэн ч инфляци өссөн гэдгийг худалдаж авдаг бараа бүтээгдэхүүний үнэ нь хэрхэн өсч, тэтгэврийнх нь мөнгө хаана ч хүрэх байсантай харьцуулаад хамаагүй ойлгомжтой хийгээд үнэн зөвөөр тайлбарлаад өгөх байлгүй.
Өнгөрсөн жил будаа нэг килограмм нь 1600 төгрөг болсон. Өндөг 230 төгрөг байсан бол өнөөдөр 460 төгрөг хүрсэн. Талхны үнэ 200 төгрөгөөр нэмэгдсэн. Тамхины үнэ 200-400 төгрөгөөр өссөн. Энэ мэтчилэнгээр үнэд нь өсөлт гарсан бараа бүтээгдэхүүнийг жагсаавал уртаас урт жагсаалт гарч ирнэ. Тэр тусмаа дотоодын зах зээлийнхээ 80 хувийг гаднаас хангадаг орныхоо хувьд ам.долларын өсөлтөөс улбаалж бүх барааны үнэ өсчихөөд байхад инфляци дөнгөж 12-тай гарсан гэдэг нэлээд багасгаж хэлсэн тоон үзүүлэлт болов уу. Учир нь өнгөрсөн жил 50 мянган төгрөгөөр юу авдаг байснаа өнөөдрийнхтэй зэрэгцүүлээд хар л даа.
Одоо улирлын онцлог, баярын нэмэгдлүүдтэй нийлээд бараа бүтээгдэхүүний үнэ өсөх нь тодорхой. Ууж, идэж, өмч зүүж байгаа бүхний үнэ ам.долларын өсөлтөөс болж өсчихөөд байханд инфляци цахилгаан дулааны үнийн өсөлтөөс болж 12 хувьтай гарсан гээд мэдээлж суугаа Үндэсний статистикийн хорооныхон арай үнэмшилтэй тоо хэлдэг болмоор байна. Үнэндээ бол инфляци гэдэг бол үнийн өсөлт гэсэн үг. Үнийн өсөлт Монголын бүх салбарт нүүрлэж байна. Төгрөгийн худалдан авах чадвар 30 хувиар суларч, ам.долларын өсөлтийг дагаад импортын бараа бүтээгдэхүүний үнэ дор хаяж 30 хувиар нэмэгдчихээд байхад инфляци дөнгөж 12 хувьтай гарсан гэж тооцоолж суугаа Үндэсний стастикийн хорооныхон алдаа гаргав уу, андуурав уу.
Эдийн засагчид “Мөнгөний нийлүүлэлт өсөхийг инфляци” гэдэг хэмээн тодорхойлдог. Тэгвэл Монголын зах зээлд мөнгөний нийлүүлэлт гурван их наядаар тэлсэн гэвэл дотоодын инфляци багагүй өссөн нь тодорхой. Дээрээс нь гаднаас инфляци худалдан авч байгаагаа нийлүүлээд тооцвол өнөөдөр 12 хувьтай гарсан гэдэг нь худлаа болж байгаа юм.
Өнгөрсөн жилийн өдийд ам.долларын ханш 1380 төгрөг байсан бол өнөөдрийн хувьд 1671 төгрөгт хүрсэн гэвэл Монгол Улс гаднаас багагүй инфляци худалдан авч байна гэсэн үг. Тэгэхээр яг өнөөдрийн хувьд инфляци хэд хүрсэн бэ гэдгийн хар ухаанаар тооцвол дор 20-30 хувьтай байгаа юм. Хэрэглэж байгаа бүтээгдэхүүний үнийн өсөлтөөс харахад шүү дээ. Өнөөдрийн хувьд өсөөгүй бараа бүтээгдэхүүнийг хаанаас ч хайгаад олохгүй болов уу. Дээрээс нь их хэмжээгээр мөнгө үйлдвэрлэж тараах тусам инфляци нэмэгдсээр л байна. Харин Үндэсний статистикийн хорооныхон тархи угаасан хуурай тоогоороо хуурсаар суух уу. Импортын бүх барааны үнэ өсчихөөд байхад инфляци 12 хувьтай гарсан гэдгээ яг ямар бодит жишээгээр нотолж чадах вэ.