![](https://news.mn/wp-content/archive1/politics/photo/2013/7/d594a71e7c5b4ea9/e1a0f40a4e470d10original.jpg)
Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар хэлэлцсэн нэг чухал асуудал нь давхар дээлээ хэзээ тайлах вэ гэх малгайн дор яваа Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэх байв. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Үндсэн хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд Засгийн газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг “Засгийн газар Ерөнхий сайд, гишүүдээс бүрдэнэ. Зөвхөн Ерөнхий сайд Улсын Их Хурлын гишүүний ажил, албан тушаалыг хавсарч болно. Энэ тохиолдолд гишүүнийхээ бүрэн эрхийг хэвээр халдгална” гэж өөрчлөн найруулах, үүнтэй уялдуулан Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн зарим зүйлийн зохих заалтыг өөрчлөн найруулах хуулийн төслүүдийг санаачлан боловсруулж өргөн мэдүүлээд байгаа. Байнгын хорооны гишүүд энэ хуулийг яаравчлан оруулж ирсэн шалтгаан, хэрэгжүүлж эхлэх хугацааг онцолж байлаа. Гэхдээ өнөөдрийн хувьд хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг шийдэх учиртай тул бусад асуудлыг дараагийн хуралдаанаар ярилцахаар болсон. Байнгын хорооны гишүүд төсөл санаачлагчийн танилцуулгатай холбогдуулан асуулт асууж, саналаа хэлсний дараа санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь уг хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжсэн тул энэ тухай санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр боллоо.
Энэ төслийн анхаарал татаж буй зүйл нь “Ерөнхий сайдаас бусад Засгийн газрын гишүүн нь УИХ-ын гишүүний албыг давхар хашиж болохгүй” гэсэн заалт. Энэ заалттай холбогдуулан уг хуулийг хэзээнээс хэрэгжүүлж эхлэх вэ гэдэг дээр санал зөрж байгаа. Тодруулбал
Ардчилсан намынхан Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлснээр 2016 оны долдугаар сарын 1-нээс хэрэгжүүлж эхлэх нь зүйтэй гэсэн бол МАН-ын гишүүд батлагдсан өдрөөс эхлэн хэрэгжүүлэх нь зөв гэж үзэж байгаа. Өөрөөр хэлбэл Засгийн газрын бүтэц данхгар байгааг залруулахаар хуулийн төсөл оруулж ирсэн бол алдаагаа яаралтай засах ёстой, 2016 оныг хүлээх хэрэггүй гэж буй. Хэрэв хууль батлагдсан өдрөөс эхлэн хэрэгжвэл олон сайд ажилаа өгөхөд хүрнэ. Шинэчлэлийн Засгийн газар өнөөдрийн байдлаар 16 яам, 19 сайдаас бүрдэж байгаа.
С.ОТГОН