Сайдыг огцруулах асуудал шоу юу?

Хуучирсан мэдээ: 2013.12.18-нд нийтлэгдсэн

Сайдыг огцруулах асуудал шоу юу?

Эдийн  засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Сангийн сайд Ч.Улаан нарыг огцруулах асуудлыг МАН-ын бүлгээс тавиад байгаа. Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярыг огцруулах асуудлыг хэлэлцсэн юм. Энэ  үеэр МАН-ын бүлгийн гишүүд "Сайдыг огцруулах асуудал нь улстөрийн акц биш. Улс орны эдийн засгийн өнөөгийн бодит нөхцөл байдал, Засгийн газрын  буруу бодлого зэрэг бодит шалтгаанууд байгаа учир хариуцлага тооцох асуудлыг тавьсан. Харин эрх баригчид үүнийг улстөрийн акц, МАН-ын засагт орох гэсэн сонирхол  гэж үзэж байгаад харамсч байна" гэсэн байр суурийг илэрхийлсэн. Харин АН-ын гишүүдээс МАН-аас тавьсан огцруулах таван үндэслэл нь хангалттай үндэслэл болж чадахгүй. Хариуцлага нэхсэн гэхээс илүү улстөржсөн, Засгийн газрын үйл ажиллагааг  тасалдуулах далд зорилго агуулагдаж байна" гэлээ.

Н.Батбаяр сайдыг огцруулах асуудлыг хэлэлцэх үеэр гишүүд асуулт асууж, санал хэлсэн юм. Энэ үеэр Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярын гишүүдийн асуултад хэрхэн хариулсныг тоймлон хүргэе.

-УИХ-ын гишүүн Г.Уянга:

-Миний хувьд одоо ч  хоёр сайдыг  үлдээх үү үгүй юу гэдэг шийдвэрээ гаргаагүй байна.  Н.Батбаяр сайдыг огцруулаад юу өөрчлөгдөнө гэж харж байна вэ,  тэдний оронд хэнийг томилвол  ард түмний амьдрал гайхамшигтай сайхан болох вэ гэдэг асуудал байна. Сайд нарыг огцруулах нь МАН 2016 онд ялалт байгуулахад хэрэгтэй юу. С.Бямбацогт даргыг арай шинэлэг зүйл хийх болов уу гэтэл М.Энхболдын үеийн улстөр давтагдаж байна.

-МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт:

-Өнгөрсөн нэг жилийн хугацаанд Засгийн газрын бодлогогүй үйл ажиллагаанаас  эдийн засаг өмнө хүрсэн үзүүлэлтээсээ буурлаа. Энэ бүхэн эрх баригчид нэг нэгэндээ найр тавьж,  олонх хүч түрэн асуудлыг  шийдэж байгаатай  холбоотой. Өнөөдөр ч  гэсэн хоёр сайдаа ямар ч хамаагүй аргаар авч  үлдэхээр оролдож байгаа нь харамсалтай.

УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа:

-Хариуцлагагүй ажилласан сайдыг огцруулах асуудал бол улстөрийн акц, гудамжны улс төр биш. “Чингис бонд”-ын мөнгийг нэг доллар өгч хоёр доллар болж өсөх төсөлд зарцуул гэсэн. Гэтэл өнөөдөр зам, уулзвар л ярьж байгаа. Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяраас Монгол Улсын гадаад өр Оюутголгойг оролцуулахгүйгээр ДНБ-ний хэдэн хувьд хүрээд байгааг асуумаар байна.

Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр:

-МАН-ын бүлгийн гишүүдийн хэлж байгаагаар бол “Чингис бонд” босгосон нь, иргэдэд  жилийн найман хувийн хүүтэй орон сууцны зээл олгосон нь,  гудамж төсөл хэрэгжүүлсэн нь, 1800 км авто зам барьсан нь, ноос  ноолуур, оёдол, арьс ширний  үйлдвэрлэлийг дэмжсэн нь,  Монгол Улс  түүхэндээ анх удаа өөрийн онгоцтой болсон нь буруу юм байна. Үүнтэй би санал нийлэхгүй байна.  Та бүхний Засгийн газарт даалгасан, Засгийн газраас үүрэг болгосны дагуу ажилласан. Одоо ингэж намаараа талцах хэрэггүй. Чингис бондын хөрөнгөөр хийж байгаа ажлын талаарх бүх танилцуулгыг хийе, асуултад нь хариулъя гэсэн, сонсоогүй. Харин намайг огцруулах асуудал тавьснаараа хийсэн ажлаа ярих бага ч болов боломж олдлоо. Хөрөнгө оруулалт  тийм ч муу байгаагүй, нэмэгдсэн. Харин гадаадын хөрөнгө оруулалт буурсан. Үүнд олон хүчин зүйл нөлөөлж байгаа. Бонд гаргасан нь үүнтэй холбоотой. Гадаад өрийн тухайд Сангийн яам хариуцдаг учраас  тэр хүмүүс тоо хэлнэ. Миний хувьд Монгол Улсын өр хуулиар тогтоосон  50 хувь дотор байгааг  албан ёсоор хэлж байна.

УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар:

– Хариуцлага тооцох асуудал байх ёстой. Үүнийг улстөржлөө гэж байгаад харамсч байна.  МАН-ын хувьд Засгийн газарт орох сонирхол байхгүй, Засгийн газарт орох гэж энэ асуудлыг тавиагүй.

УИХ-ын гишүүн О.Содбилэг:

-Чингис бондын хөрөнгөөр хийх ажлын төслүүд бэлэн биш  байснаас тэр мөнгө банкинд  зүгээр л хүү төлөөд хэвтэж байна. Сурагчийн дүрэмт хувцасны үнийг өсгөх гэж, ийм зүйлд зарцуулах гэж бонд босгосон хэрэг үү. Ер нь энэ мөнгийг  босгосноор хэдэн ажлын байр шинээр бий болоод байна вэ?

Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр:

-Бондын мөнгө банкинд үр ашиггүй хэвтэж байна гэдэгтэй санал нийлэхгүй. Энэ мөнгийг арилжааны банкуудад богино хугацаатай зээл хэлбэрээр олгож, эдийн засгийн эргэлтэд оруулж байна. Бонд бол гадаадын хөрөнгө оруулалтаас ялгаатай. Бэлэн мөнгөтэй болсноор валютын нөөцийг нэмэгдүүлсэн, иргэд 8 хувийн хүүтэй зээлээр орон сууцтай болох боломж бүрдсэн. Өнөөдрийн байдлаар шууд утгаар 11 мянга, шууд бусаар 30 мянган ажлын байр  нэмэгдсэн.

УИХ-ын гишүүн Ц.Нямдорж:

-Шөнө телевиз үзээгүй гээд би огцрох шахаж байсан шүү дээ. Гадаадын хөрөнгө оруулалт 50 хувиар тасарсныг сайн үзэгдэл гэж  үзэж байгаа хэрэг үү. Энэ Засгийн газар зээл авсаар байгаад бүрэн эрхийн хугацаагаа дуусгах  зорилготой юмуу.

Уул уурхайн сайд Д.Ганхуяг:

-Хариуцлага алдсан бол хариуцлагаа хүлээлгэх нь зөв. Хоёр сайдын хувьд огцруулах гэж байгаа шалтгаан нь хангалтгүй байна. Огцруулах үндэслэлийн  дотор үнэ тогтворжуулах хөтөлбөрийг хууль зөрчсөн гэж байгаа. Бензин, мах, гурил зайлшгүй чухал бараа бүтээгдэхүүнд  хамаардаг. Эдгээрийн үнийг харьцангуй тогтвортой байлгахаар хөнгөлөлттэй зээл  олгосон  л асуудал  шүү дээ.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү:

– Хөгшчүүдийн буянаар  зурагттай болсон Ц.Нямдорж гишүүнд  эхлээд баяр хүргэе. Бонд босгоно, төмөр зам  барина гэж гар өргөж баталчихаад өнөөдөр МАН-ынхан юу яриад байгаа юм.  Угшил нэгтэй учраас танай намд юу  болоод байгааг мэднэ. МАН Засгийн газарт орохыг санаархаж  байна. Үүний оронд ийм ийм хууль зөрчсөн гэдэг асуудлаар хариуцлага нэхээч гэж хэлмээр байна.

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан:

-Огцруулах, хариуцлага тооцох асуудлыг улс төрийн шоу, намын акц мэтээр хүлээж авч байгаа нь харамсалтай. Огцруулах үндэслэл нь ард түмний захиалга. Өнөөдөр Монгол Улс эдийн засгийн бүх  үзүүлэлтээр унасан. Энэ  бодит тоо, бодит хямрал үндэслэл биш юмуу. Гадаад эдийн засаг нөлөөлсөн гэх юм. Гадаад орчин өнөөдөр тэгтлээ муудаагүй. Гагцхүү манай бүтээгдэхүүнүүд өрсөлдөх чадваргүй болсон. Энэ бол Засгийн газрын, салбар хариуцсан сайдын бодлогын алдаа.

УИХ-ын гишүүн Я.Содбаатар:

-Н.Батбаяр сайд бол АН-ын өмнөө барьдаг боловсон хүчин, чадварлаг эдийн засагч. Ийм хүн нь  Эдийн засгийн хөгжлийн сайдын албаа хашаад бүх чадлаараа зүтгээд үр дүн нь муу байна. Эрх баригч нам ингэтлээ боловсон хүчний хомсдолд орсон юмуу. Огцрууллаа гээд оронд нь МАН-аас Эдийн  засгийн хөгжлийн сайдад дэвшихгүй  шүү дээ.

Ийнхүү гишүүдийн  хооронд ширүүхэн маргаан өрнөж, санаал хэлснээр Н.Батбаяр сайдыг огцруулах нь зүйтэй гэдэг томъёоллоор санал хураахад Байнгын хорооны гишүүдийн олонх нь дэмжээгүй юм. Асуудлыг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлнэ.

С.ОТГОН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж