Эрчим хүчний нэгдсэн системийн эх үүсвэрийн дутагдлаас болж өвлийн ид ачааллын үед тус станцын турбингенератор, дулааны сүлжээний халаагч зэрэг тоноглол бүрэн ачааллаар бэлтгэл нөөцгүйгээр ажиллаж, эрчим хүчний тасралтгүй, найдвартай ажиллагааг хангах нөхцлийг бүрдүүлэхгүй байгаа ажээ. Дунд даралтын станцын хурц уур, тэжээлийн усны шугам, коллектор, өндөр даралтын уурын шугамын хугацаа дуусч буй. Тэжээлийн усны насос станцын 6 кВ-ын ЦДАШ шинээр баригдах авто замын өргөтгөлийн трасст орж, эрчим хүчний хамгаалалтын зурвас зөрчигдөж байна. Зуухнуудын үндсэн даацын хийц буюу каркасын металлд үзлэг шалгалт хийдэггүй, зуух шугам хоолойд шилжилтийг хянах реперүүд бүрэн суурилагдаагүй, хаалттай хуваарилах байгууламжийн кабель, сувгийн таг, битүүмжлэл ашиглалт, аюулгүй ажиллагааны шаардлага хангахгүй байгаа зөрчил гарчээ.
50 мВт-ын өргөтгөлийн ажлын хүрээнд хийгдэж байгаа 50 мВт-ын турбин, конденсатор, хөргөлтийн градирн, насос станц, сүлжээний халаагч, уур усны шугам хоолойг Улсын экспертизээр хянуулж, батлуулаагүй зураг төслөөр барилга угсралтын ажил эхлэх зөвшөөрөлгүйгээр гүйцэтгэж буйг шалгалтаар илрүүлсэн байна. Мөн зарим тоног хэрэгслийг гар аргаар хийсэн байжээ.
Улаанбаатар хотын төвлөрсөн дулааны хангамжийн эх үүсвэрүүдийн хүчин чадал хүрэлцэхгүй болсон байхад энэ онд Эрчим хүчний яам, “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-иас нийт 252 барилга, обьектод 184.7 Гкал/цаг дулааны эрчим хүчийг хангахаар зөвшөөрөл өгсөнийг шалгалтаар тогтоожээ. Одоогоор нийлслэлийн дулааны эрчим хүчний дутагдалд орж буй бөгөөд тус ТӨХК-ийн шугам, сүлжээний засвар, шинэчлэл хийхдээ зураг төсөл хийдэггүй, металл болон гагнуурын чанарт мэргэжлийн байгууллагаар дүгнэлт гаргуулдаггүй ажээ. Нийслэлд хөрсний устай хэсгүүд болон барилгажилттай холбоотойгоор зарим хэсэгт хөрсний төвшин болон чиглэл өөрчлөгдөж, дулааны шугамын сувагт нэвтрэн эвдрэл гэмтэл үүсгэж байна. Мөн инженерийн шугам, сүлжээний хамгаалалтын зурваст газар олгож, аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд зөвшөөрөлгүй барилга байгууламж, хашаа барьж, үйл ажиллагаа эрхэлдэг зэргээс дулааны шугам сүлжээнд засвар үйлчилгээ, өргөтгөл хийх боломжгүй болдог байна.
Хуваарилах байгууламжийн доогуур дулааны шугам, хоолой барьж ашиглаж байгаа, насос станц, ус дулаан дамжуулах төв зэрэг онцгой обьектуудад ослын нөөц цахилгаан үүсгүүргүй байгааг тогтоожээ.
Нийслэлийн зургаан дүүрэгт энэ жилийн эхний хагасын байдлаар 6 кВ-35 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станцын хамгаалалтын зурвасын зөрчил 3400 тохиолдлоор илэрч, энэ хэмжээгээр эрсдэл дагуулж буй ажээ. “Олимп” дэд өртөөний 35 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамыг “Камдер” ХХК-ийн “Энканто таун” орон сууцны цогцолбор хорооллын баруун талын байрны хажуугаар өнгөрөх Төрийн тусгай хамгаалалтын газар, Их тэнгэр цогцолборын бохир усны шугам дээр барьсаныг илрүүлэв. Мөн Хан-Уул дүүргийн 15 дугаар хороонд байрлалтай 6/0,4 кВ-ын “Гермес” хороолол ХТП-2148 дугаартай хуваарилах байгууламжийн дотор гэрэлтүүлэггүй, цахилгаан тоноглол, утас кабелиуд ил задгай, стандартын бус зэс утсаар гал хамгаалагчийг цэнэглэсэн, ашиглалтын үеийн аюулгүй ажиллагааны шаардлагыг хангахгүй, осол, саатал гарах нөхцлийг бүрдүүлж байна.
Ийнхүү зөвхөн эрчим хүчний хяналтын чиглэлээр гарсан дүгнэлтийг танилцуулахад ийм байна. Гэтэл тоног төхөөрөмжийн саатал, барилга байгууламж, тасалгааны ашиглалт, байгаль орчинд нөлөөлөх нөлөөлөл гэх зэргээрх шалгалтыг нарийн тоочвол хэлээд барамгүй их зөрчил гарчээ. Дээрх зөрчлүүдээс харахад станцууд маань одоо арай ядан ажиллаж, дулаан, цахилгааныг дамжуулж байгааг зах зухаас нь ойлгох бөгөөд удаан жилийн “насжилттай”, элэгдэж муудсан төхөөрөмж эрчим хүчний салбарт тэр хэрээр хохиролтой. Гэвч өнө удаан жилийн хугацаанд их засвар оруулж, тоноглолуудыг бүрнээр шинэчлэлгүй, жилийн жилд урсгал засвар, өргөтгөлөөр аргацааж байгаа нь эцсийн бүлэгтээ их хэмжээний хөрөнгө мөнгө шаардаж буйтай холбоотой. Асар их хөрөнгө мөнгөөр бүх станцуудаа шинэчлэх боломжгүй ч дээрх зөрчлүүдээс харахад салбар яамд, агентлагууд аливаа шинэчлэл, өргөтгөлийн ажлаа зураг төслийн дагуу хийж гүйцэтгэж байх нь наад захын эвдрэл гэмтлийг нэмж гаргахгүй байхад тустай бололтой. Ямартай ч энэ шалгалтад цахилгаан, дулааны станцууд “навс” унаж, нийтээрээ өвлийг хэрхэн давах вэ гэдэг асуулт улам л хүндрэх нь. Гагцхүү тавдугаар цахилгаан станц баригдах том хүлээлтээс өөр найдвар одоохондоо алга.