“Луун шивээст охин”-ыг үргэлжлүүлнэ

Хуучирсан мэдээ: 2013.12.18-нд нийтлэгдсэн

“Луун шивээст охин”-ыг үргэлжлүүлнэ

Шведийн зохиолч Стейг Ларссоны “Милленниум” цувралыг үргэлжлүүлэхээр болсон тухай Шведийн хэвлэлийн компаниас албан ёсоор мэдэгджээ. “Луун шивээст охин”, “Галаар наадагч охин”, “Зөгийн үүрийг түйвээсэн охин” гээд гурван цуврал зохиол нь 2005-2007 онд хэвлэгдэж, дэлхий даяар 75 сая гаруй хувь борлогдсоноос гадна Шведэд төдийгүй Холливудэд тэр зохиолоор бүрэн хэмжээний кино бүтээгээд буй. Уг нь Стейг Ларссон 10 цуврал бичихээр төлөвлөж байсан ч 2004 онд дөрөв дэх цувралыг хараахан дуусгаж амжаагүй байхдаа зуурдаар нас барсан юм. Цувралын дөрөв, тав дахь номын бүрэн бус ноорог нь байгаа ч гэгддэг.

Шведийн хэвлэлийн компанийн мэдээллээр Стейг Ларссоны алдартай зохиолыг үргэлжлүүлэх хүн нь Дэвид Лагеркрантц гэгч ажээ. Тэрбээр Шведийн хөлбөмбөгч Златан Ибрагимовичийн намтарчилсан номын хамтран зохиолчоор ажилласан гэнэ. Түүний хувьд дараагийн зохиолыг хэдийнэ бичиж эхлүүлсэн бөгөөд өмнөх цувралуудын адил гэмт хэрэг, аллага, авлига, хээл хахууль, зохиолын гол баатруудын гэр бүлийн нууцыг сонирхолтойгоор хүүрнэх аж. Мэдээж зохиолч өөрийнхөө өвөрмөц өнцгийг шигтгэнэ. Ингэхдээ Стейг Ларссоны бичиж үлдээсэн ноорог зохиолыг ашиглахгүй, цоо шинээр өөрийнхөөрөө бичиж байгаа аж.

Шинэ зохиолын нэр одоогоор тодорхойгүй байгаа ч 2015 оны наймдугаар сард швед хэл дээр хэвлэгдэн гарах гэнэ.

С.ЦЭЛМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж